2025 онд дэхийн тэргүүн 500 эрхмийн хөрөнгө 2.2 их наядаар өсжээ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Улиран одсон 2025 онд манай гарагийн тэргүүн 500 эрхмийн нийт хөрөнгө 2.2 их наяд ам.доллароор өсөж, нийт хөрөнгийнх нь хэмжээ 11.9 их наяд ам.долларт хүрчээ. Энэхүү өсөлт нь 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулсантай холбоотой гэж  Блүмберг агентлаг онцолсон байна.

Өсөлтийн хувь хэмжээгээр технологийн корпорацтай холбоотой бизнесменүүд тэргүүлж байна. Тухайлбал, нийт 2.2 их наядын өсөлтийн 25 хувь нь наймхан хүнд оногдож байгаагийн дунд Oracle компанийн ТУЗ-ийн дарга Ларри Эллисон, тэрбумтан Илон Маск, Alphabet компанийн үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пейж, Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос нар оржээ.

Мөн хөрөнгийн өсөлтийн ихэнх хувь нь буюу 1.1 их наяд ам.доллар АНУ болон Канадад ногдож байгаа бол Ази, Номхон далайн бүс нутгийн баян эрхмүүдийн хөрөнгө 550.7 тэрбум ам.доллароор өсөж, хоёрт багтсан байна.

Илон Маск хөрөнгийнх нь хэмжээ 700 тэрбум ам.долларыг давсан түүхэн дэх анхны хүн болсныг Forbes сэтгүүл 2025 оны арванхоёрдугаар сарын 20-нд онцлон мэдээлж байсан билээ. 2020 оны гуравдугаар сард 24.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан Илон Маск 2021 оны нэгдүгээр сард дэлхийн хамгийн чинээлэг хүнээр тодорч, тухайн онд түүний хөрөнгө 200-300 тэрбумыг давж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top