Алга болоод олон жилийн дараа олдсон хүмүүсийн ХАЧИРХАЛТАЙ ТҮҮХ

2024 оны 02 сарын 02

Дэлхий дахинд жилд олон мянган хүн сураггүй алга болдог байна. Тэгвэл эдгээр хүмүүс найдлага тасарсан байхад гайхамшигтайгаар олджээ. Тэдний түүх маш хачирхалтай.


Самар авахаар гараад 16 жил алга болсон нь

2003 оны есдүгээр сард бичиг баримтгүй, ой санамжаа алдсан бүсгүйг Красноярскт авчирчээ. Тэр хэлгүй, дүлий байсан бөгөөд зөвхөн өөрийнхөө нэрийг л Юля гэдгийг мэдэж байв. Харин өнгөрсөн хавар сайн дурынхан сошиалын тусламжтайгаар түүний гэр бүлийнхнийг хайж эхэлжээ. Тэд бүсгүйн ахыг Томскоос олсон бөгөөд Юля 16 жилийн өмнө самар авахаар гэрээсээ гараад сураггүй болсон байсан аж. Тэр Красноярскт амьдарч, гэр бүлийнхэнтэйгээ огт холбоо бариагүй, сураггүй алга болсонд тооцогдож байжээ.

Одоо Юля ах дүүстэйгээ нийлсэн байна.

Миннесотад хулгайлагдсан Ян Броберг

1977 онд АНУ-ын Миннесота мужийн Пайн Барренс хотоос 13 настай Ян Броберг хүүг хулгайлжээ. Хотын захад эцэг, эхтэйгээ амьдардаг Ян хүү хулгайлагддаг өдрөө гэртээ ганцаараа үлдсэн байсан аж. Тухайн өдрийн орой хөршүүдийнх нь нэг нь Бробергийн байшингийн гэрэл асаалттай байгааг хараад бүх зүйл хэвийн эсэхийг шалгахаар ирэхэд Ян хүү гэртээ байхгүй, өрөөнд нь хувцас хунар нь байжээ.

Тэр өдрөөс хойш гурван сар гаруйн хугацаанд Яны эцэг, эх болон хотын цагдаагийнхан хүүг хайжээ. Үүний дараа Яны аав, ээж рүү хүүг нь барьцаандаа байлгаж байгаа гэж нэгэн хүн залгаж эхэлсэн байна. Тэр хүн жирийн физик эмчилгээний эмч Кеннет Паркер гэгч байжээ.

Тэрээр Яныг Канадын Манитоба муж дахь гэртээ авчирч, хагас жил гаруйн хугацаанд хорьсон байна. Паркер Яныг гэр бүлийнхэн рүүгээ захидал бичиж, өөрийн хүслээр барьцаанд үлдэхийг шаардаж байжээ.

Эцэст нь Яныг аварч энэ түүх дуусжээ. Паркерыг Канадын цагдаа нар баривчилж, Яныг ойролцоох ойгоос олсон байна. Паркер ажилдаа явахдаа хүүг ойд орхисон байжээ.

Хаднаас машинтайгаа унасан эмэгтэй

Гэр бүлийнхэн дээрээ зочлохоор Калифорниа руу явж байсан Анжела Эрнандес гэнэт сураггүй болжээ. Машиндаа унтахаар хүнсний дэлгүүрийн зогсоол дээр зогсож байна гэж гэрийнхэн рүүгээ мессеж бичсэн Анжела сураггүй болж, гэрийнхэн нь цагдаад хандсан байна. Бүсгүйг хайх явцад хоёр жуулчин түүний машины хэмхэрсэн эд анги хадны ёроолд байхыг харсан байжээ.

Долоо хоногийн дараа Анжела амьд олдсон бөгөөд аврагдахаа хүлээж байхдаа машиныхаа радиаторын хоолойг ашиглан ойролцоох голын уснаас соруулж ууж байсан аж.

Австрийн зохиолч Наташа Кампушийн аймшигт түүх

Энэ бол хамгийн алдартай бас аймшигтай түүх. Австри охин Наташагийн найман жилийн турш хоригдсон түүхээр олон кино, ном бүтээгдсэн байдаг. “3096” гэх кино төсөл нь шуугиан тарьсан юм.

1998 оны гуравдугаар сард 10 настай Наташаг нэгэн этгээд хулгайлж, байшиндаа аваачин хорьжээ. Вольфганг Приклопил гэгч уг эрэгтэй Наташаг сургууль руугаа явах замд нь харуулдаж байгаад хулгайлсан бөгөөд байшингийнхаа подвалд найман жил гаруй хорьсон аймшигт түүхтэй. Тэрээр Наташаг өвөөгийнхөө бөмбөгдөлтөөс хоргодох байр болгон бий болгосон подвалд хорьж, зодож, бэлгийн дарамт үзүүлж байжээ. Хоригдсон эхний жил гаруйн хугацаанд охин подвалаас өөр газар хараагүй бөгөөд өдөр бүр зодуулдаг байв. Нэлээд хугацааны дараа Вольфганг Приклопил Наташаг цэцэрлэг рүү гаргаж, бүр гэрээсээ гарган цанын бааз руу авч явсан удаа ч байдаг аж. Гэхдээ охинд зугтах боломж огт гараагүй тухай ярьсан байдаг.

