Мөрөөдлийн хуримаас хойш 11 хоногийн дараах хагацал

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 04

 

Португалын шигшээ болон Английн “Ливерпүүл”-ийн авъяаслаг тоглогч Диого Жота дүү Андре Силвагийнхаа хамтаар Испанийн зам дээр өчигдөр осолдож, амиа алдсан эмгэнэлт явдал гарсан.

Энэ аймшигт өдрөөс ердөө 11 хоногийн өмнө Жота 13 настайдаа танилцсан Рута Кардозотойгоо хуримаа хийж, “Би азтай шүү” гэж байлаа.

Тэд номын санд танилцсан юм билээ. Номын санд тааралдсанаас хойш амьдралын хувь төөрөг нийлж, өчигдрийг хүртэл хамтдаа байлаа. Хөлбөмбөгчийн хувьд гялалзаж, “Ливерпүүл”-ийн 20 дугаартай залуу Премьер лигийн түүхэн дэх 20 дахь түрүүг хүртэхэд хувь нэмрээ оруулж, дараа нь Португалын шигшээ Үндэстнүүдийн лигт түрүүлэхэд мөн оролцсон. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн улирал, энэ зун түүний хувьд ажил, амьдралын хувьд аз жаргалаар бялхсан. Гэвч нэг л агшин амьдрал ямар хэврэг, хэцүү гэдгийг харуулж, багаасаа найзалсан эхнэр болон гурван нялх үрийг нь өнчрүүлж орхилоо.

Рутатай танилцсан жирийн нэгэн хөвгүүн Жота хичээлдээ нэг их шамдахгүй хэрнээ л сайн дүн авчихдаг байсан гэдэг. “Хичээлээ хийж байгаа нь харагдахгүй ч байнга өндөр оноо авдаг хүүхэд байсан” гэж Рута нэг удаа ярьсан юм. Хожим “Пасуш де Феррейра” хэмээн Португалын дундаж багаас Испанийн “Атлетико Мадрид”-д очиж, замнал нь өсөж өндийж эхлэхэд “Бид хоёр алхам алхмаар урагшилна гэж эхнээсээ ярилцсан байсан. Тиймээс түүний толгойг юу ч эргүүлж, өөрчилж чадаагүй юм. Урьд хэн байсан, тэр чигээрээ л байгаа” гэж Рута магтсан удаатай.

Диого Жотаг өсвөр насанд нь “Порто”, “Бэнфика” гэх Португалын хоёр том клуб голоод аваагүй тул нутгийнхаа “Гондомар”-т элсжээ. Тэр багтаа нэг улиралд 38 гоол оруулсан амжилт нь тэмдэглээстэй байдаг.

Рута Их сургуулийн урилга авсан ч Диого Жотагийн замнал хаашаа чиглэхийг харж хүлээзнээд сургуульдаа ороогүй юм байна. Тэгж байтал Английн “Вулвэрхэмптон”-оос санал ирж, Рута нутагтаа сургуульд ороогүй нь зөв болж таарчээ. Учир нь тэд хаана ч хамтдаа байна гэж тохиролцсон тул хөтлөлцөөд Англи руу одох болсон юм. Дараа нь “Ливерпүүл”-д очиж, хөлбөмбөгчийн замнал нь оргилд гарч, амьдралын баталгаа ч бүрэн хангагдлаа.

“Ливерпүүл”-д ирсний дараа Денис хүү нь мэндэлж, дараа нь Дуартэ, тэгээд өнгөрсөн 11 дүгээр сард отгон охин нь энэ ертөнцөд ирсэн юм. Ердөө сарын өмнө Жота ярилцлага өгөхдөө “Хэдийгээр амармаар байлаа ч хүүхдүүдтэйгээ үргэлж сайхан харилцаж, сайн үлгэр дуурайлал үзүүлэх ёстой гэж би боддог” хэмээн өгүүлжээ.

Мэдээж, мэргэжлийн хөлбөмбөгч гэдэг гэр, бэлтгэл тэгээд тоглолт болох хот, улсуудын хооронд үргэлж зорчдог тул ар гэрийн бүх асуудлыг эхнэр нь хариуцна.

Тэгвэл одоо аавыгаа ой тойндоо тогтоож үлдэх эсэх нь ч эргэлзээтэй хоёр жаахан хүү, хорвоод мэндлээд хэдхэн сар болж буй охинтойгоо дөрвүүлээ үхэл хагацлын харгис шуурганд өнчирч, бүлтэгнэн үлдлээ. Гэхдээ хөлбөмбөгийн ертөнц хүүхдүүдийн хайртай аав, Рутагийн халамжит ханийг хэн байсныг хэзээ ч үр мартана.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(94.220.166.66) 14 цагийн өмнө

Харамсалтай. Эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад мэ хум

0  |  0
zochin(202.55.188.37) 2025 оны 07 сарын 08

ymar haramsmaar um bolchvoo.

0  |  0
zochin(202.55.188.37) 2025 оны 07 сарын 08

ymar haramsmaar um bolchvoo.

0  |  0
бэгз(202.126.88.67) 20 цагийн өмнө

ум ма ни бад мэ хум

4  |  0
Close menu