Хятадын 36 настай шатарчин Ли Хао Юүг Дэлхийн Шатрын Холбооноос тэмцээнд оролцох эрхийг нь хориглосон байна. Энэ шатарчин сүүлийн зургаан сарын хугацаанд 13 дараалж хожигдсон бөгөөд чансааны оноо нь 400-гаар буурчээ. Үүнийг санаатайгаар чансаагаа унагасан, спортын бус үйлдэл хэмээн үзэж, шийтгэл ногдуулжээ.
Дүрэмд шатрын спортын нэр төрийг унагах, шударга өрсөлдөөний зарчмыг зөрчсөн тохиолдолд зохих шийтгэл ногдуулах заалттай учир шийтгэсэн байна.
Ли Хао Юү нь 2023 оны наймдугаар сард чансааны оноо нь 2372 байсан бол сүүлийн зургаан сард Хятадад болсон хоёр тэмцээнд дараалан оролцохдоо бүх өрөгтөө хожигдож, 400 оноогоор буулгаж, 1979 оноотой болсон ажээ. Үүнийг өөрөөсөө ур чадвар муутай хэрнээ өндөр бай шагналтай тэмцээнд оролцох гэсэндээ санаатайгаар оноогоо буулгасан гэж үзсэн байна.
Ли Хао Юү нь 1999 онд буюу 10 настайдаа л чансааны оноогоо 2393-д хүргэж, тухайн үедээ маш их ирээдүйтэй гэгдэж байжээ. Хятадын 10 хүртэлх насныхны УАШТ-д хоёр жил дараалан түрүүлж, 12 хүртэлх насны ангилалд 11 өрөг наадахдаа 11 хожиж, гайхуулж байсан юм байна. 1999 онд 10 хүртэлх насныхны ДАШТ-д мөнгөн медаль хүртэхдээ хожмын их мастер Максим Вашье-Лаграв, Сергей Жигалко, Ван Хао нарыг хожиж байжээ. Түүнд хожигдож байсан дээрх гурван шатарчин одоо 2650-аас дээш чансааны оноотой их мастерууд болцгоосон. Харин Ли Хао Юү шатраас хөндийрч, нэг хэсэг тоглохоо болиод эргээд өргийн ард сууж эхэлсэн юм байна. Гэхдээ чансааны оноо нь хадгалагдсаар байжээ.
2022 онд Ла Хао Юү шатарт буцан ирж, их мастер Ли Ди-г хожиж, дахиад шуугиан тарьсан. Харин үүнийхээ дараагаар хожигдохыг “чиглэл” болгосон бололтой. 2023 онд өөрөөсөө 300-400 оноогоор дутуу шатарчдын оролцсон тэмцээнд 9 өргөөс 3.5 оноотой гарсан бол дараа жил мөн тэмцээн дахиад 9 өрөг наадахдаа 2.5 оноо авчээ. Үүгээр зогсолгүй Хятадын шатрын лигийн В дивизионд 5 өрөг тоглохдоо бүгдэд нь хожигдоод, дараа нь болсон Bin Hai Cup-т 8 өрөг тоглохдоо мөн бүгдэд нь хожигдсон байна. Ингэснээр 13 дараалан хожигдож, чансааны оноо нь 2000-аас дотогш орж иржээ.
Үүнийг Дэлхийн Шатрын Холбоо анзаарч, хяналт шалгалт хийсэн байна. Хожигдсон өргүүдийг нь судлахад маш бага хугацаа зарцуулсан байх бөгөөд түргэн түргэн хожигдлоо хүлээжээ. 40 нас хүрээгүй тамирчин ийм хурдан муудна гэж байхгүй гэж үзсэн тул санаатайгаар бууж өгч, чансааны оноогоо буулгах гэсэн хэмээн үзсэн байна.
Харин шатарчин өөрөө бол дараалан хожигдохдоо яагаад бараг бодохгүй шахам богино цаг зарцуулснаа тайлбарлахдаа “Би өрсөлдөгчдөө цагаар “дарамтлах” гэсэн юм. Гэвч бүтээгүй” гэж мэдүүлсэн гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )
Доод зиндаанд түрүүлэх зорилготой байжээ мөнгө хэрэг болждээ