БУЛГАН: Хүүхэд хамгааллын асуудлаар ажлын хэсэг хуралдаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 19

2023 оны эхний 3 сарын байдлаар Булган аймгийн хэмжээнд Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 88, Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрхийн зөрчлийн 29 дуудлага мэдээлэл ирсэн байна.

Мөн 2021-2022 онд коронавируст халдварын цар тахал дэгдсэнтэй холбоотой халдварт өвчний идэвхтэй илрүүлэг, шүд амны хөндийн үзлэг, эрүүлжүүлэх арга хэмжээ тасалдаж, 2023 оноос аймгийн Засаг даргын нэрэмжит нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоог идэвхтэй зохион байгуулан ажиллаж байна.

Иймд хүүхэд хамгааллын асуудал, хүнсний болон орчны аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авч хүүхэд залуусыг хамруулах, багш ажилчдад хүүхэд хамгаалал, боловсролын салбарын ёс зүйн чиглэлээр зөвлөн туслах нэн шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

 

  • МСҮТ, ЕБС-ийн багш, ажилчдад боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал болон багш ажилчдын баримтлах ёс зүйн чиглэлээр сургалт, зөвлөгөөн
  • МСҮТ, ЕБС-ийн дотуур байрны орчин нөхцөлийг үнэлж, амьдарч буй сурагчидтай бүлгийн ярилцлага хийж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох
  •  МСҮТ-ийн оюутан, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ерөнхий үзлэгт хамруулах, нөхөн үржихүйн талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах
  • ЕБС-ийн сурагчдыг амны хөндийн эрүүл мэнд, шүдний нарийн мэргэжлийн үзлэгт хамруулах
  • МСҮТ, ЕБС-ийн багш, ажилчид, сурагчдыг бие бялдрын сорил судалгаанд хамруулах
  • Хүүхэд хамгааллын баг, байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах

 

Тус зөвлөн туслах ажлын хүрээнд Булган сумын нийт ерөнхий боловсролын сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагаанд зөвлөн туслах замаар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд санал солилцох, боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал болон багш ажилчдын баримтлах ёс зүйн чиглэлээр сургалт зохион байгуулан нэгдсэн мэдээллээр хангаж, сурагчдыг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулан эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top