Гүкэшт дахин хожигдсон Карлсен шатар тоглохоос дургүй нь хүрэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 04

 

Дэлхийн чансааг тэргүүлэгч Норвегийн их мастер Магнус Карлсен Дэлхийн аварга, Энэтхэгийн их мастер Гүкэш Доммаражүд сар гаруйхны дараа дахин хожигдлоо.

Энэ удаад SuperUnited Rapid&Blitz тэмцээний зургаадугаар тойрогт 19 настай Гүкэштэй цагаанаар наадсан юм. Гэхдээ энэ удаад сарын өмнөх шигээ ширээн цохин босож, ум хумгүй гараад явчихалгүй гараа сунган ялагдлаа хүлээгээд харьцангуй тайван ханджээ.

“Яг үнэндээ одоо шатар тоглохоос дургүй хүрч байна. Яагаад гэвэл сайн мэдрэхгүй байна. Байнга л эргэлзэж, тээнэгэлзээд байхаар муу тоглох юм” хэмээн Магнус Карлсен өгүүлжээ. Карлсен таван өргийн дараагаар нэг л хожсон бол 19 настай Гүкэш тав дараалсан хожилтой тэргүүлж явна.

“Миний байрлал давуу байсан ч тэр нүүдлээрээ байрлалыг задалж, боломжоо ашиглаж чадлаа. Энэ нүүдлийн дараагаар өргийн байдал сарын гаруйн өмнөхтэй ерөнхийдөө төстэй болчихсон. Надад цаг бага үлдэж, учраа олж сайн нүүж чадаагүй бол тэр үнэхээр сайн нүүдлүүд дараалан хийлээ” гэж Карлсен өгүүлжээ.

Ийнхүү Карлсен хоёр дараалж Гүкэшт хожигдсоныг Гарри Каспаров тохиолдол биш гэж үзэж буйгаа хэлээд түүний ноёрхол дуусах тухай ч ярьжээ.

“Магнусын ноёрхолд бид одоо эргэлзэж болохоор болж байна. Энэ бол зүгээр тохиолдлын хоёр дахь хожигдол биш. Энэ бол яалт ч үгүй хожигдол байлаа” гэж Каспаров өгүүлжээ.

Харин Гүкэш “Би хоёр удаа хожигдмоор байрлалаас Магнусыг хожиж чадлаа. Мэдээж, Магнусыг хожно гэдэг онцгой зүйл” гэсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu