Бодибилдингийн домогт тамирчин, 61 настай Ронни Коулмэн өнгөрсөн ням гаригт эмнэлэгт хэвтсэн тул энэ долоо хоногт Их Британид оролцохоор төлөвлөсөн үйл ажиллагаандаа очиж чадахгүй болсноо мэдэгдсэн байна.
Ронни Коулмэн бол бодибилдингийн хамгийн алдартай тэмцээн “Мистер Олимп”-ын 8 удаагийн аварга мөн Олон Улсын Фитнес ба Бодибилдингийн Холбооноос зохиосон 26 тэмцээнд түрүүлсэн тамирчин.
Тэрбээр өнгөрсөн ням гаригт 11 сая гаруй дагагчтай сошиал хаягтаа хойшлуулшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ирэх долоо хоногт товлосон ажлууддаа оролцож чадахааргүй болсноо зарлаад, илүү хүчтэй болж эргэж ирнэ гэж мэдэгдсэн юм.
Гэлээ ч өчигдөр буюу даваа гаригт Коулмэний гэр бүлийнхэн мэдээлэл хийхдээ домогт тамирчныг хүнд өвчин туссан гэжээ. Гэхдээ өндөр зэрэглэлийн сайн эмч нараар эмчлүүлж буй тул ойрын хугацаанд бие нь сайжирна гэж итгэж буйгаа мэдэгдсэн байна.
Мөн энэ хэцүү цатт хувийн амьдралыг нь хүндэлж, цуу яриа түгээхгүй байхыг хүсчээ.
Ронни Коулмэн 1964 оны 5 дугаар сарын 13-нд төрсөн. 1998-2005 онд “Мистер Олимп”-д 8 дараалан түрүүлсэн юм. Бодибилдингийн түүхэн дэх бүх цагийн хамгийн аугаа аваргуудын тоонд багтдаг.
1984 онд Грэмблингийн Их Сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр онц дүнтэй төгссөн. Их сургуульд суралцаж байхдаа америк хөлбөмбөгийн багт нь тоглодог байжээ. Их сургуулиа төгссөний дараагаар мэргэжлээрээ ажил олоогүй тул Domino`s Pizza-д ажиллах болсон байна. Үүнийхээ дараагаар Арлингтоны Цагдаагийн газарт 1989-2000 онд ажиллаж, 2003 онд бэлтгэл офицер болжээ.
Бодибилдингийн амжилтын тухайд бол аажмаар дээш өгссөн замналтай. 1994 онд “Мистер Олимп”-д 15 дугаар байр эзэлсэн бол дараа жил нь 10, 1996 онд 6, 1997 онд 9 дүгээр байрт орсон юм. 1998 онд хүссэндээ хүрч, “Мистер Олимп”-д түрүүлсэн. 2001 онд “Арнольд Классик” болон “Мистер Олимп”-д хоёуланд нь түрүүлсэн анхны тамирчин болж байлаа.
Гэвч олон жил бодибилдингийн хүнд спортоор хичээллэхдээ олон удаа гэмтэж бэртсэн тул 2007 онд хэд хэдэн хагалгаа дараалан хийлгэхээс аргагүй болсон юм. Хагалгааны төлбөрт 300 мянга, 500 мянга гэхчлэн нийтдээ 2 сая гаруй ам.доллар зарцуулсан гэсэн мэдээлэл бий. Харамсалтай нь бүрэн эдгэрч чадаагүй тул суга таяганд орсон юм.
Сэтгэгдэл ( 0 )