АНУ-ын Лас-Вегасын Resorts World-д 2026 оны тавдугаар сарын 21-24-нд допингийн төрлийн эм, тариаг чөлөөтэй хэрэглэж оролцож болох Enhanced Games спортын наадам зохион байгуулахаар болсныг зарлалаа.
Энэ спортын наадмыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын том хүү, жижиг Доналд Трамп болон хөрөнгө оруулагч Питер Тиль нар санхүүжүүлэх юм байна. Дөрөв хоногийн хугацаанд ойрын зайлт гүйлт, усанд сэлэлт, хүндийг өргөлтийн төрлөөр өрсөлдөхдөө допинг хэрэглэхийг хориглох бус харин ч эсрэгээрээ допинг хэрэглэсэн тамирчид оролцохыг зөвшөөрч, дэмжих юм. Тамирчид ямар төрлийн допинг хэрэглэснээ тэмдэглүүлэхийн зэрэгцээ мөн хүч, хурд нэмэгч допингийн олон янзын төрлийн шинэ туршилтыг өөр дээрээ туршиж ч болох ажээ.
Энэ наадмын шагналын сан өндөр. Хэрвээ 100 метрийн зайн гүйлт болон 50 метрийн чөлөөт сэлэлтийн Дэлхийн дээд амжилтыг эвдвэл 1 сая ам.доллароор урамшуулах гэнэ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Болгарын усанд сэлэгч Кристиан Гколомеев допинг хэрэглээд 2009 оноос хойш эвдэгдээгүй 50 метрийн зайн чөлөөт сэлэлтийн Дэлхийн дээд амжилтыг 0.02 секундээр ахиулж, 20.89 секундын цаг үзүүлсэн. Энэ мэтээр Дэлхийн дээд амжилтыг эвдвэл шагнаж урамшууллын дүн өндөр байх аж.
“Enhanced Games нь 21 дүгээр зууны олимпын загвар болно. Шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед Дэлхий дахины спортын уралдаан тэмцээнийг өөрчлөх шаардлага урган гарч ирж байна. Тамирчид допингийн хяналтад орохгүй, харин ч ямар эм бэлдмэл хэрэглэж буйгаа ил мэдээлэх эрхтэй байх болно” гэж тус спортын наадмыг санаачлагч Австралийн хөрөнгө оруулагч Арон Д`Соуза мэдэгдлээ. Наадамд оролцогчид эмч, мэргэжилтнүүдийн хяналт дор өрсөлдөнө.
“Хүнийг төгөлдөржүүлж төгс болгох шинэ арга хэлбэрийг бид бий болгоно. Ажиллах чадвар, хүч тамир, хурд, эр зоригийг нэмэгч эм бэлдмэлүүдийг аюулгүй, эмчийн хяналт дор нээлттэй хэрэглүүлнэ” гэж наадмын сурталчилгаанд дурджээ. Спортын наадмыг санаачлагчдын үзэж буйгаар орчин цагт спортын уралдаан тэмцээнд допингийг хориглох нь харин ч шударга бус өрсөлдөөнийг гааруулж байгаа ажээ.
100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хоёр ч удаа Дэлхийн аварга болсон Австралийн тамирчин Жэймс Магнусссен энэхүү спортын наадамд оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.
Тэгвэл АНУ-ын Допингийн эсрэг агентлагийн ерөнхий захирал Трэвис Тайгарт “Энэ бол жинхэнэ спортын өрсөлдөөн биш алиалагчдын шоу” гэж мэдэгдээд амжлаа.
Сэтгэгдэл ( 0 )