Б.Билгүүн дарга Засгийн газрын нэрийг бариад ч барсангүй

2022 оны 12 сарын 05

УИХ-ын чуулганы хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн. Гагцхүү Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн оруулж ирсэн хуулийнхаа үзэл санаа, суурь зарчмыг ойлгоогүй учраас УИХ-ын дарга болон гишүүдийн асуултад хариулж чадсангүй. Нэгэнт хуулиа мэдэхгүй хойно Б.Билгүүн дарга парламентын танхимаас ажлаа мэдэхгүй гэх зэм сонсож, эцэст нь Засгийн газрын нэрийг бариад ч тус болсонгүй.

Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа нийт стандартын 10 орчим хувь нь хэрэгждэг бусад нь хэрэгждэггүй гэдэг. Тиймдээ ч Шадар сайд С.Амарсайхан “Хаана стандарт байхгүй байна, тэнд эмх замбараагүй байдал үүсэж хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлж байдаг. Хаана стандарт байна, тэнд хөгжил байдаг” хэмээн анхаарал хандуулж, стандарт заавал мөрдөх баримт бичиг хэмээн хуульд өөрчлөлт оруулахаар олон ч арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

Гэтэл Стандарт хэмжил зүйн газрын дарга нь өөрийг нь дэмжин ажиллаж байгаа Засгийн газрын нэрийг парламентын танхимд удаа дараа өмнөө барьж, шороотой нь хутгачихлаа. Өөрөө хуулийнхаа үзэл санаа, нэмэлт өөрчлөлтийг ойлгоогүй танхимд орж ирчихээд Засгийн газрын нэрийг удаа дараа өмнөө барина гэдэг засаг руу буруугаа чихэж байна гэсэн үг байх. Тэгэхээр энэ тухайд элдэв нэмэр хачиргүй талуудын байр суурийг хүргэе.

Б.БИЛГҮҮН: ЗААВАЛ НИЙЦҮҮЛЭХ ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛД ТААРУУЛСАН

Шинээр орж байгаа өөрчлөлтөд стандартыг сонгон хэрэглэх гэдэг гол концепц нь хэвээрээ үлдэж байгаа. Заавал мөрдөх асуудал бол тохирлын үнэлгээний баталгаажулалтад хамрагдах бараа бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт гэж Засгийн газраас баталж өгсөн явдал юм.

Үүнд орсон бүтээгдэхүүнийг баталгаажуулахын тулд эдгээр стандартыг заавал мөрдөх ёстой гэсэн гол концепцыг оруулж байгаа юм. Энэхүү 291 дүгээр тогтоолд орсон бараа бүтээгдэхүүний гол шаардлага юу вэ гэвэл хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж болохуйц бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг  стандартад заавал нийцүүлэх ёстой гэсэн заалт юм.

Ц.МӨНХ-ОРГИЛ: ХУУЛИА МЭДЭХГҮЙ НӨХӨД ОРЖ ИРЧИХЭЭД ЦОО ШИНЭ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙГАА МЭТЭЭР ЯРИАД БАЙХ ЮМ

Бид урьд өмнө Стандарт, хэмжил зүйн тухайн хуулийг олон улсын жишгээр баталсан. Өнөөдөр бүх зүйл өөрчлөгдөж байна. Талууд техникийн зохицуулалтаас илүү байгууллагууд хоорондоо тохироод өөрсдийн стандартыг тогтоон гаргадаг. Энэ оруулж ирж байгаа хуулиар стандартыг шал өөр болгож, сууриар нь бужигнуулах гэж байна. Стандарт гэдэг нь “Стандарт хэмжил зүйн тухай хууль”-ийн 4.1.2-т тодорхой заачихсан. Техникийн зохицуулалт гээд тодорхойлчихсон юм. Үүнээс гадна стандарт, техникийн үзүүлэлт, техникийн шаардлага, зохицуулалт гээд тусад нь ангилаад заасан байгаа. Заавал биелүүлдэг стандарт гэдэг чинь техникийн зохицуулалт болчихно. Суурь ойлголтуудаа хооронд нь хольчихоор яаж хууль хэрэгжих юм. Б.Билгүүнээ 2017 оны хуулийг надад заах юм байхгүй, би баталж байсан. Наад яриад байгаа Засгийн газрын тогтоолыг чинь би бас батлахад нь оролцсон. Одоо та Стандарт хэмжил зүйн тухай хуулийнхаа суурь зохицуулалтыг бүгдийг нь устгаж байна. Ингээд хуулиа мэдэхгүй нөхдүүд орж ирээд цоо шинэ юм хийж байгаа мэтээр яриад байх юм. Монгол Улсад үйлчлээд болоод байсан зүйлийг бужигнуулаад байна.

