38 настай Новак Жоковичийн тамирчны замналын хар өдрүүд ард хоцорсон бололтой. Тэрбээр өчигдөр Женевийн нээлттэй тэмцээний финалд Польшийн Хуберт Хуркачийг 5-7, 7-6, 7-6-аар хожиж, замналынхаа 100 дахь түрүүг хүртлээ.
Гурван цаг таван минут үргэлжилсэн тоглолтын дараагаар дараагаар “Үнэхээр янзтай тоглолт боллоо. Стадион битүү үзэгчтэй ийм сайхан уур амьсгал дор гурав дэх сэтэд өрсөлдөгчөө хожно гэдэг гайхамшигтай сайхан мэдрэмж юм. Энд 100 дахь түрүүгээ хүртэж буйдаа их баяртай байна” гэж Жокович өгүүлжээ.
Ийнхүү 100-гийн босгыг давснаар түүний өмнө одоо Жимми Коннорсын 109, Рожер Федерерийн 103 түрүү л үлдэв. Парисын олимпын наадамд түрүүлснээс хойш 100 дахь түрүүгээ хүртэхээр хэд хэдэн тэмцээнд оролцсон ч бүтэлгүйтсэн. Эхлээд Шанхайн Мастерсын финалд Янник Синнерт хожигдсон бол Майамигийн нээлттэй тэмцээний финалд гарсан ч Якуб Мэнсикт ялагдсан.
Энэ хавар Монте Карло, Мадридын нээлттэй тэмцээний эхний шатанд бүдэрснийхээ дараагаар Энди Мюррейтэй хамтран ажиллахаа больж, Италийн нээлттэй тэмцээнд оролцохоос татгалзсан юм.
“Одоо би эхний шатанд хожигдчихгүй юмсан л гэж бодох болж. Мэргэжлийн теннисчний замналдаа ийм зүйлтэй өмнө нь таарч байсангүй” гэж сар орчмын өмнө л Жокович мэдэгдэж байв.
Тэгвэл Женевт түрүүлснээр өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олж авлаа. Гэхдээ түүнд одоо амрах хугацаа байхгүй. Өнөөдөр Их дуулгын дөрвөн том цуврал тэмцээний нэг Францын нээлттэй тэмцээн эхэлнэ. Мягмар гаригт АНУ-ын Маккэнзи Макдональдтой оноолт таарчихсан байгаа. Женев дэх хүнд тоглолтын дараагаар хоёр хоногт амрах, амжиж сэргэх шаардлагатай тулгараад байна.
Новак Жоковичийн анхны түрүүгээ хүртсэний дараах зургийг эргэн нэг харуулъя. Анхны түрүүгээ 2006 онд Нидерландын нээлттэй тэмцээнд хүртсэн.
Сэтгэгдэл ( 0 )