ТӨСӨВ 2024: 18 аймгийн 6500 гаруй иргэний саналыг тусгажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 29

Засгийн газраас төсвийн төслийг аравдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барих ёстой байдаг.

Түүнчлэн  Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2023.09.29) Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Сангийн сайдын зүгээс  2024 оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болсон гэж тодотголоо. 

“Хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжиж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн албан хаагчдад орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгажээ. 

Уг нэмэгдэлд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид ирэх оноос шинээр хамрагдана. 

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан дунд хугацааны зорилтот хөтөлбөр болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд төр, хувийн хэвшил, орон нутаг, гадаадын олон улсын байгууллагатай хамтран орон нутагт орон сууц барих ажлыг бодлогоор дэмжихээр төлөвлөжээ.

Ингэхдээ инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн суурин газарт барьсан орон сууцанд ипотекийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр төсөв, мөнгөний бодлогыг уялдуулан Төрөөс баримтлах мөнгөний бодлогод тусгасан бол инженерийн дэд бүтэцгүй, хөгжих потенциал муутай суурин газарт эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны схемийг хөгжүүлэх замаар шийдвэрлэх аж.

Түүнчлэн орон нутагт нийтийн орон сууцны зориулалттай барилга барьж, борлуулсны орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг, орон сууцны барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг мөн тус тус хөнгөлөхөөр болжээ. 

Төсвийн төслийг өргөн барихаас өмнө  Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг нийтдээ 18 аймагт ажиллажээ. 

 Анх удаа зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд 6500 гаруй иргэн оролцсон бөгөөд тэдгээр иргэдийн 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээтэй холбоотой өгсөн саналыг төсвийн төсөлд эрэмбэлэн тусгаснаараа онцлог болсон гэж Засгийн газраас тодотгож байна.

Иргэдийн саналаар эрэмбэлсэн нийт төслийн 59 хувь нь зам тээврийн салбарт, 17 хувь нь боловсролын салбарт, 11 хувь нь эрчим хүчний салбарт, 4.3 хувь нь барилга, хот байгуулалтын салбарт, үлдсэн нь бусад салбарт хэрэгжихээр тусгажээ. 

Хуулийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын хувьд дийлэнх төслүүд нь дэд бүтцийн буюу зам тээвэр, эрчим хүч, инженер хангамжийн дэд бүтцийн салбарт хэрэгжихээр байгаа бөгөөд нийгмийн салбарын хувьд ихэнх нь боловсролын салбарт хэрэгжих төслүүд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ergggf(203.23.49.49) 2023 оны 10 сарын 01

Дараа төлбөрт дугаараа хаалгасан ч хаахгүй байсаар илүү төлбөр нэхсэн Mобикомд луйвардуулаад банкны өрийн хар дансанд бүртгүүлчихлээ. Ийм луйварт өртсөн хэдэн зуун мянгад иргэд байна. Зарим нь өөрсдийгаа өрийн хар дансанд бүртгүүлсэн ч гэж мэдэхгүй явж байна. Зарим нь аргагүйн эрхэнд ашиглаагүй байж төлбөр төлөөд салж байна. Энэ хар дансанд бүртгэж иргэдийг луйварддаг луйврыг зогсоох арга байна уу. Мобикомынхон үүнээс гадна дата зараад хугацаанаас өмнө дуусгаж луйвардаж байна минутын, мессежийн гэх мэт маш их луйвар хийж байгааг зогсоох цаг болжээ. Луйвардуулсан бүх хүмүүс хүлцэнгүй байхаа бол

0  |  0
Top