NBA-гийн багц мэдээгээ задалъя.
“Индиана” бүсийн аваргын төлөөх цувралыг 3:1 болгосноор финалд нэг хөлөөрөө гишгэчихээд байна. Дөрөв дэх тоглолтод Тайриз Халибертон 35 оноо, 15 дамжуулалт, 12 самбар авсанаас гадна нэг ч удаа бөмбөг алдсангүй.
Энэ тоглолтод Тайризын аав Жон ордонд ирж дэмжсэн нь дэм болсон эсэх талаар асуухад “Тэгэлгүй яахав. Аав маань энд байгаад би их баяртай байна. Хожлыг маань улам сайхан болгож байгаа юм. Миний өнөөдрийн тоглолтод ч бас нөлөөлсөн.
Өнөөдөр би түрэмгий, дайчин тоглохыг хичээлээ. Гурав дахь тоглолтод багаа хөөдчихсөн болохоор энэ удаад хариу реакц харуулах гэсэн юм. Намайг залуус маань олж дамжуулснаар өөрийгөө харуулах боломж олголоо. Чөтгөр аваг, ямар чухал хожил вэ.
Би тоглолтын статистик дүнг эхлээд анзаараагүй. Харин дараа нь харсан чинь бид өөрсдөө зохиогоод биччихсэн юм шиг санагдсан. Би хожилд нэмэр болохын тулд зөв сайн тоглохыг л зорьж яваа. Том гэрээ байгуулчихсан хүн зохих үүрэг хариуцлага үүрч ёстой гэж бодсон” хэмээн Халибертон өгүүлжээ.
Нэг ч удаа бөмбөг алдаагүй үзүүлэлтийг нь Рик Карлайл онцгойлон магтаж, бүр цаашид нэрийг нь өгөх санаа хүртэл хэлжээ.
“Өнөөдөр Халибертон бөмбөгүүдээ урагшаа их өглөө. Гэхдээ алдалгүйгээр шүү. Ийм тоглолтод энэ маш чухал л даа. Магадгүй ирээдүйд энэ статистикийг Халибертон гээд нэрлэчихмээр юм шиг. Крис Пол энэ хоёр шиг ингэж тоглодог тамирчин цөөхөн. Стоктон бөмбөгөө их цөөхөн алддаг байсан. Леброн алдах нь бас цөөн. Түүхэн аугаа тоглогчдын л үзүүлэлт юм. Тайриз энэ чадвараараа бахархаж, түүнээсээ урам авч тоглодог” гэж Карлайл өгүүлжээ.
Паскаль Сиакам ч сайн байлаа. Тоглолтын дараагаар “Бид өнөөдөр “Пэйсэйрс”-ийнхэн яаж тоглодгийг харуулъя гэж гарсан юм. Тиймдээ ч бүр эхнээсээ сайн байлаа. Тоглолтын ерөнхий зураглал бидний тооцсоноор ч боллоо. Манай багийн гол онцлог бол бүгд эго-гоо дарж, багийн тоглолтод өөрсдийгөө зориулж чаддаг нь юм. Эхний ээлжинд дамжуулалт гэж сэтгэдэг. Энд тоглохдоо их дуртай байдгийн учир нь бүгд багийнхаа төлөө гэсэн бодолтой байж чаддаг. Би энэ бодол, системд орж дасчихсан байхгүй юу” хэмээн Сиакам өгүүлсэн байна.
“Индиана”-гийн баяр хөөртэй ярианаас харамсалтай мэдээ рүү шилжих нь. “Индиана”-гийн фанат Жарретт Фанкэ хэмээх залуу бүсийн аваргын төлөөх цувралын тоглолтыг уушийн газар үзэх гэж очоод “Никс”-ийн фанатуудтай муудалцаж, хоёр хүн хутгалж шархдуулжээ. Гэрчүүдийн мэдүүлгээр бол уушийн газар орж ирмэгцээ “Никс”-ийн фанатын малгайг авч шидээд, гудамжинд гарч учраа ололцохоор болсон гэнэ. Энэ үеэр хүйтэн мэс гаргаж, шархдуулжээ.
“Оклахома” мөн финалд гарахад ойрхон болсон. Тэднийг улирлын турш үл ойшоосон гэж Брайан Уиндхорст ярьжээ. “Улирлын турш хүмүүс “Оклахома”-г үл хүндэлж, үл ойшоож, итгэхгүй байгаагаа хэлсээр байсан.
NBA-гийнхан өөрсдөө шүү. Одоо бол тэр хүмүүс энэ баг ирээдүйд ямар аюултай хүч байж болохыг сүүлийн 14 хоногт харж мэдэрсэн байх гэж бодож байна” хэмээн ярьжээ.
ESPN-ийн Шэмс Чаранигийн мэдээлж буйгаар бол Леброн Жэймс “Лейкерс”-тэй тохирсоны дагуу гэрээгээ сунгах бололтой.
Гэрээний дагуу Леброн улирлын 52.6 сая ам.доллар хүртэх учиртай. Гэхдээ шийдвэрээ зургаадугаар сарын 29 гэхэд эцэслэн гаргасан байх ёстой юм.
“Денвер”-ийн Расселл Уэстбрүкийн баруун гар хоёр газраа хугарсан тул хагалгаа хийлгэнэ гэдгээ мэдэгдлээ. “Өнөө өглөө би баруун гартаа хагалгаа хийлгэнэ. Улирлын үеэр хугарсан хоёр газраа янзлуулахгүй бол болохгүй. Улирлын турш намайг дэмжсэн та бүхэнд талархая. Мөдхөн 100 хувь эрүүл болоод эргэн тоглоно оо. Талбайд эргээд гарах цаг хугацаа минь гүйж эхэлсэн” хэмээн өгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )