Э.Энхтайван: Согтууруулах ундаа хэрэглээд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнхийг 18-44 насныхан эзэлж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 30

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, ахмад Э.Энхтайван “Та татгалз” арга хэмжээ болон архидан согтуурахтай тэмцэх ажлын хүрээнд ярилцлаа. 


-“Та татгалз” аяныг хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ талаараа мэдээлэл өгнө үү?

-“Та татгалз” бол арга хэмжээ юм. Аян гэхээр арай өргөн хүрээг хамарсан зүйл байдаг. Ноднин жилийн дөрөвдүгээр улиралд зохион байгуулсан “Намайг алгас” нөлөөллийн аяны үргэлжлэл буюу бататгах арга хэмжээ болгож “Та татгалз”-ыг зохион байгуулж байгаа. Ер нь нөлөөллийн аян, арга хэмжээнүүд маань ямар үр дүнд хүрч байгаа вэ гэдгийг энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо, судалгаанаас харж болно. Тухайлбал, найман сарын байдлаар улсын хэмжээнд 25 мянган гэмт хэрэг үйлдэгдсэн байгаагийн 3200 орчим нь согтуугаар үйлдэгдсэн байгаа юм. Энэ нь нийт гэмт хэргийн 13 хувийг эзэлж байгаа ч 15.8 хувиар буурсан үзүүлэлт гарч байна. Өөрөөр хэлбэл согтуугаар үйлдэж байгаа гэмт хэргийн тоо буурч, иргэдийн эрх чөлөө, аюулгүй байдал нь энэ хэрээр бүрдэж, хангагдаж байна гэж ойлгож болно.

-Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо буурахад юу нөлөөлсөн бэ?

-Цагдаагийн байгууллагаас архидан согтуурахтай тэмцэх, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, олон талт арга хэмжээний үр нөлөө гарч байна гэж харж байгаа. Өмнө нь авч хэрэгжүүлж байсан аян, арга хэмжээн дээр иргэдэд чиглэсэн, зан ухамсарт нь нөлөөлөх мессеж өгөх үг, үйлдлүүдийг олон хэлбэрээр өгсөн. Согтууруулах ундааны буруу хэрэглээ, дадал зуршил гэдэг маань эмх замбараагаа алдчихсан. Үүнээсээ болоод архидан согтуурахаараа аливаа хэрэг зөрчилд орчихдог. Хэтрүүлэхээрээ амь насаа алдаад байна. Ер нь архины зохисгүй хэрэглээ гэж байж боломгүй зүйл. Үүнийгээ л болих хэрэгтэй гэдэг зүйлийг сэрэмжлүүлэг болгож өгсөн. Уг мессежийг эрүүл мэндийн байгууллага, олонд танигдсан хүмүүс, албаны хүмүүсээр өгүүлсэн. Үүний үр дүн ч гарч, иргэдийн маань зан ухамсарт нөлөөлсөн юм болов уу гэж дүгнэсэн. Энэ тухай хүмүүс хүртэл ярьж байгаа.

Сар шинийн баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зэргээр биесээ хэтэртэл нь шахаж согтоох нь больсон байна. Яагаад гэвэл хүнийг согтууруулах ундаагаар шахна гэдэг бол бүдүүлэг үйлдэл, буруу зуршил юм. Тухайн хүнийг гэмт хэрэгт холбогдох магадлалыг нь тэр хэрээрээ нэмэгдүүлж байдаг. Энэ ч утгаараа бусдыгаа шахахаа больсон байна. Мөн өөрөө үнэхээр хэрэглэмээргүй бол “Намайг алгасчих” гэдэг үгээр хүртэл соёлтойгоор илэрхийлдэг болсон. Энэ мэтчилэн эерэг нөлөө, үр дагаварууд гарч эхэлсэн. Улсын хэмжээнд 150-200, баяр ёслолын буюу ачаалалтай өдрүүдэд 250-300 хүн эрүүлжүүлэгддэг байсан нь ч энэ оны эхний найман сарын байдлаар 20-30 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Нэг дүүргийн эрүүлжүүлэх байр 8-10, зарим тохиолдолд 20 хүн байдаг байсан бол жирийн өдрүүдэд энэ тоо 4-5 болж буурсан. Ийм байдлаар согтууруулах ундааны хэрэглээ, согтуугаар үйлдэгддэг гэмт хэргийн гаралт буурсан. Үүнээсээ үндэслээд энэ үр дүнг бататгахаар энэ арга хэмжээг явуулж байна. Та өмнө нь өөрийгөө алгасуулж чадсан юм чинь энэ удаад бүүр хорт зуршлаар бүр татгалзаач гэсэн уриалгыг хүргэж байгаа юм. Арга хэмжээг цахим орчинд 30 орчим хувиар мэдээллийг нь түгээж, үр дүнд чиглэсэн бодит арга хэмжээнд 70 орчим хувийг нь чиглүүлнэ. Яг зорилтод бүлэг буюу архины хамааралтай хүмүүсийг нийгэмшүүлэх, тэднийг сайн дурын үндсэн дээр нь хорт зуршлаас нь татгалзуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

-Архины хамааралтай хэдэн хүн байдаг вэ?

-Улсын хэмжээнд 2800 орчим хүн цагдаагийн байгууллагын судалгаанд байна. Гэхдээ хэлбэлзэлтэй тоо. Согтууруулах ундаа хэрэглээд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн статистикаас харахад 18-44 насныхан зонхилж байгаа юм. Тийм болохоор оюутан залууст хор уршгийг нь ойлгуулах зорилгоор Монголын оюутан, залуучуудын холбоотой хамтран мэтгэлцээн, бусад төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” гэсэн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүний хүрээнд ноднин жил “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт чуулган болсон. Уг чуулганы үеэр согтууруулах ундааны хэрэглээ, тэр дундаа зохисгүй хэрэглээг багасгах хэрэгтэй, монгол хүний эрүүл мэндэд анхааръя. Аж ахуйн нэгжүүдийн дунд болдог хавтгайрсан цайллага, дайллагыг болъё гээд 43 дугаар зарлигаа Ерөнхийлөгч гаргасан. Энэ зарлигийн хэрэгжилтийг хангах хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, “Эрүүл Монгол” хөдөлгөөнтэй хамтран ажиллаж байна. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотой яг бодит үр дүнд чиглэсэн ажлуудыг хийж байгаагаараа онцлогтой.

-Архины хамааралтай хүмүүсийг эмчлэх ажил хэр үр дүнтэй байдаг вэ. Нэг эмчлүүлсэн хүмүүс буцаад архиа уух тохиолдол бий юу?

-Эрүүл мэндийн байгууллагууд маань олон улсад жишиг болсон 4С гэсэн хөтөлбөрийг оруулж ирээд эмчилгээ, үйлчилгээг явуулж байгаа юм билээ. Уг хөтөлбөрөөр бол хоёр талын ажиллагаа их чухал гэсэн. Тухайн хүн болон ар гэрийнхэнтэй нь хамтран сэтгэл заслын болон эм, эмнэлгийн эмчилгээг хийдэг юм билээ. Эмчилгээний хугацаа нь 28 хоног байдаг ч тухайн хүний эдгэрэл явах нь тодорхой хугацаатай байдаг. Шууд гараад л үйлдвэрээс гарчихсан юм шиг болдоггүй. Тийм болохоор хүмүүс ахиж, дахих асуудал гардаг гэж эмнэлгийн ажилтнууд ярьдаг. Ер нь гурван жил дотроо тухайн хүнээ ар гэртэй нь хамтран хяналтад аваад сэтгэл засал, эмийн эмчилгээг нь үргэлжлүүлж байж бүрэн эдгэрэх боломжтой гэж үздэг юм билээ. Харин цагдаагийн байгууллагаас бол донтолттой хүмүүсээ эмнэлэгт хүргэж өгөх, зарим тохиолдолд сайн дурын болон архины албадан эмчилгээнд хамруулдаг. Иргэний хэргийн шүүхээр оруулаад архидан согтуурах донтой гэдэг нь эмнэлгийн байгууллагаар тогтоогдсоны үндсэн дээр шүүхийн шийдвэрээр албадан эмчилдэг. Тухайн иргэн нь архинд донтох өвчнөөсөө болоод өөрийн болон бусдын эрүүл мэнд болоод амь насанд хор хохирол учруулах нөхцөл байдал бүрдсэн. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд гудамж, олон нийтийн зам талбайд өөрийн үйлдлээ удирдан хянах чадваргүй болчихоор амь насаараа эрсдэх асуудал нэлээд бүртгэгддэг. Сүүлийн таван жилийн судалгаагаар улсын хэмжээнд 444 хүн согтууруулах ундаа уусан үедээ хөлдөж, осгож нас барсан гэсэн статистик байдаг. Тэгэхээр хор уршигтай тэмцэх, бууруулах чиглэлээр л цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх, иргэдийг эрүүл, аюулгүй байлгах зорилгоор эдгээр аян, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулаад байгаа юм.

-“Та татгалз” арга хэмжээ нийслэлийн хэмжээнд үү, улс орон даяар хэрэгжиж байгаа юу. Учир нь орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, түүнээс үүдэлтэй хүний амь нас хохирох байдал их гардаг шүү дээ?

-Архидан согтуурахтай тэмцэх ажлын чиглэлээр манай цагдаагийн байгууллага, Тээврийн цагдаагийн албанаас л гэхэд нэлээд арга хэмжээ зохион байгуулсан. “Аажуу явбал аяндаа хүрнэ”, “Дураараа биш дүрмээрээ”, “Нэг зам нэг соёл” зэрэг ажлыг зохион байгуулж, нийслэлийн болон орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой тэмцэх ажлыг хийсэн. Одоо бидний хэрэгжүүлж байгаа “Та татгалз” арга хэмжээг ч гэсэн Тээврийн цагдаагийн газартай хамтран хэрэгжүүлж ажиллаж байна. Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. арга хэмжээний хүрээнд замын цагдаагийн алба, хэлтсүүдтэйгээ хамтран нэгдсэн шалгалт хийж, жолооч нартаа хууль эрх зүйн мэдлэг олох хүрээнд санамж, сэрэмжлүүлэг хүргэх, анхааруулах, мэдээ мэдээллийн хэрэгслээр дамжуулах ажлыг хийж байгаа. Мөн энэ арга хэмжээнийхээ үеэр “Итгэл-2023” гэсэн төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Энэ төслийг ноднин жил нийслэлд хэрэгжүүлээд үр дүн нь 70 гаруй хувьтай гарсан гэсэн судалгаа бий. Үүнийг үргэлжлүүлэн улсын хэмжээнд буюу аймаг, орон нутагтаа согтууруулах ундааны хамааралтай иргэдээ эмчилгээнд хамруулах, тэднийг хорт зуршлаас нь татгалзуулах ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөн дээрээ бидний энэ үйл ажиллагаа дэмжин хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн байна лээ. Тийм болохоор бидний хийж байгаа ажил олон хүнд хүрч, үр нөлөө нь илэрч байна гэж үзэж байгаа юм. Ийм байдлаар бид илүү том үр дүнд хүрнэ. Ингэх юм бол дагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, ахуйн хүрээнд архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, согтуудаа бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх зэрэг буурах эерэг үзүүлэлттэй байна гэж урьдчилсан байдлаар харж байгаа. Ингээд оны эцэс буюу шинэ жилээр согтууруулах ундааны хэрэглээ буурчихсан, согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчил буурч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдсэн, бага насны хүүхдүүд хүчирхийллээс ангид болчихсон байдал бий болоосой л гэж хүсэж, энэ ажлыг хийж байна.

-Цагдаа нар маань баяр ёслол, томоо­хон арга хэмжээн дээр хамгаалалтад гардаг. Тиймээс эдгээр нөлөөллийн аян, арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад архидан согтуурах нь буурсан нь хэр мэдрэгдэж байгаа вэ?

