ТОЙМ I Ротшилд яагаад ДЭЛХИЙН ЭЗЭН гэгддэг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 01

ДЭЛХИЙН ЭЗЭН ГЭГДДЭГ РОТШИЛД АГСНЫ РОКФЕЛЛЕРТЭЙ ХИЙСЭН ХЭЛЦЭЛ, ЕР БУСЫН ЦУГЛУУЛГА БА ДҮҮГИЙНХ НЬ НУУЦЛАГ ҮХЭЛ


“Миний нэр Жейкоб Ротшилд. Миний гэр бүл 500 их наяд ам.доллароор үнэлэгддэг. Бид дэлхийн бараг бүх төв банкийг эзэмшдэг. Наполеоны үеэс эхлэн бүх дайны хоёр талыг санхүүжүүлсэн. Бид та бүгдийн мэдээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, газрын тос болон засгийн газрыг эзэмшдэг” гэх барон Жейкоб Родшилдийн нэрээр бичсэн хуурамч үг нийгмийн сүлжээгээр хэсүүчилж байв.

Жейкоб Ротшилд 87 насандаа амар амгалан хорвоог орхисон. Тэрээр маш цөөн тооны ярилцлага өгч байсныгаа “төрөлхийн ичимхий”  хэмээн тайлбарладаг байжээ. Гэхдээ түүний энэ зан хуйвалдааны онолд итгэгчдэд түүнийг дэлхийн бөмбөрцгийн нууц эзэн гэж үзэхэд саад болсонгүй.

Дөрөвдөх барон Ротшилдийн намтарт тийм ч ер бусын гэх зүйлгүй мэт. Итон, Оксфордын сайн боловсрол эзэмшиж, гэр бүлийнхээ банканд ажиллан, өөрийн санхүүгийн эзэнт гүрнийг байгуулж, бат бөх гэр бүл, дөрвөн хүүхэдтэй болсон. Гэвч бароны амьдралын замнал руу нарийн өнгийх юм бол ёроолгүй ангал харин ч нэг нээгдэнэ.

Төрөл саднуудаасаа салсан нь

Жейкоб төрөл садан, тэр дундаа өөрийн эцэг Виктор /Их Британийн сөрөг тагнуулын МИ5 албаны дэд захирал, Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тетчерийн ахлах зөвлөх асан/ болон үеэл Эвилинийг сөрөв. Санхүүч Лондон дахь банкаа “SG Warburg” банктай нэгтгэхийг хүссэн. Тус банкийг үүсгэн байгуулагч Зигмунд Варбург Европыг нэгтгэхийн төлөө идэвхтэй зүтгэж, Европын үнэт цаасны зах зээлийн эцэг хэмээн нэрлэгддэг.

Гэвч ийм алхам Ротшилдийнхний мөнгө гэр бүл дотроо үлдэх ёстой гэсэн гол дүрэмтэй харшилж байлаа. Энэ дүрмээ ягштал мөрддөг Ротшилдийнхэн төрөл, саднуудтайгаа хүртэл гэрлэдэг байв. 1984 оноос 1977 оны хооронд Ротшилдийнхэн өөр хоорондоо нийт 15 гэрлэлт бүртгүүлж байжээ.

Вайбургтай хэлцэл хийж чадаагүй ч Жейкоб бизнесээ хувааж дөнгөв. 1980-аад онд тэрбээр өөрийн компаниа гэр бүлийнхээ банкнаас салгаж, тусдаа гарав. Ротшилдийн “RIT Capital Partners” сангийн орлого 1998-аас 2018 оны хооронд 2400 хувьд хүрчээ.

Дүү нь амиа егүүтгэв

Жейкоб салан тусгаарласны дараа Ротшилдийнхний Европ дахь үйл хэргийнх нь гол залгамжлагчаар түүний эцэг нэгт дүү Амшелийг тодруулж байлаа. Ах, дүү хоёрын эцэг Виктор 1990 онд нас барсны дараа гэр бүлийн бизнесийн жолоог мөнөөх “Эвелин үеэл” нь гартаа авчээ. Гэвч түүний хөвгүүд банкирын замаар замнасангүй. Нэг нь бүр байгаль орчныг хамгаалахын төлөө тэмцэгч болсон юм.

1996 онд Амшелийг Парисын “Бристол” зочид буудлын өрөөнд нас барсан байхыг нь олжээ. Амшель дөнгөж 41 настай байв. Төрөл, саднууд нь хэвлэлд илүү мэдээлэл алдагдахаас сэргийлэхийн тулд боломжит бүхий л арга хэмжээг авсан. Гэвч “The New York Times” хэвлэлд “Хүмүүсийн ярьж байснаар, эцэг нэгт ахтайгаа холбоогоо тасалснаас болж гүн хямралд орсон байсан” гэж бичиж байжээ.

Нас барахаасаа өмнө Амшель “Rothschild Asset Managements” компанийн дэд дарга Питер Тротонтой уулзаж байсан аж. Тэд оройн хоолонд хамт орохоор тохиролцсон байна. Тротоны ярьснаар, уулзалт сайхан болж өнгөрчээ. Амшельд ямар нэгэн сэтгэл түгшсэн шинж байдал ажиглагдаагүй байна. Банкирыг хамтран зүтгэгч нь зочид буудлын хүлээлгийн танхимд түүнийг 20 минут хүлээжээ. Энэ үеэр үйлчлэгч Ротшилдийнхний найдвар болсон Амшелийг амьсгал хуураасан байхыг ванны өрөөнөөс нь олсон байна. Тэр өөрийгөө дүүжилсэн байлаа.

Энэхүү эмгэнэлт явдлын дараа Жейкобын дайсан болох Эвелин де Ротшилдийн ажил төрөл бүтэлгүйтэж эхлэв. Тэр хоёр жилийн өмнө мөн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Харин өдгөө бүтэл муутай өв залгамжлагчид нь Эвелиний гурав дахь эхнэртэй өв хөрөнгөнийх нь үлдэгдэл дээр зодолдсоор байна.

Эцсийн дүнд Жейкоб Ротшилдийнхний дунд хамгийн чинээлэг нь болж үлджээ.

Хачирхалтай цуглуулга

Магнатын хамгийн хайртай “тоглоом” нь Лондон хотоос 50 км зайд байрлах Уоддесдон эдлэн байв. Эдлэнг алдарт Луарын цайзуудын сүрийг дарах зорилгоор түүний өвөг эцэг Фердинанд бариулжээ. Эдлэн эртний эдлэл, ниыт 25 мянгаар тоологдох урлагийн бүтээлээрээ алдартай. Ротшилд цайзыг засварлан, зарим хэсгийг нь олон нийтэд зориулж нээж байв.

Алдарт уран зураачдын бүтээлүүд, эртний эдлэлүүдээс гадна эдлэнд төмөр утсаар бүтээсэн гурван метр өндөр данх, шавраар хийсэн 12 м хуримын бялуу олны нүдийг хужирладаг. Хуримын бялууг Жейкоб Ротшилд Португалийн нэгэн уран барималч, зураачид захиалан хийлгэжээ. “Тэр үед “Алиса гайхамшгийн оронд” зохиолоос санаа авсан. Үнэхээр гайхалтай болсон. Бялууг лусын дагинас, гэрлэн чимэглэлээр чимсэн” гэж тэрбумтан дурсан ярьжээ.

Рокфеллертэй гэрээ хийсэн нь

2012 онд Жейкоб Ротшилд, АНУ-ын иргэн, дэлхийн хоёрдох эзэн, мөн мөнх бусыг үзүүлсэн Дэвид Рокфеллер нар өөрсдийн активаас 40 тэрбум ам.долларын хөрөнгөө нийлүүлэх тохиролцоонд хүрчээ. Ротшилдийн траст компани Рокфеллерийн толгой компанийн хувьцааны 37 хувийг худалдан авсан байна.

Энэхүү хэлцлийн шалтгаан нь тухайн үед таамаг төдий байв. Ротшилд Америкийн зах зээлийг гартаа оруулах боломж гэсэн нэг хувилбар албан ёсоор яригдаж байлаа. Харин өдгөө хоёр эрхэм хүчтэй савлагаа үүсэх гэж буйг урьдчилан харсан гэсэн дүгнэлт хийхээр байна. Эсвэл тэр хоёр хоёул үүнд оролцсон уу?

Их наяд уу эсвэл тэрбум уу?

Мэдээж хэрэг талийгч ямар ч 500 их наяд ам.доллартой байгаагүй. Ер нь ч “Forbes” сэтгүүлээс гаргадаг жагсаалтад орсон хэн бугайд ч ийм хөрөнгө байхгүй. Жагсаалтыг тэргүүлэгч Бернар Арногийн хөрөнгө 231 тэрбум ам.доллароор хэмжигддэг. Гэхдээ “Forbes”-ын жагсаалтад “жагсаалтаас ангид үлдэх ухаан дутсан” хүмүүс л ордог гэж ярих нь бий. Ротшилдийн “RIT Capital Partners” сангийн цэвэр актив нь 3.5 тэрбум фунтээр үнэлэгддэг бол ямар дүгнэлт хийх ёстой гэж?

Ротшилдийнхний санхүүгийн эзэнт гүрний цэвэр хөрөнгийг үнэлэхэд бэрх. Үүнд мөнгөнөөс гадна тус гэр бүлийн XVIII зуунаас хойш тогтоосон харилцаа холбоо багагүй үүрэг гүйцэтгэдэг. Харин өдгөө эл харилцаа холбоо Ротшилдийн тав дахь барон болох талийгчийн хүү Натаниэлд өвлөгдөн үлдэж байна. Харин шинэ үеийн барон Украинд хэдийн цахиур хагалаад амжжээ. Тухайлбал, Натаниэл Харьковд “Украины цахирын хөндий”-г нээх төслийг судалж байв. Харин үүнээс өмнө эцгийнхээ нэгэн адил Орост гаднын агентаар цоллогдсон бизнесмен Ходорковскийтой хамтарч байсан. Хэсэг хугацаанд тэр Кишиневийн нисэх онгоцны буудлыг эзэмшиж ч үзжээ. Ямартаа ч 53 настай барон аливаа зүйлд далайцтай ханддаг болохоо харуулаад байна.

Ротшилдийнхнийг тойрсон хуйвалдааны онолыг бүт ниргэх зорилготой ном саяхан гарсан билээ. Номын зохиогч “Наполеоны эсрэг тэмцэлд томоохон үүрэг гүйцэтгэсэн тус гэр бүлд дургүйлхсэн францууд эрт дээр үеэс эхлэн Ротшилдийнхний тухай таагүй домог, яриа төрүүлсэн” гэж бичжээ. Ер нь бол орчин үед удам дамжсан банкируудын даруухан нөлөөг Жорж Соросын үүрэг, рольтой харьцуулшгүй болсон. Бүх зүйл ингээд л өнгөрөх байв. Гэвч номын зохиогчийн нэр ...Майк Ротшилд.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.9.46.132) 2024 оны 03 сарын 01

Наполеоны үеэс эхлэн бүх дайны хоёр талыг санхүүжүүлсэн. Бид та бүгдийн мэдээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, газрын тос болон засгийн газрыг эзэмшдэг unen....666

0  |  0
Top