Нагоя башёгийн өмнө дэвжээндээ шигдэлгүй олон бөхтэй дэвжээнүүдээр зочлон бэлтгэлээ базаахаа зарласан ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өнөөдөр Сакаигава дэвжээнд очсон байна.
Энэ дэвжээнд мөн шинэ ёкозүна Ооносато очиж бэлтгэл хийж буйтай таарчээ.
Сүүлийн хоёр өдөр хөлийн эрхий хурууны гэмтлийн улмаас түр амсхийсэн Хоошёорюү эхлээд Такаясү, Хирадоуми нартай долоон удаа барилдаж, бүгдэд нь ялсан байна.
Тэгвэл Ооносато Киришима, Хирадоуми хоёртой нийт таван удаа барилдахдаа 3 давж, 2 ялагджээ. Хоошёорюүгийн өнөөдрийн нийт барилдааны дүн нь 11 барилдаж, 10 давж, 1 ялагдсан бол харин Ооносато 14 барилдахдаа 7 давж, 7 унасан тааруухан дүнтэй буцлаа.
Хоёр ёкозүна бэлтгэл дээр хоорондоо дөрвөн удаа барилдахад Хоошёорюү 3 давж, 1 ялагджээ.
Ооносато баруун гараараа сугадах юмуу барьц авч дайрдаг хүчтэй талтай. Тэгвэл Хоошёорюү түүнд тэрхүү давуу талаа гаргах боломжийг өгөөгүй гэнэ.
Хөлийнхөө эрхий хурууг боосон Хоошёорюүгаас хоёр хоногийн өмнөх гэмтлийг нь асуухад “Бага зэрэг зовиур байх нь байна. Гэхдээ дээрдсэн шүү” гэж хэлээд, “Өнөөдөр би бэлтгэл сайн хийлээ. Ойрд их халуун байгаа учир башёгийн өмнө биеэ тордох хэрэгтэй гэж бодож байна” гэжээ.
Харин Ооносато “Сайн бэлтгэл боллоо. Башёгийн сүүлчийн өдөр бид хоёрын төгсгөлд хүнд барилдаан болно. Маргаашаас бүх хүчээ шавхан үргэлжлүүлэн бэлтгэлээ хийнэ” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )