Мэргэжлийн Сүмогийн Нагоя башё эхлэхэд 10 хоног үлдлээ. Сүмо сонирхогчдын анхаарал шинэхэн ёкозүна Ооносато дээр төвлөрч, түүнийг 3 дараалан түрүүлж чадах эсэхийг хүлээн суугаа энэ цагт 74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн бэлтгэлдээ гарлаа.
Хоошёорюүгийн дэвжээнд Макүүчи зиндааны Мэйсэй л байдаг. Тэгээд бусад бөхчүүд нь Макүшита зиндаанынхан голцуу. Өөрөөр хэлбэл, эн тэнцүү хүч үзчихээр бөх цөөн учир өөр дэвжээнүүдэд очиж бэлтгэлээ базаах хэрэгтэй гэх зөвлөгөөг зарим мэргэжилтнүүд хэлдэг юм. Тэгвэл Хоошёорюү яг энэ дагуу бэлтгэлээ базаахаар төлөвлөсөн байна.
“Маргаашаас би бэлтгэлдээ гарна. Яг хаана очиж бэлтгэл хийхээ шийдээгүй байна. Гэхдээ олон сэкитори цугласан газар очиж бэлтгэл хийе гэсэн бодолтой. Ямартай ч дэвжээндээ бол шигдээд байлгүй, дэвжээнүүдээр явж бэлтгэл хийх болно” хэмээн Хоошёорюү өчигдөр мэдэгджээ.
Нагоя хотын байрладаг Айчи мужид 35 хэмийн халуу шатаж байгаа юм. Зарим халуун өдрөө бүр 40 хэм ч хүрэх ажээ. Хоошёорюүгийн башё эхлэхээс 4 хоног орчмын өмнөөс бэлтгэлээ маш эрчимтэй хийдэг зуршилтай гэнэ.
Өнгөрсөн башёд Хоошёорюү түрүүлээгүй ч гэлээ 12 даваатайгаар дуусгаснаар өөртөө итгэх итгэлээ бүрэн олж авсан гэж Япон хэвлэлүүд бичиж байгаа юм. Гэхдээ Хоошёорюүгийн хувьд өнгөрснийг бус зөвхөн өмнөхөө харна гэж ярьжээ. “Өнгөрсөн юм өнгөрсөндөө л үлдсэн. Өнгөрсөндөө уягдаад байвал би урагшаа ахиж чадахгүй. Би зөвхөн өөрийгөө л бодож зүтгэх болно” хэмээн хэлсэн байна.
Ийнхүү энэ жил ёкозүна цол хүртсэн хоёр оргил цолтонтой сонирхолтой башё эхлэх улам ойртлоо.
Сэтгэгдэл ( 0 )