Охиныг хорьж байсан өрөө 

Харин 2006 онд Наташад зугтах боломж гарчээ. Барьцаалагч Наташад машин цэвэрлэхийг тушаасан бөгөөд охин ажлаа эхлэхэд утас дуугарч, Вольфганг Приклопил утас авахаар явсан байна. Энэ хойгуур Наташа тоос сорогчийг асаалттай орхин зугтжээ.

Охин хэдэн байшин өнгөрөөд нэг айлын хаалга тогшиж, хөрш эмэгтэй нь цагдаа дуудсанаар аврагдсан аж. Харин Вольфганг Приклопил Наташаг зугтсаныг мэдээд амиа хорлосон байна. Охины ярьснаар тэрээр “Цагдаа нар намайг хэзээ ч амьд барьж чадахгүй” гэж хэлдэг байжээ.

Наташа найман жилийн хорионы дараа маш туранхай, харилцаж чадахаа больсон байсан ч сэтгэлзүйн байдал нь хэвийн байсан нь гайхалтай байв. Тэр ч бүү хэл охин гэмт хэрэгтнийг өрөвдөж, хамгаалж байжээ. Энэ нь Наташа хэрэгтэнтэй сэтгэлзүйн хувьд холбоотой болсон хам шинжийг харуулсан юм.

Хэрэгтний сэдэл нь тодорхой бус байсан бөгөөд цагдаа нар түүнийг Наташаг хүчирхийлдэг байсан гэж үзсэн ч баталгаа олдоогүй аж. Наташа ч бэлгийн хүчирхийллийн талаарх асуултад хэзээ ч хариулт өгөхгүй гэдгээ ярилцлага өгөхдөө хэлж байв.

Одоо Наташа Кампуш хүчирхийлэлтэй тэмцэх сангийн ажилд идэвхтэй оролцож, ном бичиж, зураг зуран аз жаргалтай амьдардаг. Тэрбээр мөн “Natascha Kampusch trifft” гэх шоугаа хийж, 2010 онд хэдэн сэтгүүлчтэй хамтран “3096 өдөр” нэртэй номоо хэвлэсэн билээ.

Түүнчлэн 2016 онд Наташа найман жил хоригдож байсан байшингаа худалдаж авсан нь хүмүүсийг гайхшируулсан юм. Сэтгэл судлаач нар түүний энэ үйлдлийг сэтгэлзүйн гэмтлээсээ салах арга гэж тайлбарлажээ. Охин хамгийн аймшигт дурсамжууд нь хадгалагдаж байгаа байшинг худалдаж авснаар хохирогчийн сэтгэлзүйгээсээ салах арга хэмжээ авсан байна.

“Ээж байхад бэлэн биш байна...”

Лула Жиллеспи-Миллер гэх эмэгтэй 28 настайдаа гурав дахь хүүхдээ төрүүлжээ. Гэхдээ ээж байхад бэлэн биш байгаагаа мэдэрч, эцэг эхийнхээ талд ашигтайгаар хүүхдээсээ татгалзах гарын үсэг зураад сураггүй болсон байна.

Лула 1974 онд сураггүй болсон бөгөөд 40 жилийн дараа сайн дурын байгууллага түүнийг хайж эхэлсэн аж. Түрүүч Скотт Жарвис түүнийг хайх явцдаа Лулатай бүх талаараа их адилхан эмэгтэй Техаст амьдарч байсныг олж мэджээ. Эцэст нь Лулаг Техасаас 42 жилийн дараа олж, охин нь ээжтэйгээ уулзахыг хүссэн ч эмэгтэй бэлэн болтлоо охинтойгоо ярихаас татгалзсан байна.

Ойд алга болсон эмэгтэй

Йог, физик эмчилгээний эмч Аманда Эллер 2019 онд Хавайд дархан цаазат газрын ойд алхаж байгаад төөрчээ. 35 настай бүсгүйг хоёр долоо хоногийн дараа аврах албаны нисдэг тэрэг олж харахад тэрбээр хөл нүцгэн, гараараа даллан явж байсан гэнэ. Аврагч нарын ярьснаар Амандаг олсон явдал нь ер бусын байсан аж.

Бүсгүйн нэг хөл хугарсан байсан ч ойн гүн рүү орсон байсан бөгөөд араас нь явсан эрлийн багийнхан олоогүй байна. Олон хоног хайсны дараа Амандагийн гэр бүлийнхэн түүнийг олсон хүнд 50 мянган ам.долларын шагнал амласан байжээ.

Хоёр долоо хоногийн дараа аврагч нар бүсгүйг олоход тэрбээр хөнгөн гэмтэлтэй, 8 кг турсан, бусад бүх зүйл нь зүгээр байсан гэнэ. Физик эмчилгээний эмч мэргэжил, йогийн техник болон тухайн газрын ургамлын тухай мэдлэг нь түүний амийг аварсан байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top