Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн башёгийн өмнөх бэлтгэлээ өчигдөр эхэллээ. Эхлэхдээ ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн толгойлж буй Исэгахама дэвжээнд шууд очсон байна.
30 гаруй сүмочтой, 7 сэкиторитой, Макүүчид 5 бөхтэй Исэгахама дэвжээ бол яг одоо цагтаа хамгийн олон хүчтэй сүмочтой дэвжээнд орно. Энд Хакүхогийн Миягино дэвжээний бөхчүүд нэмэгдсэнээр улам олуулаа, улам хүчтэй болсон.
Хоошёорюүгийн хувьд дэвжээндээ бэлтгэл хийлгүйгээр аль болох олон хүчтэй бөхтэй дэвжээг сонгон очиж, бэлтгэлээ хийнэ гэдгээ мэдэгдээд байсны дагуу ийнхүү очжээ.
Хакүохо, Атамифүжи хоёртой ээлжлэн 15 удаа барилдахдаа 12 давж, 3 ялагдсан байна. Дэвжээнд нь ирж бэлтгэл хийж буйг Тэрүнофүжи ч сайшааж “Та хүссэн цагтаа манай дэвжээнд ирж бэлтгэл хийж болно шүү” гэжээ.
Хоошёорюүгийн эвгүй өрсөлдөгчдийн нэг нь Атамифүжи. Хоёр бөх 8 удаа тааран барилдахад 5-д нь Атамифүжи давсан байдаг. Тиймээс ч энэ удаад Хоошёорюү зориудаар түүнийг сонгож, олон удаа барилджээ.
Тэрүнофүжи бол Хоошёорюүг дэвжээнээсээ өөр газар бэлтгэл хийхийг зөвлөсөн хүмүүсийн нэг юм. Ялангуяа гуравдугаар сарын башёд тааруухан барилдахад нь “Нэг л газраа бэлтгэл хийгээд байх шиг санагдах юм. Манай дэвжээнд ирж бай л даа” гэж хэлсэн юм билээ.
Исэгахама дэвжээнд очиж бэлтгэл хийдэг бөх байхгүй шахам тул Хакүохо эхэндээ Хоошёорюүг ирснийг хараад гайхсанаа нууж чадаагүй гэнэ. 2024 оны 4 дүгээр сард Миягино дэвжээг татан буулгаж, Исэгахамад нэгтгэснээс хойш лав дэвжээнд нь өөр дэвжээний нэг ч бөх ирж байгаагүй тухай Хакүохо өгүүлжээ.
“Ёкозүна намайг сонгож хамт бэлтгэл хийсэнд их баярласан. Ёкозүнатай сайн барилдах ёстой гэж бодсон. Гэвч удалгүй Атамифүжитэй барилдаад эхлэхэд нь сэтгэл жаахан гонсойсон” гэж Хакүохо өгүүлсэн байна.
Атамифүжи ч гэсэн ёкозүнатай хамт бэлтгэл хийх боломж олдсонд баярласнаа хэлжээ. “Манай дэвжээнд ирсэнд нь би их баярласан. Башё эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Өмнөх башёгоос олон /8/ давмаар байна” гэж Атамифүжи өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )