NBA-гийн бүсийн финалын тоглолтууд эхлээд байна. “Оклахома Сити” цувралын эхний тоглолтод “Миннесота”-г 114:88-аар хожлоо. Та бүхэнд NBA-гийн сүүлийн хэдэн цагийн мэдээнүүдийг багцлан хүргэе.
Шэй Гилжес-Александер эхний тоглолтод 31 оноо авч, багийнхаа хожилд гол нөлөө үзүүллээ. Түүнийг “барих” тушаал авсан Жэйдэн Макдэниэлс дөнгөж 24 минут тоглоод алдаа нь дүүрчихсэн. Энтонn Эдвардс ч техникийн алдаа авлаа. Тэгвэл цаашид толгойгоо алдахгүй, хэт шатахгүй байхыг “Миннесота”-гийн дасгалжуулагч Крис Финч анхааруулжээ.
“Тоглолтын явцад манай залуус уур цухал нь дэндчихлээ. Уг нь бид цувралын өмнө энэ тал дээр ярилцсан. Толгойдоо дараагийн үйлдлээ бодож, бухимдлаа багасгах хэрэгтэй” гэж Финч хэлсэн байна
Энтони Эдвардс энэ тоглолтын дараагаар илүү олон шидэх ёстойгоо ойлгож ухаарснаа хэлжээ. “Би илүү олон шидэх хэрэгтэй байна. Дөнгөж 13 шидэлт гэдэг цөөднө. Мөн бөмбөггүй илүү идэвхтэй хөдлөх ёстой. Ингэж чадвал болно гэж бодож байна. Бичлэгийг давтан үзээд, тэдний эсрэг яаж тогловол дээр вэ гэдгээ ойлгохыг зорино. Намайг урагш орох тоолонд бараг 4 хүн угтаад байгаа болохоор шидэлтээ оруулж чадахгүй гэж тооцсон бололтой. Будагтай талбайг бүрэн хамгаалъя гэж бодож. Тиймээс бид энэ нөхцөлд зөв тоглох хэрэгтэй” гэжээ.
“Дасгалжуулагч маань улирлын турш янз бүрийн гараа, холио солио хийсээр ирсэн. Ингэж Тиймээс бид ч гэсэн сурчихаж. Бидэнтэй өөр өөр өрсөлдөгч тулах учраас өөр өөр бүрэлдэхүүнээр тоглох хэрэгтэй болж байна. Гэвч бид улирлын турш өөр өөрөөр тоглоод сурчихсан болохоор үүндээ гаршчихсан. Ганц л хэлбэрийн тоглолтоос зайлсхийх нь ийм л үед хэрэгтэй байдаг” гэж Шэй Гилжэс-Александер өгүүлжээ.
“Сэлэнгэ Бодонс”-т ирж тоглочихоод явсан ДеМаркус Казинс яг одоогоор бол Лука Дончичоос Жэйлэн Брансоныг илүү сайн тоглож байна гэжээ.
“Жэйлэн Брансоныг би илүү сайн юм гэж хэлмээр байна. Яагаад гэвэл одоог хүртэл плей-оффт тоглосоор байна шүү дээ. Энэ бол эргэлзээгүй. Нэг нь гэртээ сууж байхад, нөгөө нь тоглож байна. Тиймээс би Брансоныг сонгоно.
Гэхдээ энэ бол хэн нь илүү авъяастай вэ гэсэн асуултын хариулт биш. Хэрвээ цэвэр авъяас гэвэл Лука мэдээж илүү” гэж Казинс ярьсан байна.
Стивен Эй Смит ч Жэйлэн Брансоныг энэ плей-оффын хамгийн шилдэг тоглогч гэж бодож буйгаа хэллээ. “Гарцаагүй тэр шилдэг нь байна. Шэй мөдхөн MVP болно. Гэхдээ плей-оффын шилдэг нь бол Жэйлэн Брансон. Дунджаар хамгийн өндөр оноо авч байгаа нь шүү дээ. Түүнийг сүүдэртээ дарж мэдэх ганцхан хүн Энтони Эдвардс л байна” хэмээн Эй Смит ярьжээ.
Стив Нэшийн подкастад Леброн Жэймс оролцохдоо өмнөх үеийнхэнтэй энэ үеийнхнийг харьцуулах хэрэггүй гэдгээ бодлоо дахин хэлжээ.
“Бид хөгжөөн дэмжигчдийг сонсож байгаа. Үүнийг бүгд мэдээсэй. Бид та бүхнийг сонсож байгаа. Энэ бүтээгдэхүүн маань та бүхэнд таалагдаж байх нь чухал. Тиймээс та бүхний бодол их чухал. Бид үргэлж улам төгс болгохыг хичээдэг. Гэвч тоглолт өөрчлөгдөөд байдаг. Тиймээс өмнө нь тийм байсан, тийм болох хэрэгтэй гэх мэт яриа нэгэнтээ ард хоцорсон. Бүх зүйл өөрчлөгдсөн” хэмээн Леброн Жэймс өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )