Нэр төрийг мөрөөдлөөр, бас итгэл үнэмшлээр бүтээдэг

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

“НЭР ТӨР”-ИЙГ МӨРӨӨДЛӨӨР БАС ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭР БҮТЭЭДЭГ  


Алдрын титэм мэт үргэлжид өргөгч “Нэр төр” гэж байхад айдсын тэмдэг мэт түгшээгч “Нэр хүнд” ч бий. Чухам хэрхэн эрхэмлэн явахыг “Эзэн хүн”-ий хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшил мэдэх биз ээ. Ингэж дурдахын учрыг доор сийрүүлье.

Арван нэгдүгээр сарын 3-н бол даян дэлхийн "Нэр төрөө эрхэмлэх өдөр". Тухайн өдрийг тохиолдуулан Туул Ротаракт клубээс сурагчид, оюутнуудыг хамруулсан лекцийн арга хэмжээг 2013 оноос хойш зохион байгуулсаар иржээ. Тэгвэл өнөөдрийн арга хэмжээг ээж клуб болох Туул Ротаритайгаа хамтран зохион байгууллаа. Үүнд есөн дүүргийн 28 сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдав.

Энэ удаа “Мэдлэг-Ур чадвар-Хандлага-Дадал”, “Өөрийгөө удирдах чадвар”, “Том мөрөөд”, “Өөртөө итгэ” гэсэн үндсэн дөрвөн сэдвийг хүрээнд явагдлаа.  Уг лекцийн лектороор Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Туул ротари клубын үүсгэн байгуулагч Н.Алтанхуяг, “Мандал даатгал” компанийн үүсгэн байгуулагч Ө.Ганзориг, “ELF education”-ийн үүсгэн байгуулагч Б.Батжин болон Реппер Б.Гантулга буюу  Sekstsagaanbogd оролцсон юм.

ҮЛДСЭН ҮГС

Ноён хутагт Данзанравжаа “Авах хүнд нэг үг ч эрдэм. Орхих хүнд мянган сургаал ч улиг” хэмээсэн нь буй. Бид эрхэм уншигч тантай лекторын үлдээсэн үгсээс хуваалцъя. Үг гэдэг бодох тусам биежиж, бодол гэдэг удах тусам ужиг болдог бололтой.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “Мэдлэг-Ур чадвар-Хандлага-Дадал” лекцээс “Амжилтад хүрсэн хүнийг бусадтай харьцуулахад хүч чадал мэдлэгийн ялгаа төдийлөн байхгүй, харин тэмүүллийн ялгаа асар их”, “Юуг хийх биш юуг тасралтгүй хийсээр байгаа нь чухал” хэмээх үгс ой ухаанд торсон юм. Мэдлэгийг үргэлжид тордож эс чадвал боловсрол үнэгүйдэх нь цаг хугацааны л асуудал.

Харин Ө.Ганзоригийн “Өөрийгөө удирдах чадвар” лекцээс үлдсэн нь “Хүн ирээдүйгээ төсөөлөх хэрэгтэй. Төсөөлж чадах л юм бол бүтээж чадна” гэх өгүүлбэр. Аливаа зүйлсийг бид өөр, өөрсдийнхөө үнэнд нийцүүлэн хүлээж авдаг билээ.

Б.Гантулга “Өөртөө итгэ”. Ихэнхдээ өөртөө итгэлтэй хүн гэж ярьдаг. Амьдралд өөртөө бус итгэж байна гэсэн бодолдоо л итгэсэн байх нь олон байлаа. Тэр хэлэхдээ “Надад хобби гэж байхгүй. Би хоббигоо ажил болгосон” гэсэн. Энэ бол итгэл. Явж дадсан замдаа итгэх үү. Явж дадаагүй замаар өөртөө итгээд алхах уу.

Б.Батжин “Том мөрөөд”. Аливаа зүйл хэр том байна. Тийм байхын хэрээрээ олон жижиг зүйлсийн нийлэмж байх нь элбэг. 

Өөрийгөө удирдах чадвар бол өөртөө итгэх арга. Өөртөө итгэж гэмээн мөрөөдөлдөө итгэнэ. Мөрөөдөлдөө итгэсэн хүн мэдлэг-ур чадвар-хандлага-дадалаас зугтахгүй л билээ. 

Тус лекцийг зохион байгуулж, ирээдүй хойч үеийнхэндээ урам зориг, өөрөө өөртэйгээ учрах, эргэцүүлэх цаг хугацааг олгосон “Ротари” клубын тухай дор товчхон дурдъя.

“РОТАРИ” ГЭЖ ЮУ ВЭ

Ротари бол сайн сайхан нийгмийг бий болгох зорилготой эвлэлдэн нэгдсэн бизнесийн болон мэргэжлийн шилдэгүүдээр хүрээллээ бүрдүүлж, дэлхийн өнцөг булан бүрд хүрч ажилладаг олон улсын төрийн бус хүмүүнлэгийн байгууллага юм. Энэ нь 1905 онд АНУ-ын Чикаго хотод Пол Харрис, гурван найзтайгаа хамтран Ротариг үүсгэн байгуулсан түүхтэй. Түүнчлэн шашин болон улс төрөөс ангид гэдгээрээ онцлог. Өнөөдөр дэлхийн 165 орны 36,678 клубт гишүүнчлэлтэй 1,4 сая гаруй ротаричууд бий аж. Тэд хүсэл зорилго, мөрөөдлөө нэгтгэж, хэл соёл, мэргэжил, арьс өнгө, яс үндэс, нас хүйс үл хамааран хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож байна.

Харин “Туул Ротари клуб” 2004 онд байгуулагдсан агаад Солонгосын Ротари клубүүдтэй хамтран 10 жилийн турш хэрэгжүүлсэн “Хүүхдийн зүрх” төслөөр дамжуулан 300 гаруй хүүхдийг тус улсад үнэгүй мэс заслын хагалгаанд оруулж, амьдрал бэлэглэсэн байдаг. Манай улсад 1995 онд үүссэн хөдөлгөөн илүү өргөн хүрээг хамарч 18 Ротари клуб, 15 Ротаракт клуб, 7 Интеракт клубт нийт 1,000 орчим гишүүдийг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаагаа явуулж буй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top