-Мэдрэгдэлгүй яах вэ. Ялангуяа залуучуудыгаа соёлжоод байна гэж хараад байгаа. Хэтрүүлж уухаа больсон байна. Архи, согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэж байна. Дээрээс нь эрүүлжүүлэгддэг хүмүүсийн тоо буурсан үзүүлэлт гарсан. Тиймээс л бидний хийж байгаа эдгээр ажлууд үр дүн, нөлөөгөө өгч байна гэж үзээд байгаа юм. Ер нь цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах үндсэн үүргээ хэрэгжүүлэхээс гадна урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хамгаас чухал байна гэж үзэж байгаа. Тухайн хэргийг гарсны дараа бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлснээрээ тухайн гэмт хэргийг гарахгүй байх нөхцлийг бүрдүүлж байна. Тухайн иргэн аюултай орчинд автаж хохирохгүй байх нь чухал.

-Архи уух сэдэл төрүүлээд байна гэсэн яриа хүмүүсийн дунд байдаг. Ялангуяа архи, согтууруулах ундааг хүнсний дэлгүүрүүдээр зардаг нь ингэж нөлөөлдөг гэдэг шүү дээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Улс орнуудын жишээн дээрээс харж байхад архидан согтуурахтай тэмцэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг юм билээ. Хатуулагтай нь тэмцэх, жил бүр шатлан бууруулах, татварыг нь нэмэгдүүлэх, согтууруулах ундаатай холбоотой зар сурталчилгааг хязгаарлах зэрэг ажлыг хийдэг. Манай улсын хувьд ч гэсэн хууль тогтоомж дээр тодорхой дэвшил, өөрчлөлт гараад явж байгаа. энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд үйлчилгээний газруудын үйлчилгээний зэрэглэлийг тодорхой ангилж тусгаж өгсөн. Өмнө нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 21 нас хүрээгүй хүнд үйлчлэхгүй байх гэсэн онцлогууд дээр нь тодорхой хяналт тавиад ажилладаг байсан. Тэгвэл энэ хууль тодорхой онцлогтой байгаа. Илтэд 21 нас хүрээгүй санагдвал та заавал тухайн үйлчлүүлэгчийн биеийн байцаалтыг үзэх ёстой. Тухайн үйлчлүүлэгч ч гэсэн үзүүлэх үүрэгтэй. Мөн үйлчилж байгаа этгээд нь тусгай сургалтад хамрагдсан байх, үйлчлүүлэгчээ хэт согтолтоос сэргийлж усаар үйлчлэх гээд олон шинэлэг заалт бий. Мөн жил бүр хатуулгийн хэмжээг хоёр хувь бууруулах бодлого барьж байгаа. Ерөнхийлөгчийн зарлиг дээр ингэж бий. Ингээд манай улс согтууруулах ундааны хор уршигтай тэмцэх ажлыг бодлогын хэмжээнд хэрэгжүүлээд явж байна гэж ойлгож байгаа. цагдаагийн байгууллага ч гэсэн тулгамдаж байгаа шаардлага саналууд дээр тодорхой саналаа гаргаад ажиллаж байна. Харин хүнсний дэлгүүрээр зарж байгаа дээр бол уух сэдэл нь төрж л байвал тухайн хүн донтчихсон байна л гэж харж байгаа. Харин ингээгүй бол юу юугүй сэдэл төрөхгүй байх. Ер нь архи гэдэг чинь хүнсний бүтээгдэхүүн шүү дээ. Бид бүхэн нэг дор гурван том талх идчихдэггүй биз дээ. Үүнтэй адилхан согтууруулах ундааны хэрэглээ ч гэсэн ийм л байх ёстой. Хэтрүүлж хэрэглээд байгаа нь өөрөө буруу дадал. Үүнийг л зөв дадал, зуршлаар сольж, хэтрүүлэн хэрэглэвэл хор уршигтай гэдгийг л ойлгочих юм бол болох гээд байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.8) 2023 оны 09 сарын 30

согтуу жолооч нар замын цагдаагиин амьжиргааг дэмжигч тэд мөнгө цохидог

0  |  0
Top