Хоймор нутгийн дуучин залуус хуучны дуунуудыг тайзнаа дахин “төрүүлнэ”

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

 

Хоймор сайхан нутгаар овоглосон хоёр дуучин залуу хамтарсан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орсныг уншигч танд дуулгахад таатай байна. Тодруулбал, 80,90-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан “Номин талст” хамтлагийн Дээгий буюу Алтангадас одонт, СТА дуучин Т.Дэлгэрмөрөн, СТА О.Баянмөнх нар “Найрсан дуулъя” хүндэтгэлийн тоглолтоороо энэ сарын 27-нд эрхэм үзэгч, сонсогч та бүхэнтэйгээ уулзахад бэлэн болжээ.

Уянгалаг намуухан атлаа этгээд донжлог хоолой, урлагийн төлөөх халуун сэтгэл нь цаг ямагт гайхалтай тансаг бүтээлээр илрэн гарч байдаг өвөрмөц ертөнцтэй дуучин бол Т.Дэлгэрмөрөн. Түүний амилуулсан “Тэнгэрийн бүсгүй”, “Хайрын дээд хань минь”, “Наянбулаг” зэрэг уран бүтээлүүд нь хэдийнэ монголчуудын сонсох дуртай уран бүтээл болжээ. Хөвсгөл аймгийн Арбулаг сумаар овоглодог дуучин маань энэ удаа  жаран жарныг дамжин дуулагдсан хуучны уран бүтээлүүдийг уран бүтээлийн андтайгаа хамтран “амьд”-аар буюу гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Оршихтой хамтран амилуулах аж.

Харин “Монголын Швейцарь” хэмээгдэх Хөвсгөлийн ян сарьдаг уулсын дунд дуулж өссөн, баргил хоолойт дуучин Отгойн Баянмөнхийг бид “Эх орон тайван байна”, “Зүрх чам руу”, “Омогшил” зэрэг эх орон, цэрэг эрс, эгэлхэн хайрын тухай огшиж, омогших олон бүтээлээр нь мэдэх билээ.

Т.Дэлгэрмөрөнгийн уянгалаг хоолой, О.Баянмөнхийн цэрэг, армийн дуунд төгс зохицох баргил хоолой нэгэн үдэш, нэгэн тайзнаа хоршиж “Ааваа дурсана”, “Хөөрхөн борлог морь”, “Эхийн тухай дуу”, “Хангайн дуу”, “Миний аав адуучин”, “Сэвтээ нь үгүй сэтгэл”, “Дэнжийн ногоо”, “Гайхмаараа”, “Туулын урсгал”, “Намрын өнгө” гээд  алтан үеийн гэх тодотголтой яруу найрагч, хөгжмийн зохиолчдын дуунуудыг хэрхэн шинэчлэн “төрүүлэх” вэ гэдэг нь тунчиг сонирхолтой байх биз ээ. Тоглолт есдүгээр сарын 27-нд Улаанбаатар паласын концертын танхимд 15.00, 20.00 цагуудаас тус тус болох бөгөөд дуунд дуртай монголчууд, улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулсан ахмадууд та бүхнийг нэгэн үдэш дуугаар цэнгүүлэх нь ээ.

Ухаарал шингээсэн утга яруу үг, сэтгэл зүрхийг хөвсөлзүүлэх тансаг ая эгшгээр нэгэн үдэш хөглөгдөж, хайртай дуучидтайгаа хамтдаа найрсан дуулах энэ тоглолтод  үзэгч та бүхнийг хүндэтгэн урьж байна. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 75754141, 95594141, 94994141 дугаараас лавлахаас гадна ticket.mn 1900-1800, 1900-1950 UB паласын билетээр кассаар тус тус захиалан үнэгүй хүргүүлэн аваарай. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top