Рафаэль Надаль Францын нээлттэй тэмцээн буюу Ролан Гарросын талбайд дахин гарлаа. Энэ удаад тамирчны хувиар бус харин тамирчны замналаа дөнгөж өндөрлүүлээд буй түүхэн амьд домгийн дүрээр заларсан юм.
Стадионд цугласан олон улбар шар өнгийн футболка өмсөхөд энгэр дээр нь Merci Rafa гэсэн бичиг дурайна. Аргагүй дээ, энд 14 удаа түрүүлсэн аугаа амьтан юм чинь.
“Их дуулгын тэмцээнд нэг газар 14 удаа түрүүлнэ гэдэг хэзээ ч бүтэшгүй зүйл” гэж тэр инээмсэглэн хэлснээ “Ямартай хэсэг хугацаа шаардагдана аа. 30 жил лав болно шүү” гэсэн юм. Хар өнгийн дэгжин хослолтой Рафаэль Надаль франц, англи, испани хэлээр үгээ бэлдэн иржээ. Гэр бүлийнхэн нь өнөр бүлээрээ дагаж ирсэн байлаа. Аав ээж, үеэл ах Тони, эхнэр, хоёр настай хүү нь гээд “десант”-тайгаа буусан Рафа цугласан олонд бүгдэд нь талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Жилийн өмнө Ролан Гарросын эхний тойрогт Александр Зверевт хожигдсоныхоо дараагаар тамирчны замналдаа цэг тавих цаг болжээ гэж мэдэрсэн. Гэлээ албан ёсоор гэж зарлаагүй. Гэхдээ Дэвисийн цомын финалд Нидерландчуудад Испани хожигдсоны дараагаар замналдаа үүрд цэг тавьж буйгаа мэдэгдсэн билээ.
Ролан Гаррос бол Рафагийн гайхамшгийн талбар. Эндэх тоглолтын дүн 112:4. 14 түрүү. Ёстой босоо дархалсан, хүний санаанд багтамгүй амжилт.
Надалийг талбайд гарсны дараагаар түүний аугаа гурван өрсөлдөгч Рожер Федерер, Новак Жокович, Энди Мюррей нар гарч ирж, мэндчилж уулзалдав.
“Энэ гурван аугаа өрсөлдөгч надтай талбайд гарахад мөн ч их юм болдог байв даа, тийм үү? Хамгийн хэцүү өрсөлдөгчид, хамгийн шилдэг өрсөлдөгчид. Магадгүй манай спортын түүхэн дэх хамгийн ширүүн өрсөлдөөнийг бий болгогчид. Бид бие биенээ их хүндэлдэг. Өрсөлдөгчөө хожихоор улайрахдаа түүнийг заавал үзэн ядах хэрэггүй” хэмээн Рафаэль Надаль өгүүлсэн юм.
Дараа нь хэвлэлийн бага хурлын үеэр Рафагийн ярьсан нэг зүйл Д.Долгорсүрэн заан нэг удаа Ж.Мөнхбат аварга руу утас цохиж, “Манай энд тог тасарчихлаа. Дагваа, Даваа хоёрын хэн нь давав?” асуусан гэдэг онигоотой адил санагдав.
Рафаэль Надаль бол хөлбөмбөгийн “Реал Мадрид”-ын үнэнч фанат. Харин Энди Мюррей Английн “Арсенал”-ын фанат юм. Энэ хоёр баг Аваргуудын лигт энэ хавар учраа таарч, “Арсенал” хожсон. Тэр үед Мюррейгээс гэнэт гэмгүй мэт нэгэн зурвас иржээ.
“Би та нарт тэр зурвасыг уншаад өгье” гэснээ Рафа гар утсаа гаргаж ирээд “Сайн уу, Рафа? Чамайг дажгүй байгаа эсэхийг мэдэх гэсэн юм” хэмээн уншлаа. “Эхэндээ намайг болон гэр бүлийг минь сайн уу гэж асуулаа л гэж бодсон юм. Харин таван секундын дараа энэ бол британи маягийн егөө гэдгийг ойлгосон. Гэхдээ би дараа нь “Арсенал”-ынхан “ПСЖ-д хожигдоход хариу янз бүрийн зурвас явуулаагүй шүү” гээд инээмсэглэжээ.
Ролан Гарросын үзэгчид, олон хүндэт хүмүүсийн дэмжлэгийг мэдэрсэн Рафа “Энэ мөч хэзээ ч мартагдахгүй ээ. Над шиг залууд бүр ичмээр ч юм шиг дэндүү их сэтгэл хөдөлгөсөн мөч боллоо. Би ингэж их сэтгэл хөдөлсөн үедээ олны хараанд өртөх дургүй. Теннис тоглож байхдаа олны хараанд байдаг л даа. Үнэндээ тоглож, өрсөлдөж байхад бол олны хараанд байх сайхан л санагддаг юм. Өнөөдөр сэтгэл хачин их хөдөллөө. Энэ нь ч сайхан байлаа” хэмээн домогт Рафаэль Надаль өгүүлсэн байна.
Рафаэль Надаль энэ гайхалтай сайхан хүлээн авалт, хүндлэлийг мартахгүй шиг түүнийг аугаа гайхамшигтай амжилтыг спорт сонирхогчид, түүх хэзээ ч мартахгүй ээ.
Сэтгэгдэл ( 3 )
Цаг завгүй хольхилдсон нийгэмд хэн хүнийг мартах нь маш хурдан болсон шүү.
Цаг завгүй хольхилдсон нийгэмд хэн хүнийг мартах нь маш хурдан болсон шүү.
Legend Rafa