Монголын Сагсанбөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн 2024/25 оны улирлын аваргаар “Хасын Хүлэгүүд” баг тодорлоо.
Финалын 6 дахь тоглолтод “Бишрэлт Метал”-ыг 81:78-аар хожсоноор, цувралд 4:2-оор давамгайлж, 9 дэх түрүүгээ хүртсэн юм.
Финалын MVP-ээр “Хасын Хүлэгүүд”-ийн Ян Миллер нэрлэгдсэн бол аварга баг 500 сая төгрөгийн эзэн болсон. Харин аман хүзүүдсэн “Бишрэлт Метал” баг 250 сая төгрөгийн шагнал хүртжээ.
Лигт 6 дахь удаагаа түрүүлсэн Б.Билгүүн тоглолтын дараагаар “Аварга болсондоо маш их баяртай байна. Өмнөх жилүүдийнхээс онцлог боллоо. Жил ирэх тусам легионер тоглогчид, гадаадын дасгалжуулагчид ирж, улам чангарч байна. Энэ удаад бид ДеМаркус Казинстай “Сэлэнгэ Бодонс” гээд маш хүнд хүнд учраануудыг давлаа. Аваргаа хамгаалж буйдаа баяртай байна. Одоо биднийг Монголоо төлөөлөн тоглох маш чухал тэмцээн хүлээж байгаа.
Финалын сүүлийн тоглолтуудад оролцож чадаагүйдээ дотроо их шаналсан. Гэхдээ багийнхандаа итгэсэн. Дасгалжуулагчийн багтаа итгэсэн. Мөн фанатууд маань үргэлж бидний ард байдаг болохоор аварга болно гэдэгтээ итгэж байсан. Миний Монголын сагс болон “Хүлэгүүд”-д тоглож буй сүүлийн аяллуудын маань нэг гэж бодож байгаа болохоор аварга болохыг их хүссэн” хэмээн өгүүлсэн байна.
Б.Билгүүний дурдсан Монголоо төлөөлөн тоглох тэр тэмцээн бол Зүүн Азийн Супер лиг юм байна. МСБХ нь Зүүн Азийн Супер Лигтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар энэ жилээс лигийн аварга баг EASL-д шууд оролцох эрхтэй болжээ. Энэ нь Монголын сагсан бөмбөгийн шинэ түүхийг нээсэн явдал юм. “Хасын Хүлэгүүд” Ази тивийн лигийн аварга шилдэг багуудтай өрсөлдөх боломж ийнхүү бүрдлээ.
Гэрэл зургуудыг Үндэсний Дээд лигийн албан ёсны фэйсбүүк хуудаснаас авав.
Сэтгэгдэл ( 0 )