Английн “Ливерпүүл” 116 сая паундаар 22 настай герман тоглогч Флориан Вирцийг “Байер Леверкузен”-ээс худалдан авч, Английн хөлбөмбөгийн зах зээл дээрх өндөр үнэтэй наймааны жагсаалтыг тэргүүлсэн.
Вирцтэй 2030 оны зун хүртэл гэрээ байгуулсан. Хэдийгээр “Байерн Мюнхен” авахаар хөөцөлдсөн ч хөлбөмбөгчийн өөрийнх нь хүсэл, мөн клубын шаардсан үнэ гээд хоёр том хүчин зүйл “Ливерпүүл”-ийн талд эргэсэн юм.
Тэгвэл “Ливерпүүл”-ээс жилийн өмнө явсан герман дасгалжуулагч Юрген Клопп энэ наймаанаас үүдэх хүлээлт, дарамтын талаар анхааруулан хэлсэн байна.
“Ямар ч эргэлзээгүйгээр энэ бол галзуу өндөр үнэ гэдэг нь ойлгомжтой. Ийм үнэтэй “Ливерпүүл-д очсон хөлбөмбөгч эхний 2-3 тоглолтдоо тааруухан байвал таагүй орчин үүсэх боломжтойг ойлгож байгаа байх. Түүнийг гайхамшигтай хөлбөмбөгч гэдгийг бол бид бүгд хүлээн зөвшөөрнө.
Хэдэн жилийн өмнө “Нэг тоглогчийн төлөө 100 сая евро бид төлбөл би хөлбөмбөгийг орхиж явна” гэж хэлснээ санаж байгаа. Гэхдээ дэлхий өөрчлөгдөж, хөлбөмбөгийн зах зээл ч өөрчлөгдлөө.
Вирц бол аль ч клубт очсон их нөлөө үзүүлж чадах гарамгай хөлбмбөгч. Харин одоо Английн аварга багийг илүү сайн болгож чадах эсэх нь тодорхойгүй байна. Үүнийг бүгдээрээ харцгаая” хэмээн Юрген Клопп өгүүлжээ.
Вирцийг авах тухай албан ёсоор зарласны дараахан буюу хэдэн хоногийн өмнө Клоппын үг арай зөөлөн, дэмжсэн утгатай байсныг хэвлэлүүд сануулсан байна. “Аварга багийн хүчийг улам нэмнэ гэдэг хэцүү. Гэхдээ би түүнийг үнэхээр гайхамшигтай хөлбөмбөгч гэдэгт итгэдэг. Үнэхээр аугаа авъяастай тоглогч авлаа. Одоо хэрхэн тоглохыг нь харахаар тэсэн ядаж байна. Сайхан санагдаж байна. Ер нь цаг агаарыг нэг их тоолгүй, зөвхөн хөлбөмбөгөө л анхаараад явбал үнэхээр гайхалтай газар” хэмээн Клопп тэгэхэд өгүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )