Английн “Челси” 23 настай бразил довтлогч Жоао Педрог “Брайтон”-оос 60 сая паундаар худалдан авч, 8 жилийн гэрээ хийлээ.
Хоёр жилийн өмнө бразил залууг “Цахлайнууд” 30 сая паундаар буюу 2 дахин бага үнээр “Уотфорд”-оос авч байсан юм. Тэгвэл одоо зарсандаа баярлаж буйгаа “Брайтон”-ын ахлах дасгалжуулагч Фабиан Хүрцелер нуулгүй ярьжээ.
“Аль ч талаас нь бодсон энэ бол сайн нүүдэл, сайн наймаа. Манай багт довтолгооны шугамд угаасаа хангалттай авъяаслаг залуу тоглогчид бий. Тиймээс өрсөлдөөн ч ширүүн байдаг. Тэртэй тэргүй олон тоглогчтой байрлалынхаа нэг тоглогчийг өндөр үнээр зарж, эргээд хөрөнгө оруулах мөнгөтэй болсон нь сайн хэрэг.
Жоаогийн хувьд ч гэсэн энэ бол зөв алхам. Ирэх улиралд Аваргуудын лигт тоглох нь байна шүү дээ. Ингэснээр Бразилын шигшээд дуудагдаж, ирэх зун ДАШТ-д оролцох боломж нээгдэх магадлалтай.
Жоао бидэнд олон сайхан агшинг бэлэглэсэн. Тиймээс энд өнгөрүүлсэн хоёр улиралд нь талархаж, цаашдын замналд нь амжилт хүсье” хэмээн Хүрцелер өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )