Ооносато: Ёкозүна цолны тухай багшийн хэлсэн үгийг бодох болсон

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 06


Энэ сарын 11-нд буюу ирэх ням гаригт мэргэжлийн сүмогийн Нацү башё эхэлнэ. Нацү башёгийн гол онцлох үйл явдал нь Ооносато ёкозүна болж чадах эсэх байх нь тодорхой.

1958 оноос эхлэн мэргэжлийн сүмогийн жилийн башёгийн тоог дөрөв байсныг зургаа болгож нэмэгдүүлснээс хойш Важима 21 тэмцээний дараагаар ёкозүна цол хүртэж, хамгийн хурдан дээд цолд хүрсэн дээд амжилтыг тогтоосон нь одоо хүртэл эвдэгдээгүй байгаа юм.
 


Энэ амжилтыг эвдэх хамгийн өндөр магадлалтай сүмоч бол озэки Ооносато. Макүшитагийн 10 дээр эрэмбэлэгдэн мэргэжлийн сүмод хөл тавьсан тэрбээр ердөө 12 башёгийн дараагаар ёкозүна цолд тулж ирчихээд байна.

Хаврын башёгийн дараагаар 24 настай Ооносатогийн бие базаахгүй байсан тул бэлтгэлдээ хожуу гарсан. Дөрөвдүгээр сарын 30-нд болсон нийт сүмочдийн бэлтгэл барилдаан дээр тааруухан барилдсан. Жин нь ч урьд байгаагүй хүнд буюу 191 кг татаж байлаа. Энэ нь хоёрдугаар сараас хойш 8 кг жин нэмсэн гэсэн үг. Гэвч сүүлийн хэдэн хоногийн турш бэлтгэл тасралтгүй сайн хийж, формдоо орох шинжтэй болж иржээ.

Өчигдөр л гэхэд озэки Котозакүратай 16 удаа барилдахдаа 10 ялж, 6 ялагдсан байна. “Миний жин багасаж, хөдөлгөөн түргэсэж эхэллээ. Хэдэн хоногийн өмнө хөдлөхөд хэцүү, их удаан байсан. Одоо толинд биеэ харахад яг л сайн бэлтгэлтэй үеийнхтэй адилхан байгаа. 30-нд миний бие халуу оргиод байсан бол одоо тэгэхээ больсон” гэж өгүүлжээ. Хэвлэлийн мэдээллээр бол ойролцоогоор 3-4 кг жин сүүлийн дөрөв хоногт хассан бололтой байгаа гэнэ.

“Өдрөөс өдөрт бие чангарч, сайжирч байна. Тэмцээн эхэлтэл улам бүр сайжирч, формдоо орохыг зорино” гэжээ.

Ёкозүна цол хүртэх бодлын тухай ярихдаа “Багш /ёкозүна Кисэносато/-ийн хэлсэн үгийг бодож байгаа. “Хүчтэй бяртай бөхчүүд озэки цолд хүрдэг л юм. Гэхдээ ёкозүна болох бол арай өөр, тийм амар биш шүү” гэж хэлсэн” гэж Ооносато өгүүлжээ. Энэ нь ёкозүна болоход зөвхөн бяр тэнхээ биш оюун ухаанаа мөн хөвчилж, сайн ажиллуулах хэрэгтэй гэсэн багшийнх нь зөвлөгөө байж.

Кисэносато ёкозүна цолд хүрэх хүртэл хэдэн жилийн турш Японоос дээд цол хүртсэн сүмоч гарч ирээгүйг энд дурдах нь бараг илүүц байх. “Ёкозүна цолны тухай бодохоор сэтгэл догдлоод байх юм билээ. Мэдээж, би өөрөөсөө шалтгаалах бүхнээ хийх болно” гэж Ооносато өгүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu