АНУ-ын засаг захиргаа Украины мөргөлдөөнийг зохицуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд чиглэсэн хүчин чармайлтаа зогсоохгүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын Украины асуудлыг хариуцсан тусгай элч Кит Келлог телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
АНУ-ын засаг захиргаа Украины мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах яриа хэлэлцээнээс удахгүй гарч болзошгүй хэмээн Украины эрх баригчид болон Европын түншүүд нь болгоомжилж байгаа тухай Их Британийн Financial Times сонин мэдээлж байсан юм. Украины мөргөлдөөнийг зохицуулахад тус дөхөм үзүүлэх хүчин чармайлтаа, Украинд үзүүлэх цэргийн тусламжаа зогсоох асуудлыг АНУ-ын засаг захиргаа хоёр долоо хоногийн дараа л хөндөн хэлэлцэж магадгүй гэж Трамп дөрөвдүгээр сарын 24-нд мэдэгдэж байсан аж.
АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Кит Келлогийн мэдээлснээр, Украины эрх баригчид мөргөлдөөнийг зохицуулахын тулд оросуудад эзлэгдээд байгаа газар нутгаа найр тавин өгөхөд бэлэн байгаа хэдий ч үүнийгээ хууль эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа гэнэ. “Украинчууд ийм хувилбарыг зөвшөөрч байгаа. Гал зогсоох горим тогтооход талууд өөрсдийн эзэлж байгаа байрлалд үлдэнэ гэдгийг тэд ойлгож байгаа юм. Яг тухайн үед тогтсон шугамын дагуу гал зогсооход тэд бэлэн байгаа” гэж Кит Келлог тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )