Шинэ Хархорум хотын суурьшлын бүс  Улаанбаатар хотынхоос гурав дахин том байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 05 сарын 22

Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээллийг  Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонслоо.

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж дараах мэдээллийг өгөв. 

Шинэ Хархорум хотыг 500 мянган хүн ам амьдрахаар төлөвлөжээ. Хотын суурьшлын бүсийг 25 мянган га-д хийхээр төлөвлөсөн аж. Энэ нь Улаанбаатар хоттой харьцуулвал 3 дахин том бөгөөд Улаанбаатар хотын суурьшлын бүс 9200 га юм байна. Хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн онцлог, нийгэм эдийн засгийн өсөлт, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлагад нийцүүлэн Хархорум хотыг Засаг захиргаа, Түүх, соёлын аялал жуулчлал, Олон улсын харилцаа, Өндөр технологийн үйлдвэрлэл, Эрүүл мэндийн үйлчилгээний төв болгон хөгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон аж. 

Хотод байгуулах нийгмийн дэд бүтэц буюу цэцэрлэг, сургууль хаана, хэдийг байгуулах нь үндсэндээ тодорхой болсон гэсэн мэдээллийг өгсөн. Хотын хамгийн өндөр хэсэг 26 давхар буюу 80 метр хүртэл, дунд хэсэгтээ газрынхаа зориулалтаас шалтгаалаад 50 метр хүртэл буюу 16 давхар барилгатай байхаар төлөвлөжээ.

Шинэ Хархорум хотын төлөвлөлтөд иргэд, олон нийт, эрдэмтэн, судлаачид, хот төлөвлөлтийн салбарын мэргэжилтнүүд, төрийн болон мэргэжлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын санал, зөвлөмжийг авах үйл ажиллагааг үе шаттайгаар явуулсан гэлээ. 

Нийт 68 удаагийн уулзалт, 5 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.218.28) 2024 оны 05 сарын 23

Метро, эрчим хүч, инженерийн шугам сүлжээгээ дор хаяж 30 жилийн нөөцтэйгөөр төлөвлөх хэрэгтэй гэж бодож байна

0  |  0
Top