Абу Дабигийн гурван талт хэлэлцээ: ОХУ, Украин олзны цэргүүдээ солилцоно

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Абу Даби хотноо АНУ, ОХУ, Украины гурван талт хэлэлцээний хоёрдугаар үе шат болж өндөрлөв. Үр дүнд нь Киев, Москва сүүлийн таван сард анх удаа олзны цэргүүдээ солилцохоор тохиролцсон байна.

Хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээний дүнд талууд 314 олзны цэргээ солилцохоор тохиролцлоо гэж АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф мэдэгджээ.

Дараагийн гурван талт уулзалтыг ойрын долоо хоногуудад зохион байгуулах боломжтой гэж мэдэгдэлд дурджээ.

Оросын төлөөлөгчдийг ОХУ-ын Тагнуулын төв газрын дарга Игорь Костюков, Украины талыг Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, АНУ-ын талыг Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф нар тэргүүлж оролцов.

Яриа хэлэлцээний эхний үе шат Абу Даби хотноо өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд болсон бөгөөд үр дүнгийнх талаар албан ёсоор мэдээлээгүй. New York Times сонины эх сурвалжийн мэдээллээр, Украины тал эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох хүсэлт тавьсныг Оросын тал хүлээн авчээ. Уулзалтын дараа Доналд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путин эрс хүйтрэхтэй холбогдуулан долоо хоногийн турш Киев болон Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй байхын зөвшөөрсөн хэмээн мэдэгдсэн билээ. Кремль эл мэдээллийг баталсан ба хоёрдугаар сарын 1 хүртэл цохилт өгөөгүй. Киев Москвагийн үйлдэл ижил хариу арга хэмжээ авна гэж мөн мэдэгдсэн.

Оросын тал энэ сарын 3-аас эхлэн Украины дэд бүтцэд цохилт өгч эхэлсэн ба Киевт олон мянган орон сууц халаалтгүй болсон байна. Яриа хэлэлцээний хоёрдугаар үе шат эхлэх үеэр ч мөн халдлагууд үргэлжилж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.128) 55 минутын өмнө

Орост олзлогдсон украйны цэргүүд амарч, эмчлүүлж, идэж ууж байгаад ирдэг бол Украйнд олзлогдсон орос цэргүүд тамлагдаж, яргалуулж, тахир дутуу болж, өлсгөлөнд нэрвэгдэж, өвчинтэй болоод ирдэг нь бодит үнэн…

0  |  0
Top