Хайрт ээж Рэнцэнням овогтой Минжирмаа маань 2022 оны арвандугаар сарын 27-ны өдөр биднийгээ үүрд орхин одлоо. Ээж Рэнцэннямын Минжирмаа 1938 оны Бар жилийн арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын нутаг, Мөнгөн аяга хэмээх газар Рэнцэнням, Хорлоо нарын ууган охин болон мэндэлсэн билээ.
Тэрбээр бага насаа эцэг эхийн асрамжинд өнгөрөөж, сургуульд орсноор Ховд аймгийн төвийн арван жилийн дунд сургуулийг 1955 онд төгссөн байна. Мөн тус ондоо Ховд аймгийн Хөдөө Аж Ахуйн Техникумд элсэн орж, 1959 онд малын эмч-зоотехникчийн хос мэргэжлээр төгсөөд Завхан аймагт томилогдон ажиллажээ.
Завхан аймгийн төвийн Мал эмнэлгийн лабораторид эмчээр ажиллаж байгаад шилжиж, Ховд аймгийн Био үйлдвэрт ахлах эмч, Хөдөө Аж Ахуйн Яаманд экспедицийн эмчээр ажилласан байна. Ээж маань 1966 оноос Улаанбаатар хотод Монгол улсын номын худалдаанд өндөр насныхаа тэтгэвэрт гарах хүртлээ хөдөлмөрлөсөн юм.
Энэ хугацаанд ажилчнаас номын мэргэжилтэн, ном зүйч, бригадын дарга, дэлгүүрийн дарга хүртэлх ажлуудыг хийж, Номын худалдааны хөдөлмөрийн аваргаар 3 удаа, мөн Соёлын яамны хөдөлмөрийн аваргаар шалгарч, мөн V, VI, VIII таван жилийн гавшгайч болж, социалист орнуудаар аялах эрхээр шагнуулж байлаа. Яруу найраг, уран зохиолын авьяастай ижий минь Монголын Зохиолчдын Эвлэлийн V их хуралд Ховд аймгаас, МҮЭ-ийн VIII их хуралд мөн Ховд аймгаас, МАХН-ын 18-р их хуралд Улаанбаатар хотоос тус тус шалгаран оролцож байлаа. Тэрээр цэл залуу насандаа волейбол, ширээний теннис, хөнгөн атлетик, цана, тэшүүрийн чадварлаг тамирчин явлаа.
Бидний хайртай ээж минь Монголын ард түмэндээ алдаршин түгсэн “Сүүн цагаан сэтгэл”, олонд “Борхын голын ус“ хэмээн нэрлэгдсэн “Баяртай угтья” зэрэг дууны үг бичсэн шүлэгч, уран бүтээлч байлаа. 1963 онд бидний аав Мягмартай (ойн инженер) гэрлэж, зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн юм. 1975 онд аав минь зуурдаар нас нөгчихөд ганцаараа бэлэвсэрч үлдсэн боловч бага насны зургаан хүүхдээ зөв хүмүүжилтэй хүн болгон өсгөж, биднийг бүгдийг маань дээд мэргэжил, боловсрол эзэмшүүлэн, ажил амьдралын их далайд гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн хүчирхэг эмэгтэй байлаа. Хайрт ээж, эмээ таныхаа үлгэр жишээ болсон сүүн цагаан сэтгэл, цовоо сэргэлэн ааш, ажилч шаргуу зан чанарыг дээдэлж, амьдралын замнал, хатуужил тэвчээр, уран бүтээлээс тань суралцаж, сургаал гэрээсийг тань чанд баримталж, дээдэлж явах болно.
Үр хүүхдүүд, ач зээ нар нь

Сэтгэгдэл ( 3 )
Ум мааний бад ми хум.эмэгнэл илэохийлье
eejtei maany nasaaraa tsug ajillasan urgelj ineej yavdag mash daichin xurdan xodolgoontei saikhan egch baulaa xuu ny america baidag Saruulbuyan gej mundag xuu bii egch muny ta ter l gegeen saikhan baidalaaraa setgeld uldej dee ur achdaa ergen toroorei
Mundag chadaltai hun bjee. Bicheveruud-g ni unshidag echnee tanil huu nart ni, ger buliinhend emgenel ilerhiileye.\nUm mane badme hum