Б.БИЛГҮҮН: ЗАСГИЙН ГАЗРААС ТОГТООСОН ЖАГСААЛТАД ОРСОН БҮТЭЭГДЭХҮҮНД ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЗААЖ ӨГСӨН

Одоо техникийн зохицуулалтаар зохицуулж байгаа асуудал бий. Техникийн зохицуулалтыг Засгийн газар баталж, Стандарт, хэмжил зүйн газар стандартаа баталж байгаа. Тухайн салбарт заавал мөрдөхөөр оруулж ирж байгаа нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой стандартууд гэж байдаг. Түүний дотроос Засгийн газраас баталсан жагсаалтад орсон бараа бүтээгдэхүүнд холбоотой асуудлыг л тодорхой зааж өгсөн.

УИХ-ын ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ТА АЖЛАА МЭДЭХГҮЙ, ҮНЭХЭЭР БУЖИГНУУЛЧИХСАН ЮМ БОЛ ХУУЛИА ТАТАЖ АВ

Б.Билгүүн гүйцээгээд тодорхой хариулаач. Тодорхой хариулт алга байна. Зөвшөөрлийн тоог цөөлөхдөө төрийн үүргийг орхигдуулж болохгүй. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой стандартад нийцүүлэх хэрэгтэй. Та хариулж чадахгүй, ажлаа хийж чадахгүй байгаа бол хуулиа татаж ав. Ажлаа мэдэхгүй, үнэхээр бужигнуулчихсан юм хийсэн бол хуулиа татахаас өөр аргагүй.

БУЖИГНУУЛАЛТЫН МӨРӨӨР...

УИХ-ын даргын хэлсэнээр бужигнуулаад байгаа эзэн нь ажлаа мэддэггүй дарга Б.Билгүүн болж байна. Учир нь түүний тайлбарлаад байгаад Засгийн газрын 291 дүгээр тогтоолоор “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-ыг баталсан байна. Энэ жагсаалтыг  харахад стандартыг заавал мөрдөнө гэсэн ямар ч заалт зохицуулалт алга. Тодорхой төрлийн  бүтээгдэхүүн үйлчилгээнүүд л баталгаажуулалтад заавал хамрагдах ажээ. Тухайлбал, ноос ноолууран бүтээгдэхүүнийг заавал мөрд гэж заагаагүй ч баталгаажуулалтад хамрагдаад л явдаг юм байна. Энэ жагсаалтаар гадаадаас оруулж буй бүтээгдэхүүн баталгаатай байхыг заадаг болохоос стандартыг нь зохицуулаагүй байна. Зохицуулах ч боломжгүй аж.

Хэрэв Б.Билгүүн нарын зохицуулалтыг хуулинд тусгавал гадаадын бүтээгдэхүүний стандартыг заавал мөрд гэж Улаанбаатараас тулгаж онигоонд орж ч болох юм. Харин өмнөх хуулийн үзэл баримтлал өөрчлөгдөөгүй байхад зөвхөн жагсаалтын нэр барьж олон улсын жишиг хуулиас гаж сан өөрчлөлт оруулах гэж мугуйдлан зүтгэж буй түр даргын тэнэглэлд туршлагатай хуульч Ц.Мөнх-Оргил хариуг сайн өгч татуулахаар болсон нь үнэхээр зөв шийдэл юм. Мөн хуулийн  12.2-д “.Хууль тогтоомж, техникийн зохицуулалт, олон улсын гэрээнд иш татсан стандарт нь тухайн баримт бичгийн нэгэн адил хүчинтэй байна” гэдгийг цагаан дээр хараар бичиж хуульчилсан байгаа нь энэхүү нэмэлт өөрчлөлт ямар ч утгагүйг нотолсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь хуулиар зохицуулсан асуудлыг ажлаа мэдэхгүй дарга Шадар сайдынхаа толгойг эргүүлж буруу боловсруулсан нь УИХ-ын босгон дээрээс буцахад хүргэж байна.

Эцэст нь иймэрхүү чадваргүй сандал бөглөсөн сул дарга нартай хариуцлага тооцож  даруй салахгүй бол стандарт хөтлөгч биш чөдөрлөгч болох нөхцөл бий болжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(66.181.187.28) 2022 оны 12 сарын 05

Мөнхоргил ерөнхий сайд болчихвол данхан толгойтоос хамаагүй өндөр боловсоролтой хүн дээ!!!\nМосквад олон улсын харилцаа Харвардийг жинхэнэ төгссөн хүн дээ!!!

0  |  0
Top