Уимблдоны эхний өдөр сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн өрнөлөө. Ням гаригийн 12 цагаас эхлэн дугаарт зогссон олон мянган хүний бараг тэн хагас нь дотогш нэвтэрч чадсангүй. 42 мянган хүний багтаамжтай тул бусад нь “илүүдэл” болчихсон юм.
Хоёр жил дараалан түрүүлчихээд буй Испанийн 22 настай Карлос Алькарас эхний шатанд Фабио Фоньинитой 31 хэмийн халуунд таван сет үзэлцэж, 7:5, 6:7, 7:5, 2:6, 6:1-ээр хожлоо.
Тав дахь сетэд 3:0-ээр тэргүүлж явахдаа Алькарас нэгэн эмэгтэй ухаан алдан унахыг анзаарч, тоглолтыг түр зогсоолгож, өөрөө гүйн ус аваачин өгч, эмнэлгийн тусламж үзүүлэх боломж олголоо. Ийнхүү 17 минутын турш тоглолтыг түр зогсоож, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн юм.
Ухаан орсон эмэгтэй хамгийн түрүүнд “Тэр хожсон уу?” гэж асуужээ. Тэр гэдэг нь Алькарасыг хэлж буй хэрэг. Испани залуугийн үнэнч фанат нь байж таарч. Гэр бүлийнхэн нь эмэгэтэйг наранд цохиулсан байх гэж тааварлажээ. Ингээд эргээд тоглолт үргэлжилж, 6:1-ээр Алькарас хожсоноор хоёрдугаар шатанд гарлаа.
Казахстаны теннисчин бүсгүй Юлия Путинцева эхний шатанд Дэлхийн чансааны 12-т бичигдэж буй Аманда Анисимовад 0:6, 0:6-аар ердөө 45 минутын хугацаанд хожигдлоо. Энэ зуур Путинцева уйлж, тоглолтыг түр зогсоолгож, үзэгчдийн суудлаас ногоон хувцастай нэгэн эрийг гаргуулж амжсан юм.
33 настай Путинцева үзэгчдийн суудал дахь нэгэн эрийг заан “Түүнийг эндээс гарга. Гаргахгүй бол би тоглож чадахгүй нь. Энэ хүн галзуу бас аюултай байж мэднэ. Хутгатай ч байж магадгүй” хэмээн шүүгчид хэлжээ.
Үүний дараагаар тэмцээнийг зохион явуулагчид нөгөө сэжигтэй эрийг үзэгчдийн суудлаас босгон, авч гарсан байна. Хожигдсоныхоо дараа ч Путинцева уйлж, талбайгаас хурдхан гарч оджээ.
Тамирчин бүсгүйчүүдийг дагаж мөшгөх явдал байн байн гарах болсон. Тэр тохиолдлын нэг нь энэ байсан байж мэдэх юм. Олон жилийн өмнө домогт Моника Селешийг тоглолтын үеэр талбай дээр гэмт этгээд хутгалж шархдуулсан явдал ч гарч байсан түүхтэй.
Эхний шатанд сенсаци тамирчин бол Их Британийн 21 настай Оливер Тарвет боллоо. Дэлхийн чансааны 733-д бичигдэж буй энэ залуу Швейцарийн Леандро Ридлийг гурван сетэд 6:4, 6:4, 6:4-өөр хожсон юм. Үүнийхээ төлөө шагналд 99 мянган паундын шагнал хүртэх ёстой байлаа.
Гэвч Уимблдонд оролцохын тулд сонгон шалгаруулах гурван ч шатыг давж гарч ирээд эхний ялалтаа авсан Тарвет энэ мөнгөнийхөө үлэмж хэсгийг авч чадахгүй нь гайхалтай. Учир нь АНУ-ын Их сургуульд сурдаг юм байна. АНУ-ын оюутны спортын журмын дагуу сонирхогчийн статустай тамирчин жилдээ 10 мянган ам.доллароос илүү өндөр шагнал хүртэх ёсгүй гэсэн хязгаарлалт байдаг гэнэ.
Энэ журмыг цуцлуулахаар өнгөрсөн жил оюутан тамирчид хамтран гомдол хүсэлтээ гаргасан ч одоогоор нааштай хариулт өгөөгүй байгаа ажээ. Гэхдээ Тарвет наргианч байдлаар “Би энд мөнгөний төлөө ирээгүй ээ. Харин үзэгчдийн төлөө, туршлага суухын төлөө, өөрийн гэсэн мөрөө үлдээх гэж ирсэн юм. Сайн л ажиллалаа гэж бодож байна” хэмээн өгүүлжээ. Тарвет хоёрдугаар шатанд Карлос Алькарастай таарчээ.
Сэтгэгдэл ( 0 )