Такаясү: Одоо надад дийлэхгүй бөх гэж үгүй!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 28


Япон аавтай, филиппин ээжтэй Такаясү одоо 35 настай. Хэдийгээр хэд хэдэн удаа башёд түрүүлэх өрсөлдөөнд сүүлчийн өдөр хүртэл үзэлцсэн ч бүгдэд нь бүтэлгүйтэж дуусгасан. Өнгөрсөн Харү башёд ч мөн адил. Сүүлчийн өдөр залуу озэки Оносатод ялагдсанаар авч болох анхны түрүүгээ атгаад алдсан билээ.

Тэгвэл одоо Такаясү озэки цолоо эргүүлэн авахаар тэмүүлнэ гэжээ. Сүмогийн дэвжээнээс домогт аварга, оргил амжилтын эзэн Хакүхо М.Даваажаргал буусан нь ялж чадахгүй бөх байхгүй хэмээн итгэлтэйгээр хэлэхэд хүргэсэн байна.

Өнгөрсөн башёд сүүлчийн өдөр ялагдсан талаараа ярихдаа “Харамсаагүй гэвэл худлаа хэлсэн болно” гэжээ. “Ер нь би 30 хүртлээ биеэ нэг их хайхраагүй юм. Харин 30 хүрснийхээ дараа бол биедээ анхаарч, эмчилгээ хийлгэж, тордож байхгүй бол болохгүй болсноо ойлгосон. Өнгөрсөн сарын башёгийн өмнө би хоёрдугаар сард Садогатакэ дэвжээнд очиж, озэки Котозакүратай бэлтгэл сайн хийсэн. Котозакүра кадобанд орчихсон байлаа. Би ч өөрөө кадобанд орсон бөх ямар байдгийг мэднэ л дээ. Бэлтгэлээ эрт эхэлсэн болохоор нэг их хүчлэлгүй, аажим аажмаар улам чамбайруулж башёд яг ирэн дээр орж чадсан” гэж ярьсан байна.
 


Залуу хүчтэй сүмочид түрэн гарч ирж буй энэ цаг үед тэдэнтэй хэрхэн өрсөлдөхөө тооцож буйг нь сэтгүүлч асуухад “Залуу сумочид бол эрч хүчээрээ ааглах маягтай барилддаг. Харин миний хувьд бол тэднийг ялахын тулд туршлагаа ашиглана. Мэдээж, мөн залууст ялагдахгүйн тулд биеийн бэлтгэлээ сайн хийлгүй яахав. Өрсөлдөгчөө судлах хэрэгтэй л дээ. Бөх бүр өөрийн гэсэн арга барилтай, давуу болон сул талтай. Давуу талыг нь л хорьж, өөрийнхөөрөө барилдах боломжийг нь өгөхгүй байх ёстой. Жишээ нь, өрсөлдөгчдөө мавашины барьц өгөлгүй, өөрөө хоёр маваши атгачих хэрэгтэй. Тэрнээс биш залуустай хурд, хүчээрээ шууд тулах нь утгагүй” хэмээн Такаясү өгүүлжээ.

“Танд бас өөрийн гэсэн давуу тал, бяр хүч байгаа шүү дээ?” гэж сэтгүүлч лавлахад “Магадгүй би дэндүү шулуухан хэлж байж болох юм. Одоо надад дийлэхгүй бөх гэж үгүй. Өмнө нь бол Хакүхо байлаа. Маш хүчтэй болохоор давна гэж бараг байхгүй. Харин одоо бол түүнтэй дүйхээр бөх алга. Тиймээс надад боломж байна гэж боддог. Гэхдээ энэ залуусын хүч тамир мөдхөн бас чангарна” гэжээ.
 


Дашрамд сонирхуулахад, ёкозүна Хакүхо замналдаа таарсан хамгийн хүчтэй сүмочийг нэрлээч гэхэд Такаясүг хэлсэн байдаг билээ.

“Одоо би хөлний булчин, тэнцвэр дээр л илүү анхаарч байна. Хөл сул байх юм бол хэцүү” хэмээн Такаясү яриад тавдугаар сарын башёд ямар зорилготой барилдахыг нь асуухад “Ялалтаа хоёр оронтой тоонд хүргэх зорилготой. Хэрвээ би эргээд саньякүд хүрчихвэл дараа дараачийн барилдаанд бас хоёр оронтой ялалт байгуулахыг хүсэх болно. Тэгээд озэки цолоо эргүүлэн авахыг зорино” хэмээн хариулжээ.

Мэргэжлийн сүмогийн Нацү башё тавдугаар сарын 11-25-нд болно.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.85) 2025 оны 04 сарын 28

Хэнд хэрэгтэй гэж ийм юм нийтлэх, одоо ямар амьтан энийг сонирхох вэ дээ, сумо моодноос нэг мөсөн гарсан, одоо ямар ч come back байхгүй ш дээ

0  |  1
Close menu