NBA-гийн бүсийн аваргын төлөөх цувралын 4 дэх тоглолтод “Оклахома”-гийн Шэй Гилжес-Александер 40 оноо авч, замналынхаа плей-оффын дээд амжилтыг тогтоож, багийнхаа ялалтад гол үүрэг гүйцэтгэлээ.
“Миннесота”-г 128:126-гаар хожсоноор цувралд 3:1-ээр тэргүүллээ баталгаажуулсан тоглолтын үеэр өрсөлдөгч багийн фанатууд “Торгуулийн шидэлт худалдагч” хэмээн Гилжес—Алекандер руу цухалдан хашхиралдаж байсан юм.
Энэхүү хашхирааны талаар Шэй Гилжес-Александерийг ямар бодолтой үлдсэнийг сэтгүүлч асуухад “Намайг тоглолтоос “гаргаж”, багтаа хожиход нь туслах гэхдээ хөгжөөн дэмжигчид чадах бүхнээ хийж байна. Яагаад гэвэл би чинь багийнхаа могойны толгой шүү дээ.
Талбайдаа ямар уур амьсгал бүрдүүлэх, хөгжөөн дэмжигчид ямар энерги бөөгнөрүүлэх нь тэдний л ажил. “Миннесота”-гаа хожоосой гэсэндээ бүхнийг хийх нь аргагүй. “Оклахома” хожоосой гэж хүсэхгүй нь тодорхой. Тиймээс би энэ хашхираан, хандлагыг ердийн гэж бодно.
Намайг юу гэх нь хамаагүй. Хэзээ ч би элдэв үгэнд автаж яваагүй. Өмнө нь хэлсэн шүү дээ, өмнөх улиралд би энэ удаагийнхаас илүү олон торгуулийн шидэлт авсан гэж. Энэ удаад бид яг анхаарлын төвд байгаа болохоор торгуулийн шидэлт ч бас анзаарагдсан байх. Гэхдээ миний хувьд үүнийг намайг үнэлж байгаа нь л гэж бодож байна” хэмээн Гилжес-Александер өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )