Их Британийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Хойд Лондоноос 10 настай энэтхэг гаралтай охин Бодхана Шиванандан шалгаран оролцож, 60 настай их мастер Питер Уэллшийг хожсон юм.
Их мастерийг хожсон тэр өдөр Бодхана охин 10 нас, 5 сар, 3 хоногтой байсныг Их Британийн Шатрын Холбоо онцлон тэмдэглээд, энэ нь Дэлхийн дээд амжилт гэдгийг зарлажээ. Түүнээс өмнө АНУ-ын Карисса Ип 10 нас, 11 сар, 20 хоногтойдоо их мастерийг хожиж, дээд амжилтын эзэн болж байжээ.

Мөн Бодхана охин эмэгтэйчүүдээс хамгийн багадаа олон улсын мастерын болзол хангасан шатарчин болж, дээд амжилт тогтоосон.
Охины аав Шива яагаад охиноо шатрын ийм их авъяастайг ойлгохгүй байгаагаа нуулгүй хэлсэн байна. Охин нь цойлж гарч ирээд, том том амжилтууд тогтоогоод эхэлмэгц, хамаатан садан, удам судраасаа шатартай холбоотой хүнийг эрж, хайж судалсан ч өчүүхэн ч сэжүүр олоогүй гэнэ.
“Манай хамаатнууд, үеэлүүдээс хэн нэг нь шатар сонирхож, тэмцээнд оролцож байсан эсэхийг би эрэл сурал болж хайж үзлээ. Гэвч тийм хүн алга. Мэдээж, охиноо амжилт гаргаж буйд бид баяртай байгаа. Тэмцээнд сайн оролцсондоо охин маань ч баяртай байгаа болов уу” гэж Шива өгүүлжээ.

Бодхан цар тахлын үеэр шатар тоглож сурсан юм байна.
“Шатар надад их тус болдог. Ялангуяа математикийн бодлого бодоход их нэмэр болж байгаа нь мэдрэгддэг. 2020 онд аавын нэг найз нь Энэтхэг рүү буцах болсон юм. Буцахдаа өөртөө байсан тоглоомуудаасаа бидэнд бэлэглэсэн. Тэр дундаас шатрын хөлөг дотроос янз бүрийн хэлбэртэй тоглоомууд гарч ирсэн нь их сонирхолтой байлаа. Яаж тоглохоо сайн мэдэхгүй байхад аав мэднэ гээд зааж өгсөн. Үүнээс л бүх юм эхэлсэн” гэж Бодхана охин ярьжээ.

Бяцхан олон улсын мастер маань тэмцээний сандал дээр суухаар намдаад байдаг учир жижгэвтэр зөөлөн дэртэй явдаг гэнэ. Дэрээ сандал дээр тавиад суудаг ажээ. Байрлалын мэдрэмж, тоглолт их сайтайн зэрэгцээ эндшпильд их онцгой сайн тоглодгийг нь мэргэжилтнүүд аль хэдийн анзаарчээ. Энэ чанараараа домогт Хосе Рауль Капабланкыг ч санагдуулдаг гэнэ.

Охин ч өөрөө Хосе Рауль Капабланкыг биширдэг, түүний хуучны өргүүдийг эргэн харж, судлах дуртай ажээ. “Эндшпиль яаж хийж байсныг нь хараад би Капабланкад их дуртай болсон. Мөн Юдит Полгар, Магнус Карлсений өргүүд гоё санагддаг. Тархиа яаж эрчлүүлэн ажиллуулж, стратеги, тооцооллыг хэрхэн хийж буй нь гоё санагддаг.

Хэдэн жилийн өмнө би хийл, төгөлдөр хуурын дугуйланд суусан. Гэхдээ тэнд үнэлгээ гэж байхгүй. Харин шатарт бол үргэлж үнэлгээгээ дээшлүүлж, төгөлдөржүүлж буйгаа харах боломжтой нь сонирхолтой байдаг” гэж Бодхана охин ярьжээ.
“Миний охин таван настайдаа шатар тоглож сурсан. Бид шатарчин болгоё гэх мэт зүйл огт бодоогүй. Эхнэр бид хоёр инженер мэргэжилтэй хүмүүс. Шатар сайн ч мэдэхгүй. Нүүдэл л мэдэх төдий. Харин охин маань шатар сурмагцаа л салахаа больчихсон” гэж аав нь өгүүлсэн байна.

Бодхан охиныг 3-4 жилийн дараа Их мастер болно гэсэн таамаглал байгаа ч магадгүй энэ эрчээрээ хөгжиж, сайжрах юм бол хоёр жилийн дараа болчихож мэднэ гэж мэргэжилтнүүд үнэлж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 9 )
Иймэрхүү сод авъяас бол яах аргагүй сүнсэнд нь ирсэн урд урд насных нь туршлага мэдлэг. Заавал сод гэлгүй ер нь хүн болгонд урд наснуудаас ирсэн мэдлэг туршлага авъяас байдаг шүү. Хэн ч заагаагүй, урд нь огт хараагүй юмаа дээд түвшинд чаддаг бол өөр гаргалгаа байхгүй.
Мундаг шатарчины сүнс байж таарах нь....бид ч гэсэн хүүхдүүдээ багаас нь авьяасыг нь олж,нээж чадвал ,тэд маань ямар ч асуудалгүй л мундаг эмч,мундаг багш,мундаг инженер,мундаг химич,мундаг жүжигчин,мундаг биологич....ер нь бүхий л салбарт цойлно....мэргэжлийг нь зөв олж чадвал....
Мундаг шатарчины сүнс байж таарах нь....бид ч гэсэн хүүхдүүдээ багаас нь авьяасыг нь олж,нээж чадвал ,тэд маань ямар ч асуудалгүй л мундаг эмч,мундаг багш,мундаг инженер,мундаг химич,мундаг жүжигчин,мундаг биологич....ер нь бүхий л салбарт цойлно....мэргэжлийг нь зөв олж чадвал....
Хиймэл мэнгэ биш үү
Духныхаа голд мэнгэтэй Монгол хүн ухааны ундраг байдаг гэсэн эртний үг байдаг! Гэхдээ ховор гэсэн шүү!
Явах зам нь өлзийтэй байг ээ
Явах зам нь өлзийтэй байг ээ
Амжилт хүсээгүйч зогсохгүй их авъяас гялалзаж явах ховорхон од тохиожээ сайхан юмаа
Сайн сайхныг хүсье.