Погба: Энэ бол солиорол, гэхдээ Рэшфордын өмнөөс баяртай байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 22

Франц хагас хамгаалагч Поль Погба допингийн шийтгэлийн хугацаа дуусгавар болсноор ирэх улирлаас “Монако”-д тоглохоор болсон.

Түүнтэй IShow Speed ярилцахдаа Маркус Рэшфордын “Манчестер Юнайтед”-аас явж, Испанийн “Барселона”-д зээллэгээр очиж буй талаарх бодлыг нь асуусан байна.

Португал дасгалжуулагч Рубен Аморим Манчестерт ирснээр Маркус Рэшфордын хувьд багийн чухал тоглогч байхаа больсон. Хувийн амьдралын хэв маяг, мэргэжлийн хандлагаа өөрчлөхийг Рэшфордоос шаардсан ч өөрчлөгдөөгүй тул хүссэнээр нь “Барселона” руу зээллэгээр явуулж байгаа юм.

Дараа зун гэхэд 26 сая паундаар худалдан авах нөхцөлтэйгээр “Барселона” гэрээ байгуулсан юм билээ. За ингээд Погбагийн юу ярьсныг сонирхуулъя.

“Энэ бол солиорол. Гэхдээ би Рэшфордын өмнөөс баяртай байна. Яагаад гэвэл дугаарыг нь аваад өөр тоглогчид өгчихсөн шүү дээ. “Манчестер Юнайтед” шилдэг хөлбөмбөгчөө алдлаа. Азгүй л байна даа.

“Барселона” одоо Рэшфордтой шударга, шулуухан ярилцах хэрэгтэй. “Манчестер Юнайтед” хэд хэдэн шинэ тоглогч авсан болохоор би тэдний тухай нэг их яримааргүй байна. Шинэ дасгалжуулагч өөрийнхөөрөө ажиллахыг хүсдэг жамтай. Тэгээд ч “Юнайтед”-ын байгаа байдалд Рубен Аморим ямар ч буруугүй. Хэн нэгэнд итгэхгүй байвал явуулах эрх нь бий. Рубен Аморимд одоо хожил л хэрэгтэй. Хэрвээ хожихгүй бол халагдана” хэмээн Погба өгүүлсэн байна.
 


Маркус Рэшфордтой “Манчестер Юнайтед” маш өндөр цалинтай гэрээ байгуулсан. Тэр цагаас хойш хөлбөмбөгчийн хандлага, тоглолт их өөрчдөгдөж, муудсан. Тиймээс сүүлийн жил хагасын хугацаанд зээллэгээр явж таарсан.

Рэшфорд явсан бол Бриан Мбэүмо “Улаан чөтгөрүүд”-д ирлээ. Түүнийг “Брэнтфорд”-оос 71 сая паундаар худалдан авч, таван жилийн гэрээ байгуулсан байна. Камерун жигүүрийн хагас хамгаалагч өнгөрсөн улиралд Премьер лигт 20 гоол оруулсан юм.
 


“Энд ирэх боломжийн тухай анх сонссоноосоо хойш л би алдахгүйг хичээсэн. Мөрөөдлийн клубтээ очихыг хүссэн юм. Би энэ багийн өмсгөлийг бүр багаасаа л өмсөж өссөн. Би өөрийгөө дайчин, сэтгэлзүй өндөртэй тамирчин гэж боддог.  Шинэ түвшинд гарч чадна гэж итгэдэг. Рубен Аморимын удирдлага дор Дэлхийн зэрэглэлийн хөлбөмбөгчидтэй тоглож, тэднээс суралцах болно.  Энд хамгийн том цом өргөхөөр ирсэн” хэмээн Мбэүмо мэдэгдсэн байна.
 


“Манчестер Юнайтед” Мбэүмогоос гадна энэ зун довтолгоондоо бразил тоглогч Матеуш Куньяг “Вулвэрхэмптон”-оос авсан. Хэвлэлүүдийн мэдээгээр бол “Улаан чөтгөрүүд” зуны наймааны цонхоор амжаад дахиад хоёр тоглогч авахаар ажиллах юм байна. Энэ хоёр тоглогчийн нэг нь довтлогч байх бололтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu