Жокович эхний хожлынхоо дараа Мюррейгийн хошин зурвасыг дэлгэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 28


Ролан Гарросын талбайд Дэлхийн шилдэг теннисчид цуглан, эхний тойргийн тоглолтуудаа хийж байна.

25 дахь “Их дуулга”-даа түрүүлэх зорилготой ирсэн 38 настай серби теннисчин Новак Жокович эхний тойрогт Дэлхийн чансааны 98-д бичигдэж буй АНУ-ын Маккэнзи Макдональдыг 6:3, 6:3, 6:3-аар итгэлтэй хожлоо.

Ердөө гурав хоногийн өмнө Женевийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн Новак Жокович Францын нээлттэй тэмцээний эхний давааг давсныхаа дараагаар “Тоглолтын эхэнд салхитай жаахан эвгүй байлаа. Дараа нь бороо орлоо. Гэлээ ч би хожлоо. Женевт очиж тоглодог нь зөв шийдвэр байсан. Тэнд очиж тоглосон тулдаа Ролан Гаррост бэлтгэлжилт сайтай ирлээ. Цаашаа хол явж чадах эсэхийг харцгаая. Би бол чадна л гэж бодож байна” гэжээ. Тэрбээр энэ тэмцээнд чансааны 6-д эрэмбэлэгдэн оролцож байгаа юм. Дараагийн өрсөлдөгч нь чансааны 73-д бичигдэж буй Францын Корентен Мүтэ байх болно.
 


Тоглолтын дараа Новак Жокович хөгжилтэй зангаараа Энди Мюррейгийн хошин зурвасын талаар ярьжээ. “Одоо жинхэнэ сайн дасгалжуулагчтай болоод чи түрүүлж байна даа” гэж Женевийн нээлттэй тэмцээнд аварга болсны дараагаар түүнд зурвас илгээсэн байж. Жокович дасгалжуулагчаараа Энди Мюррейг урьж ажиллуулаад хэдхэн сар болсон. Эхэндээ амжилттай мэт байсан боловч дараа нь хэд хэдэн тэмцээн дараалан доогуур шатнаас хасагдсан учир хэдхэн хоногийн өмнө хамтын ажиллагаагаа зогсоож буйгаа зарласан билээ. Гэлээ ч Мюррейтэй цуг ажиллахдаа түүнийг ямар сайн хүн болохыг мэдэрч, мөн их зүйл сурч мэдснээ дурдаад амжжээ.
 


Ролан Гарросын Жоковичийн орсон талд Дэлхийн чансааг тэргүүлэгч Янник Синнер мөн өнгөрсөн жил финалд шалгарсан Александр Зверев нар байгаа. Финалд Карлос Алькараст хожигдсон Зверев Их дуулгын финалд гурвантаа бүтэлгүйтснээ энэ удаад зогсоож, аварга болохоор ирээд байгаа юм. Тэгээд ч сүүлийн дөрвөн Ролан Гаррост дор хаяж шөвгийн дөрөвт шалгарсан болохоор дээшээ л үзнэ гэж тооцож байгаа нь лавтай.

Харин US Open-ийн аварга асан,” Их дуулга”-д таван ч удаа финалдсан Даниил Медведев эхний шатанд Кэмерон Норрид 7:5, 6:3, 4:6, 1:6, 5:7-оор хожигдон хасагдлаа. Зургаа дахь удаагаа эхний шатанд бүдэрч байгаа нь энэ.

Тав дээр эрэмбэлэгдсэн Их Британийн Жек Дрэйпэр эхний тойрогт Италийн Маттиа Беллуччиг 3:6, 6:1, 6:4, 6:2-оор хожлоо.
 


Эмэгтэй теннисчдээс Коко Гауфф Австралийн Оливиа Гадецкиг 6:2, 6:2-оор хөнгөхөн хожсон бол Оросын мандаж гарч ирж буй од, 18 настай Мирра Андреева эхний даваагаа амжилттай давжээ.

2024 онд Ролан Гарросыг гэмтлээс болж өнжсөн Жессика Пегула румын теннисчин Анка Тодониг 6:2, 6:4-өөр, Австралийн нээлттэй тэмцээний хошой аварга Виктория Азаренко Бельгийн Янина Викмайерийг 6:0, 6:0-ээр илүүрхлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu