Хью Жекманыг допинг хэрэглэсэн гэж бодибилдингийн домог мэдэгдэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 21

 

200 сая ам.долларын өртгөөр бүтэж, 1.3 тэрбум ам.долларын орлого олоод буй Deadpool&Wolverine кинонд 56 настай Хью Жекман булчин нь түмбийсэн, насандаа баймгүй бие галбираараа гайхуулан тоглосон.

Тэгвэл Австралийн бодибилдингийн домогт тамирчин Ли Прист түүнийг булчингаа төдий хэмжээнд хүртэл хөгжүүлэхийн тулд стероид буюу допинг хэрэглэсэн мөн компьютер график ашигласан гэж үзэж буйгаа ний нуугүй хэлсэн байна.

 

 

Жимми Фэллоны ярилцлагад уригдан оролцохдоо Хью Жекман яаж тийм биетэй болсноо тайлбарлахдаа “Би өдөрт 6000 калори хэрэглэсний дүнд тийм болсон” гэж ярьсан юм. Ли Прист үүнийг сонсоод “Та бүхэн зүгээр нэг бодоод үз дээ. Өдөрт 6000 калори хэрэглэсэн хүн 55 насандаа тийм харагдана гэж байх уу? Тийм ямар ч боломжгүй. 55 настай хүний тестостеронгүй бие организмд допинг юмуу компьютер график ашиглаж байж л тийм болох боломжтой.

 

 

Миний бодож буйгаар бол Хью Жекман өдөрт дээд тал нь 3000 калори хэрэглэсэн. Гэхдээ 2000 гэвэл илүү үнэнд ойртох байх” гэжээ.

Ли Пристийн ярьснаар бол 40 нас хүрээд эрэгтэй хүний тестостероний хэмжээ буурдаг. Жил бүр дунджаар 1 хувиар буудаг. Тестостерон багассанаар булчингийн масс болон хүч буурдаг. Тиймээс бэлтгэл хийх юмуу хоол хүнс хэрэглээд ч эргэж масс нэмэхэд хэцүү болдог. Тестостероний хэмжээ буух нь гэдэс таргалахтай бас холбоотой байдаг. Нас ахих тусам хүний гормоний хэмжээ буурдаг тул булчин “ургуулахад” бүр хэцүү болдог гэдгийг дурджээ.

 

 

Тиймээс Хью Жекманы биеийн тэрхүү өөрчлөлт нь стероид буюу булчингийн масс нэмдэг допингтой шууд холбоотой гэж Ли Прист мэдэгджээ.

Харин Хью Жекман “Би энэ талаар ярихдаа болгоомжтой байх хэрэгтэй байх. Гэхдээ стероид хэрэглэвэл сөрөг үр дагавар, нөлөө гардаг гэж надад хэлсэн. Тиймээс хэрэглэлгүй, хуучны уламжлалт шалгарсан аргаар булчингаа хөгжүүлсэн” хэмээн ярьсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu