Хөгжим “оюун санааны тохируулга” болох нь

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 20

Урлаг соёл нь өөрийн эргэн тойрондоо соёлт орон зайг үүсгэн бүтээдэг. “Соёлт орон зай нь улс гүрний эдийн засаг, боловсрол, эрүүл мэндэд соёлын үзэгдлүүдээр тархан түгдэг нь өөрөө хөгжил юм” гэсэн эртний хууль бий. Энэхүү хуулийг олон зууны туршид хэрэгжүүлсээр ирсэн дэлхийн улсуудын ухаалаг бодлогын хүрээнд авч үзвэл та бид томоохон үүрэг хүлээсэн хүмүүс юм.

Их урлаг өөрөө энэхүү соёлт орон зайн “дамжуулагч” болдог учраас түүний давтамжид хөглөгдөөгүй хүн гэдэг тохиргоо нь алдагдсан эвдэрхий радио хүлээн авагч л гэсэн үг. Тэгэхээр бидний үүрэг урлагийн бүтээлээс үүсэлтэй тэр л долгионы хэлбэлзэл дээр тухайн хүний оюун санааг хөглөж, тохиргоо хийх зорилгыг агуулж байдгаараа тэс ондоо билээ.

Хөгжим гэдэг сансар огторгуйгаас илгээгддэг, аугаа суу билигтнүүд л хүртэж чаддаг асар том чичиргээт долгион юм. Харамсалтай нь энэхүү огторгуйн илгээлт ихэнх хүмүүсийн хувьд хаалттай байдаг бөгөөд цөөн хэдэн хүн л энэ долгионыг хүртэж, хүлээн авч чаддаг байна.

Үүний нэгэн нотолгоо нь Л.В.Бетховен сонсголоо алдаж дүлийрэх тусам улам бүр яруу дуурьсалт гайхамшигт хөгжмийн бүтээлүүд зохиож байснаас үзэхэд хөгжим нь орчлон ертөнцийн асар том долгионы эрчим болохын шууд илэрхийлэл болж байна.

Хөгжим гэдэг бүхий л урлагийн дээд оргил нь юм. Хөгжимд үг хэлний илэрхийлэл, дүрслэх зургийн мөр ч байхгүй, харин зөвхөн мөнхийн, суу билгийн, оюун санааны гэсэн олон нууцлаг кодуудыг өөртөө агуулсан орчлонгийн асар хүчтэй эрчмийн долгион оршин байдаг. Хөгжмийн хэлийг ойлгож эзэмшинэ гэдэг нь оюун ухааны олон талт ажиллагаанд уусан нэвтрэх асар том боломжийг олгодог. Учир нь эмоци буюу сэтгэл хөдлөл бүрийн цаана биохими буюу амьд бодисын далдлагдсан урвал хэдэн арав дахин хүчтэй илэрдэг учраас хөгжим нь эд эсийг орлож чадахгүй, харин нейронуудын үйл ажиллагааг өдөөн дэмждэг гэсэн үг.

Тэгвэл хөгжмийн хэлэнд яагаад ярианы хэлний тэмдэгтээс хэдэн арав дахин багаар тоологдох долоохон ноотны тэмдэгт байдаг вэ? Энэ цөөн ноот-тэмдэгтээр яагаад аугаа их гайхамшигт бүтээлүүдийг туурвиж чадаж байна вэ? Бид хөгжмийн бүтээлийг хэрхэн ойлгох вэ? Бид хөгжмийн урлагт суралцаж чадсан уу? Бид хөгжмийг хэрхэн сонсох хэрэгтэй вэ? Мөнхийн сонгодог хэмээх бүтээлүүдээс бид юуг шинээр сонсож болох вэ? гэсэн олон асуулт тулгардаг. Хүн бүр нийгэмдээ өөрийн тодорхой чиг үүргийг гүйцэтгэдэг ч ямар мэргэжил боловсрол эзэмшсэнээсээ үл хамааран соёл урлагийн мэдрэмж-мэдлэгтэй байх нь үндэсний дархлааг хадгалах гол хөшүүрэг болох ёстой. Иймд хүнлэг нийгэм, оюунлаг сэтгэлгээ, хүний бие махбодод хөгжмөөс үүдэлтэй тэр л долгионыг дамжуулан хүртээж, тайлбарлан ойлгуулах явдал нэн чухал билээ.

Тухайлбал, “Сонгодог” хэмээх ойлголт бол оршин байх шалгарсан цаг хугацаа, мөнхийн байр сууриа нотолж чадсаныг хэлнэ. Энэ соёл иргэншилтэйгээ хамт замнадаг. Өөрөөр хэлбэл, хэдэн мянган жилийн хугацаанд үнэ цэнээ алдаагүй зүйлийг л “сонгодог” гээд байгаа хэрэг. Сонгодог урлагийг жинхэнэ утгаар нь хүртэнэ гэдэг бол био чадамжийн зохист уялдаа явагдаж, хүртэхүйн сувгуудыг нээж онгойлгоно гэсэн үг. Тиймээс Бахын хөгжмийг ярихаас өмнө Эйнштейний тухай, Моцартын хөгжмийн өмнө амьдрал үхлийн тухай, Бетховены хөгжмийн өмнө эрх чөлөө, баатарлаг тэмцлийн тухай яригддаг хэдий ч энэ нь хөгжмийн бүтээлийн талаар бүрэн ойлгуулж буй тайлбар биш, харин оюун санааг хөтлөн жолоодох тохиргоо гэж ойлгох нь зүйтэй юм.

 

ХӨГЖМИЙН ХЭЛИЙГ ТА МЭДЭЖ БАЙНА УУ, МЭДЭРЧ БАЙНА УУ?

 

Хүн бүхэнд урлагийг хүртэх асар их чадамжаас гадна хязгааргүй нисэлтийг шаарддаг дээш татах чиглэлтэй “Оюун ухаан”, материаллаг шинжийг агуулдаг татах хүч нь доош чиглэлтэй “Бие бялдар” гэсэн хоёр эхлэл байдаг тул хөгжмийн бишрэм бүтээлүүдийг хүртэж ойлгох тухай, харилцан хамааралтай оюун санаа, мэдрэмж, мэдлэгийг дамжуулах технологиор “Хөгжим бол тархийг цэнэглэгч асар их эрчмийн эх үүсвэр” болох талаар тайлбарлахыг оролдъё. Тэгвэл хөгжим гэж юу вэ? Хөгжим бол хамгийн гайхамшигтай зохион байгуулагдсан огторгуй ертөнцийн вибраци, хөгжмийн зэмсэгтэй хослуулах зохиролжсон бие махбод, зохиролжсон сэтгэл мэдрэмжээр оюун санааг бие махбодтой нэгтгэн, эгшиг авианы долгионоор гэрлийн, гармонийн шинэ орон зайг нээж өгснөөр хүн “Диссонанс зарчмын хуулиар бус харин Гармоник зарчмын хуулиар” сэтгэж бодож эхлэхийг хэлнэ. АВЬЯАС БА ГЕН. Хамгийн чухал нь хөгжмийг хүртэж ойлгох субьект тухайн хөгжмийн долгионт хэлбэлзэл давтамж дээр оршиж хөглөгдсөн байх хэрэгтэй. Үүнээс үүдэн “Авьяас” гэдэг нь боддог, тооцоолдог, харин “Ген” нь цаанаасаа л оргилж гардаг өгөгдөлтэй гэсэн үг юм. Ген бол тухайн эрин зуун бүрд өмнөх үеэсээ бага хэрэгцээтэй байдаг бэлэг. Харин “Супер ген” гэдэг нь эрин зуун бүрд өмнөхөөсөө илүү их хэрэгцээтэйг хэлнэ.

ХҮҮХЭД БА ХӨГЖИМ. Сонгодог хөгжмийг хэдийчинээ эрт, багаасаа сонсож сурна, төдийчинээ үр дүнгээ өгдөг учир мөнхийн сонгодгуудын бүтээлийг зайлшгүй мэдрэх шаардлага үүснэ. Түүний тулд зөвхөн хүүхдэд бус жирэмсэн эхчүүдэд ч Моцартын бүтээлээс эхлүүлэн сонсгох хэрэгтэй байдаг. Хүний тархийг анхнаас нь л аугаа их хөгжмөөр “тэжээж” сургаснаар цаашид хэрхэн хөгжил явагдахыг зүгээр харах л үлдэнэ. Бас нэгэн сонирхолтой статистик гэвэл, Нобелийн шагналтан бүр хүүхэд ахуй цагаасаа сонгодог хөгжмийг сонсож, ямар нэгэн хөгжмийн зэмсгээр тоглож сурсан байдаг.

ХӨГЖМИЙН ХЭЛИЙГ ЭЗЭМШИХ. Энэ нь оюун ухааны олон талт ажиллагаанд уусан нэвтрэх боломжийг олгодог. Хөгжим сэтгэл хөдлөлийг өргөж байна, эсвэл өргөхгүй байна гэж ойлгох нь буруу. Учир нь сэтгэл догдлол бүрийн цаана биохими буюу амьд бодисын хувирлын далдлагдсан урвал бие махбодын хувьд явагддаг нь ялангуяа хөгжимд илүү тодоор илэрдэг. Энэхүү биохимийн урвал нь өөрийнхөө байх ёстой хэмжээнээсээ хэдэн арав дахин илүү идэвхтэй, хүчтэй явагдах үед сэтгэл хөдлөл буюу эмоцид ижил тэнцүү хэмжээтэй хадгалагддаг байна. Тиймээс хөгжим нь эд эсийг орлож чадахгүй, харин нейронуудын үйл ажиллагааг өдөөж дэмждэг гэсэн үг.

ХӨГЖМИЙН ХЭЛ. Яагаад ярианы хэлний тэмдэгтээс хэдэн арав дахин бага тоологдох “долоохон” тэмдэгт байдаг юм бэ? Энэ цөөхөн тэмдэгтээр яагаад гайхамшигтай бүтээлүүдийг илэрхийлж чадаж байна вэ? Хөгжмийн ноотны тэмдэглэгээний гайхамшигтай шинэчлэлийг дундад зууны хөгжмийн шинжлэх ухааны тод төлөөлөгч, Италийн хөгжмийн онолч Гвидо Аретинский бүтээсэн байдаг. Харин хэл зүйд байдаг хэдэн зуун тэмдэгтүүд, хөгжмийн долоон тэмдэгтүүд хоёрын алийг нь тархи, организм ухаж ойлгоход хялбар байх бол? Хөгжмийн хэлийг эзэмшсэн хүн маш тодорхой, зөв мэдэцтэй сэтгэж эхлэхээс гадна хүний ухамсрыг сахилга батжуулах, хүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэхэд хэмжээлшгүй нөлөөллийг үзүүлж чаддаг.

Аливаа үгэнд толь бичгийн тайлбарыг хийж болдог. Харин хөгжмийн бүтээлийн агуулгад тайлбар хийх нь тийм ч амар биш. Учир нь хөгжим хүн бүрд янз бүрийн төсөөллийг буй болгодог тул маш ерөнхий, тодорхой бус тайлбарыг өөртөө агуулж байдаг. Хөгжмийн бүтээл нь төсөөллийн өргөн эрх чөлөөг хүнд олгож буй тэр хэмжээгээрээ сэтгэл санааны байдалд өөрчлөлт оруулдаг. Иймээс л хөгжмийн бүтээлийн агуулгыг хэл зүйн ярианы үгийн тэмдэгттэй адилтган томьёолж авч үзэх боломжгүй.

Хөгжим хүний зүрх сэтгэл рүү чиглэж байдаг тул баярлах, гуних, жигших, бишрэх зэрэг бусад мэдрэмжүүдийг өдөөж өгснөөрөө ямар ч хөгжмийн бүтээлийг сонсоход хөгжмийн урлагийн ойлголт, хөгжмийн уламжлалын мэдлэг, хөгжмийн бүтээлийг туурвих, сонсох үеийн сэтгэл хөдлөл зэргээс хамаарч хүн бүрд харилцан адилгүй нөлөө үзүүлдэг аж. Хөгжмийн хэлийг та мэдэж байна уу, мэдэрч байна уу гэдэг хоёр л зүйлийн тухай яригдах ёстой. Жишээ нь: “Би энэ хөгжмийг мэднэ” хэмээн ойлгогч мэргэжлийнхэн хөгжмийг технологи талаас нь илүү мэддэгээс бас л нэг өөрийн гэсэн сэтгэл ханамжийг өгдөг хэдий ч энэ нь бүх нийтэд хэрэгтэй зүйл биш юм. Тэд ноотны бичлэгийн ухаанаар хөгжмийн зохиолч юу бүтээснийг мэддэг. Харин “Би хөгжмийг ойлгодоггүй юм” хэмээгчдийн хувьд, ойлгох хэрэг үгүй. Зүгээр л мэдэр. Мэдрэхийн тулд нээгдэх, “онгойх” хэрэгтэй. Учир нь, сонгодог хөгжмийг жинхэнэ утгаар нь мэдэрч хүлээж авахын тулд био-чадамжийн зохист уялдаа явагдаж, хүртэхүйн сувгуудыг нээх, онгойлгох хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ тэр сувгууд бөглөрөөтэй бол энэ ямар ч ач холбогдолгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр дахин дахин сонс, мэдэр.

ГАРМОНИ БА ГОО САЙХАН. Бүхий л юмс үзэгдэл өөрийн гэсэн зорилго, танин мэдэхүйн арга ажиллагаатай байх авч тэдгээрийг нэгтгэх чадвартай ертөнцийн ганц л чухал давхарга болох Гармони ба Гоо сайхны үзэл баримтлалын тухай аугаа их эрдэмтэн Пифагороос эхлэн Лейбниц, Эйнштейнээр дамжсаар өнөөг хүртэл улам бүр гүнзгийрүүлэн судалж бичсээр ирсэн байдаг. Бидний хамтын үүрэг зорилго болбоос тэрхүү юмс үзэгдэлд оршин байгаа Гармони ба Гоо сайхан гэх аугаа ойлголтыг нийтэд магадлан таниулахдаа утга зохиол, хөгжим, математик, физик, газар зүй, хими, биологи, дэлхийн уран сайхны соёлын тухай ойлголт мэдлэгийг олгох “Хүмүүнжихүйн нэгдмэл орчин”-ыг бий болгох нь зүйтэй юм. Үүнтэй хамгийн хамааралтай зүйлс болох хөгжмийн гармони, утга зохиол, уран барилгын “Алтан огтлолцол”-ын тухай өгүүлсэн гайхалтай судалгаа шинжилгээний ажлууд цөөнгүй бий. Дээр дурдсан “Хүмүүнжихүйн нэгдмэл орчин”-ы гол үүрэг нь хараат бус сэтгэлгээний бүтээлч чадавхыг нээн илрүүлэхэд олон салбарын мэдлэгийн нэгдсэн холбоосоор ертөнцийн том зураглалыг бий болгоход оршиж байна. Энэхүү ер бусын асуудлыг шийдвэрлэхийн тулд хичээл сургалтын уламжлалт ойлголтоос багахан холдон, ертөнцийн гармонийн “Нэгдмэл цогц долгионт хэлбэлзэл” гэдэг ойлголтыг бий болгон хэлбэршүүлэх шаардлага гарч байна. Учир нь багш бүхэн өөрийн зааж буй хичээлийнхээ Гармони ба Гоо сайхны шинж тэмдгүүдийг олж чадна. Ер нь бид эрт цагаас хөгжимматематикийн, физик-одон орны, дүрслэх урлаг-химийн, утга зохиол-логикийн гэх хамсарсан ойлголтууд өөр хоорондоо нягт холбогдож ирсэн тухай мэддэг. Уг холбоосыг бид энгийнээр харахад зохиомол, хиймэл мэт санагдах ч гүнзгийрүүлэн ухаарч ойлгох явцад соёл ба шинжлэх ухаан, үг ба томьёолол, аккорд ба химийн урвал зэргийг нэгтгэсэн “Цогц ойлголт” юм байна гэдгийг тун гайхалтайгаар ажиглан мэдэрч эхэлнэ.

 

БИЗНЕСИЙН СЭТГЭЛГЭЭ УРАН САЙХАНЛАГ, ШИНЖЛЭХ УХААНЧ,  БҮТЭЭЛЧ, ОЮУНЛАГ БОЛОХ НЬ

 

Урлаг гэж юу вэ? Бидний оршин буй газар дэлхийн хөг аялгуугаар, өнгө будгаар, эгшиг зураасаар, үг хэллэгээр, хэлбэр дүрсний зохицлуудаар дамжуулан орчлон ертөнцийн гүнд орших хамгийн чухал далд нууцлаг бүхнийг уудлан гаргаж, нээн илрүүлэхийг хэлнэ. Жишээ нь: Математик, бизнес, сэтгэл хөдлөл зэргийг тархины эсүүдээр холбож, хүнийг гармонилог болгож буй мөчийг П.И.Чайковскийн VI симфонийн төгсгөл хэсэгт эгшиглэх давхар доминант (DD)-ын аккордоор тэр л момент хэрхэн яаж гармонилог зохиогдсоныг ажиж болно. Үүгээрээ хөгжмийн зохиолч дэлхий ертөнцтэй салах ёс гүйцэтгэх үхлийн тухай хэлэхийг зорьсон хэмээн тайлдаг. Тэгэхээр яг энэ момент бол орон зайн тухай илэрхийлэл юм. Сэтгэлгээ гэдэг нь амьдралын янз бүрийн давхарга, хүрээнд хүнийг тодорхойлох боломжтой асар хүчтэй ойлголт юм. Тухайлбал, Философи сэтгэлгээ нь орчлон ертөнцөд хүн байхын учир утгыг тайлах оролдлогыг философичид өөрсдийн олж авсан шинэ мэдлэг, үйл явдалд тулгуурлан хийж, бусдыг чиглүүлж залруулсаар ирсэн үйл явцтай холбогддог.

Түүхэн сэтгэлгээ бол цаг хугацааны холбоосоор хүний үйл ажиллагааны шалтгаан, нөлөөлөл, үр дагаврын тухай тайлбарыг археологийн малтлагаас эхлэн текстийн эх сурвалжид тулгуурласан зайлшгүй нотлох баримтуудаар баяжуулан үе үеийн түүхчид өнгөрсөн үеийн талаарх үзэл бодлоо шинэчлэн тайлбарласаар ирсэн үйл явц.

Бүтээлч сэтгэлгээ гэдэг нь хүний оршихуйн гармони ба гоо сайхны танин мэдэхүйгээр цаг хугацаа, орон зайд ямар ч тохиолдолд давамгайлсаар ирсэн байдаг.

Бизнесийн сэтгэлгээ нь нийгэм, стратеги, логикийн харилцан холбоотой гинжин хэлхээт философи юм. Энэ философийг бүхлээс жижиг хүртэлх бүх зүйлд авч үзэхдээ “Тулааны талбарт ялагдал хүлээсэн нь хаягддаг” гэсэн маш хатуу тоглоомын дүрмээр бизнес эрхлэгчийн тархи, мэдрэлийн системд ирэх ачааллыг ер бусын дээд хэмжээнд байлгахыг шаардсаар ирсэн сэтгэлгээ. Тийм учраас бизнес ба менежментэд алдаа гаргахыг үл зөвшөөрдөг байна. Урлагийн ертөнц нь бизнесийн хувьд урам зориг, бүтээлч сэтгэлгээний эх үүсвэр гэсэн үг юм. Бизнес эрхлэх зарчим нь урлагийн бүтээл туурвихтай адил. Учир нь Брэнд бол сэтгэл хөдлөл. Хэрэглэгч энэхүү сэтгэл хөдлөлийнхөө төлөө ямар ч төлбөр хийхэд бэлэн байдаг. Тийм учраас аливаа бизнес нь өөртөө хөгжмийн зохиомжийн зарчим болох “Сонатын хэлбэр” (Sonate form)-ийг агуулж байдаг онцлогтой. Бизнесийн ба хөгжмийн зохиомжийн бүтэц, томьёолол нь ижил гэсэн үг. Бизнесийн сэтгэл хөдлөл нь хөгжмийн сэтгэл хөдлөл буюу эмоци юм. Сонатын хэлбэрийг тайлбарлахын өмнө Доминант (лат.Dominans "зонхилох") хэмээх нэр томьёог тодруулъя. Доминант нь Хөгжимд үндсэн дэвсгэр хөг (тональность)-ийн харьцаанаас эрс ялгарамжит давамгайлагч тональность эсвэл эгшгийн өрөг, Архитектурт архитектурын орчинд давамгайлж буй барилга байгууламж, Утга зохиолд уран сайхны үндсэн байдлыг хангах семантик (emotional) давамгайллын арга техник, Өнгө будагт тодорхой зорилгоор зохиомжтойгоо уялдан үзэгчдэд нөлөөлөх давамгайлагч өнгө байдаг бол Физиологид рефлекс системийн түр зуурын давамгайлал бөгөөд энэ нь мэдрэлийн төвүүдийн яг тухайн үеийн ажиллагаатай зан авирыг уялдуулан чиглүүлэгч болдог. Тэгэхээр Доминант нь асар хүчтэй өдөөгч юм. Францын зохиолч Ш.Перрогийн “Улаан малгайт” үлгэрээр жишээ авъя. Сонатын хэлбэр (Sonate form) нь дараах гурван хэсгээс бүрддэг.

1. Exposition буюу Таниулга хэсэг бол Төслийн үндсэн санаа, зорилго юм

I. Гол хэсэг (Гл.п)-Улаан малгайт II. Холбох хэсэг (Св.п)-Ойн зам (Улаан малгайт, Эмээ хоёрын хоорондын холбоос) III. Дагалдах туслах хэсэг (П.п)-Эмээ Төслийн зохиомж нь “Улаан малгайт ойн замаар явж эмээдээ пирожки хүргэж өгөөд, тэд хамтдаа жимсний чанамалтай цай ууж, пирожкигоо идэх” байв.

2. Development буюу Хөгжүүлэг хэсэг нь Төслийн хэрэгжүүлэлт

Төслийг хэрэгжүүлэхэд зохих хэмжээний саад бэрхшээл, хэлбэлзэл зөрчилдөөн зайлшгүй гарна. Жинхэнэ симфони эсвэл үлгэр болох сэдэл нь Чоно. Төслийн хэрэгжилт хүртэл Чоноос бусад дүрүүдийг тооцоолж гаргасан тул даван туулах ёстой хүндрэл бэрхшээлийг Улаан малгайтын эмээ рүүгээ хүрэх замд дүрмийн дагуу Чоныг зайлшгүй гарч ирж байгаагаар төлөвлөсөн. Энэ нь бизнесийн бас нэгэн чухал нөхцөл болж байна.

3. Reprise буюу Тайлал хэсэг нь Төслийн үр дүн

Үр дүнд нь бизнесменүүдийг цочирдуулсан сонатын хэлбэрийн III хэсэг Reprise гэсэн ойлголт гарч ирнэ. Учир нь бизнес ихэнх тохиолдолд хэлбэлздэг. Эхлэл хэсгээс дахин давтагдаж буцах хэсэг- Улаан малгайт, Эмээ, Улаан малгайтын явсан ойн зам гээд бүх үйл явдал давтагдсаар, нэгэн ижил тональностьд бичигдэн төгсгөлийн (Coda) дээр төгсөнө.

“Хөгжим гэдэг өөрийн мэдэлгүй “хар аяндаа” тооцоологдчихсон байдаг, сэтгэлд зориулагдсан арифметикийн далд дасгал...”

Готфрид ВИЛЬГЕЛЬМ ЛЕЙБНИЦ

Германы философич, логикч, математикч, физикч, хуульч, түүхч, дипломатч, зохион бүтээгч, хэл судлаач

Төслийн гол зорилго юу вэ? “Эмээд хүргэж өгөх пирожки”. Улаан малгайт бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч мөн үү гэвэл үгүй. Тэр зөвхөн “Эмээ рүү хүрэх хэрэгсэл”. Түүнгүйгээр бизнес төсөл ч, үлгэр ч зохиогдохгүй байх байсан. Эндээс “Улаан малгайт” үлгэрийн доминант буюу зонхилох давамгайлах дүр хэн бэ? гэсэн асуулт урган гарна. Энэ бол зонхилогч, зангилаа доминант, хөндлөнгийн дүр болох Эмээ буюу “ дагалдах хэсэг”. Хэрвээ “Дагалдах хэсэг” давамгайлж зонхилж чадаагүй бол “Хөгжүүлэг хэсэг” хэзээ ч гарч ирэх боломжгүй. Симфони ч, бизнес зураглал ч аль аль нь хөгжүүлэх боломжгүй юм гэсэн санаа.

Төслийн үр дүн- Сонатын бүхий л драматизмын асуудлыг арилган ижил тональностьд бичигдсэн байдаг нь бизнес эрхлэгчийн хувьд Дан ганц ашиг олох санаа бус- Гоо зүйн үзэл санаа зайлшгүй байх ёстой гэсэн нь Бизнесмений эрхэлж буй “Бизнес зураглал” нь чанартай сайн амьдралд хүргэх ёстой гэсэн үг. Тиймээс давамгайлагч Доминант байхгүй бол түүнийг хөгжүүлэх боломжгүй гэсэн зарчим. Хамгийн гайхалтай нь Гайдн, Моцарт, Бетховен, Чайковский нарын симфониуд хэрхэн бичигдсэн тэр л зарчмын нэгэн адил бүтэц, томьёоллоор Ш.Перрогийн “Улаан малгайт” үлгэр зохиогдсоныг бид ажиглаж болох нь. Энэ юуг илэрхийлж байна вэ? Тэгвэл бизнес үүнтэй ямар хамаатай вэ?

Бизнесийн хувьд: Хямрал (драматизм) гэдэг аймшигтай, хэцүү асуудал мэт боловч гайхалтай Стимул-өдөөгч юм. Бетховены сонсгол муудах тусам илүү тэнгэрлэг хөгжмийг тэрбээр бичсэн байдаг. Туйлын үнэмлэхүй гайхамшигтай хөгжмийг тэрбээр бүрэн дүлийрсэн байх үедээ бичсэн. Өөрөөр хэлбэл, түүний хөгжмийн бүтээл бизнесийн хэлээр бол “Илүү өндөр чанартай, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн” байсан гэсэн үг. Үүнийг дүгнэвээс:

Хөгжимчний хувьд: Хөгжим зөвхөн яруу эгшиглэнт аялгуу бус, энэ бол далд ертөнцийн долгион. Л.В.Бетховен өөрийнхөө бичсэн хөгжмийг сонсож чадахгүй ч Огторгуй ертөнцийн аварга том үелзсэн энергийн чичирхийлэл бүхий долгион түүний дотор оршин байсан.

Бизнес эрхлэгчийн хувьд: Бизнесийн арга хэрэгслээс илүүтэйгээр бизнес философийг эн тэргүүнд тавих үндсэн зарчим чухал. Өөрөөр хэлбэл, хямрал, хямралыг даван туулах агшин төдийгүй хямрал өөрөө эерэг үр дүнг авчрагч маш хүчтэй өдөөгч, хөшүүрэг. Энэ бүхнээс Урлагийн хувьд, бизнес сэтгэлгээний бүтэц, томьёололд хэчнээн аугаа урлагийн сэтгэлгээ нууцлагдсан байдгийг ойлгоно. Үнэндээ бизнесийн сэтгэлгээ нь асар их уран сайханлаг, шинжлэх ухаанч, бүтээлч, оюунлаг сэтгэлгээ юм. Өөрөөр хэлбэл, маш урлаглаг гэсэн үг. Нэгэн сонирхолтой зүйлийг авч үзье. Германы философич, логикч, математикч, физикч, хуульч, түүхч, дипломатч, зохион бүтээгч, хэл судлаач Готфрид Вильгельм

Лейбниц: “...Хөгжим гэдэг өөрийн мэдэлгүй “хар аяндаа” тооцоологдчихсон байдаг, сэтгэлд зориулагдсан арифметикийн далд дасгал...” гэжээ. Үүний нэг жишээ нь, И.С.Бах “Оргилуун хүсэл тэмүүллийн тухай” (Passion) дүрслэхдээ маш гайхалтай сэтгэл хөдлөлөөр бичсэн. Хэрвээ математикчийг хөгжмийн гармони, олон хоолойн ухаанд сургах аваас тэнд тохиолдлын нэг ч эгшиг, нэг ч тоо байхгүйгээр үл барам тэдний ноотоор бодсон гармонийн бодлогыг эгшиглүүлвээс энэ нь тун гайхалтай хөгжим бичигдсэн байх болно. Энэ тохиолдолд “Бүх зүйл математик бодомжуудын гүйцэтгэл” гэдгийг илэрхийлж, үр дүнд нь “Сэтгэл хөдлөл, уйтгар гуниг, инээд баясал, гайхширал хөөрөл”-ийг хүртэнэ. Тиймээс И.С.Бахын хувьд тохиолдлын, санамсаргүй нэгээхэн ч ноот үнэхээр байхгүй тул бүгд “Туйлын үнэмлэхүйгээр кодлогдсон байдаг” гэж үздэг. Урлагт код хэрэглэснээр утга гэдэг зүйлийн талаар яригдаж эхэлнэ.

 

УРАН БҮТЭЭЛ БА САЙХАН БИЗНЕС

 

Уран бүтээл гэж юу вэ? Гоц хүмүүсийн гайхалтай хөгжсөн тархины өвөрмөц бүтцэд байрших зулайгаар дамжин хүртэгддэг огторгуй ертөнцийн хачин жигтэй долгионыг бидний ойлгох газар дэлхийн хөг эгшиг, өнгө будаг, үг хэллэгээр нээн таниулж өгдөг “Илүү нандин, илүү чухал мэдээлэл” юм. Хүн өөрөө дамжуулагч гэж үздэг. Иймд мэдээж хэрэг, Урлагийн бүтээл бол мөн л "дамжуулагч". Өөрөөр хэлбэл, Л.В.Бетховен мэдээллийг дамжуулж байна гэсэн үг. Хэрэв тухайн долгионоор ирж буй мэдээлэлд тохируулагдаж чадаагүй бол тэр хүн үүнийг ойлгохгүй, харин ч “Эмх замбараагүй хаос” гэж хүртэнэ.

Тохируулагдаж чадвал үүнийг хүртэж, хүлээн авч чадна гэсэн үг.

Маш энгийн жишээ. Өнөөдөр бид И.С.Бахын хөгжмийг маш нарийн төвөгтэй хөгжим гэж ярьдаг. И.С.Бахын амьдарч байсан үеийг санацгаая. Гэгээн Фомын сүмд өдөр бүр өөрийн бүтээлээ орган хөгжим дээр тоглож байсан үе. Харин түүний сонсогчид нь философич ч биш, урлаг судлаачид ч биш, зүгээр л эгэл жирийн тариачид, бурхандаа залбирал үйлдэхээр ирсэн хүмүүс байсан. Тэгвэл гол утга учир нь юунд байв? Тэд Бахын хөгжмийг зөвхөн ойлгоод зогсохгүй, түүгээр амьсгалж, амьдарч байсан нь тэдний амьдрал юм. Тэд бүгд ар гэр, аж ахуйгаа орхин долоо хоногт нэг удаа Гэгээн Фомын сүм рүүгээ сүйх тэргээ хөлөглөн ирэх замдаа “Үүрдийн, мөнхийн” гэсэн ойлголтод бүрэн автаж, хөгжим эгшиглэж эхлэх агшинд тэдний бие организм аль хэдийн хөгжмийн тэрхүү долгиондоо хөглөгдөн тохируулагдчихсан байдаг аж.

Тэгвэл энерги гэж юу вэ? Энерги гэдэг нь бүх амьд оршихуйн харилцан хамаарлын хамгийн дээд нэгдмэл тогтолцоо. Харин Энергетик гэдэг нь энергийн хүчний илгээлт юм. Эмоци буюу сэтгэл хөдлөл нь ямар нэгэн цочирдолд үзүүлэх бүхий л организмын нэгдмэл хариу үйлдэл байдаг. Гэхдээ ямар нэгэн бусармаг биш, ер бусын байна гэдэг нь өөрөө эмоци юм. Хөгжмийн хамгийн жижиг, богино аялгуу ч гэсэн хүний дотоод сэтгэлийн орон зайг маш хүчирхэгээр хувиргаж чаддаг гайхамшигтай урлаг.

Гармони гэж юу вэ? Гармони бол ухаан бодол, үлэмж сайхны хэв маягуудаар оюун санаа, гоо сайхантай нэгдэн нэгэн цул синтез болгодог хөг аялгууны, өнгө будгийн, гэрэл сүүдрийн том жижиг хэсгүүдийн харьцаа билээ.

Гоо сайхан гэж юу вэ? Энэ бол бидний тэмүүлж буй учир зүй, гармонийн хоорондох ёс суртахуунлаг үзэл бодол, гоо зүйн харилцан хамаарал.

Тэгвэл аз жаргал гэж юу вэ? Ертөнц Та хоёрын хоорондын туйлын үнэмлэхүй зохирол, гармони. Өөрийн сэтгэл, хүсэл мөрөөдлөө хөгжмөөр, үгээр, өнгөөр, зураасаар, бизнесээрээ дамжуулан биелүүлэх таны дотор орших мэдрэмж, ур чадвар хоорондын илэрхийлэл юм.

Сайхан бизнес гэж тэгвэл юу вэ? Сайхан бизнес гэдэг нь хамгийн эцсийн моментод гоо зүйн зорилгыг агуулсан байхыг хэлнэ. Жишээ нь: Та гүүр барьж байна, энэ бол бизнес.

Одоо маш энгийн асуулт тавья. Хаашаа явах вэ? Хэрвээ гүүрний төгсгөлд Концертын танхим эсвэл Зургийн галерей байгаа бол ямар зорилго агуулах вэ? Гүүрийг барьж дуусахад хүмүүс гүүрээр гарсныхаа төлөө төлбөр төлснөөр гүүр танд ашиг авчирна. Гэвч юутай ч зүйрлэшгүй үнэ цэнтэй үйлчилгээг та энд үзүүлж байгаа. Гуравхан минутын дотор гүүрээр тайван яваад цаг хугацаа хэмнэхээс гадна Зургийн галерейд Рембрандтын зургийг үзэж, Концертын танхимд Моцартын хөгжмийг сонсож, сэтгэлийн тансаглалыг эдлэх болно.

Эрхэм дээд зорилго нь юу вэ? Харин эрхэм дээд зорилго бол ашиг олохын төлөө биш юм. Хэрвээ Гоо зүйн эрхэм зорилго тавьж бизнес эрхэлж чадваас ашиг, үнэ цэнийг зайлшгүй хүртэнэ гэдэгт итгэж болно. Учир нь энд “Тэнцвэрийн хуулийн дээд хүчин үйлчилдэг” гэдгийг ойлгох хэрэгтэй.

Энергийн, долгионы хүч амьдралыг илүү аз жаргалтай, илүү гармонилог, илүү амжилттай болгодог юм бол хүмүүстюуг зөвлөж болох вэ? Ялангуяа 25-35 насныханд хандаж хэлэхэд И.С.Бахын “Фуга”-г сонс, тэгвэл зүгээр л агаарт дүүлэн, амьдралын өнгө будгийг мэдрэхээс гадна Таны тархи гайхалтай энерги, бодол санаагаар тэжээгдэж эхэлнэ.

 

СЭТГЭЛГЭЭНИЙ ДАРААГИЙН ШАТНЫ ЯМАР ТҮВШИН БАЙХ ВЭ?

 

Энэ бол Бэлгэдлийн Символ түвшин, Бэлгэдлийн нууцлаг түвшин, Тэмдэгтийн нууцлаг түвшин, Бүтцийн нууцлаг түвшин. Энд “Алтан загасны үлгэр”-ийн символ, тэмдэгтийн тухай сонирхолтой жишээ дурдъя.

“Алтан загасны үлгэр” бол үнэндээ харамч эмгэний тухай үлгэр биш. Энэ бол өвгөн, эмгэн хоёрын эргэлзээгүй, болзолгүй хайрын тухай, түүнийхээ төлөө чадах бүхнээрээ хүслийг нь гүйцэлдүүлж буй үлгэр. Гэхдээ энд хайрын тухай хоёр дахь тэмдэгт бий. Загас өвгөнийг хайрлах дэнчингийн тухай хайр. Тэгвэл яагаад хайр гэж! Алтан загас өвгөний хэлээр ярьдаг. Хамгийн гол нь тэнгис далайд минь буцааж тавиач. Хүссэн бүхнийг чинь өгье гэсэн загасны хүсэлтэд Өвгөний хийсэн хариу үйлдэл нь хамгийн гайхалтай тэмдэгт болж байна. Өвгөн өөрийн эвдэрхий тэвш, элэгдсэн газар, хөгшин эмгэн, мөнгөгүй, нас өндөр, амьдрал хэцүү зэрэг олон асуудлыг шийдэхийн тулд залуу нас, шинэ эхнэр, шинэ байшин, шинэ тэвш, их мөнгө гээд хэрэгтэй бүх зүйлээ авсны дараа загасыг суллаж тавья гэж хүсэж болох л байсан. Өвгөн харин гайхалтай үгийг хэлдэг. “Надад юу ч хэрэггүй дээ, алтан загас минь. Хязгааргүй далайдаа тааваараа амьдар даа” гээд загасыг буцааж тавьдаг. Энэ юуг хэлж байна вэ? Энэ бол Нууцлаг эрх чөлөөний тухай, Эрх чөлөө гэдэг гарцаагүй болзолгүй зүйл гэдгийн тухай хэлэхийг хүссэн.

Энэ бол сэтгэлгээний дараагийн шатны түвшнийг үлгэрээр хэрхэн тайлж ойлгож болох тухай юм. Эмгэн бол эд зүйлс, материализмаар сэтгэдэг Жирийн хэрэглэгч, Харин өвгөн бол Орчлон ертөнцийн шударга ёсны категорийн илэрхийлэл. Тэрбээр эмгэн дээрээ ирэх тоолонд түүний өөрчлөгдөн байгаа шинэ дүр төрхийг харах бүрдээ түүнд: “Одоо чи болон чиний сэтгэл хангалуун сайхан болов уу? Хонгор минь!” гэж асууж байгаа нь өөрөө түүний хайрын нотолгоо. Тэрээр мунхаг эмгэн хатан хаан байж хэрхэвч болохгүй гэдгийг сайтар ойлгож байсан ч насаараа амьдарсан эмгэнийхээ хатан хаан болох хүслийг нь биелүүлэхийн тулд алтан загас руу явсаар л байдаг. Харин эмгэн түүнийг танихгүй болтлоо өөрчлөгдөн хөөж явуулахыг албатууддаа тушаахад, ард олон өвгөнийг хатан хааны нөхөр нь байсан гэдгийг аль хэдийний мартан хөөн гаргаж байгаагаар “Ард түмний ой санамж гээч нь хэчнээн ахархан байдаг” тухай хэлэхийг зорьсон.

Жишээ 1

“...Энэ явдал 1913 оных. Гимназийн 11 настай охин авга ахынхаа энгэртээ байнга зүүж явдаг медаль дээрх бичээсийг харахыг хүсжээ. Авга ах нь охинд медалиа тайлан өгсөн байна. Охин түүний тагийг онгойлговол тэнд ноотны таван шугам дээрх дөрвөн ноотноос өөр юу ч бичигдээгүй байж. Соль диез-си-фа диез-ми /gis-h-fis-e/ дөрвөн ноот тэмдэгт. Охин хэсэг зуур тээнэгэлзсэнээ, “Энд юу гэж бичсэнийг би мэднэ ээ. Энэ бол "Би чамд хайртай" гэж байна. Үнэхээр ч энэ нь П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ленскийн “Я люблю Вас” гэсэн эхлэлтэй ари.... Энэ бол сэтгэлгээний дараагийн шатны түвшнийг тэмдэгтээр хэрхэн тайлж ойлгож буйг хэлэх гэсэн жишээ.

Жишээ 2

Норвегийн хөгжмийн зохиолч Эдуард Хагеруп Григ “Миний амжилтууд” дурсамждаа: “…Төгөлдөр хуур хөгжим рүү гараа сунгах үед надад тохиолддог нууцлаг атлаа ойлгомжгүй баяр хөөрийг би яахин мартах билээ дээ....? Би тэндээс аялгууг гаргаж авсан уу? гэвэл Үгүй. Тэнд зөвхөн Гармони л байх ёстой гэдгийг мэдэрсэн. Эхлээд нэг гараараа терц (интервалын хоёр эгшиг), дараа нь гурвал эгшигт, түүний дараа дөрвөн эгшигт аккорд. Харин хоёр гарынхаа тусламжтайгаар оргилуун хөөрөлд нисгэх таван эгшигт Нонаккордыг тоглох тэр мөч нь: Миний сэтгэлийн баяр бахдалд хязгаар үгүй болсныг мэдэрч чадсан анхны минь амжилт байсан юм. Үүнээс хойших бүхий л амжилтууд намайг түүн шиг хүчтэй “согтоож”, нөлөөлж байсангүй. Харин тэр үед би таван настай байсан...”

Хөгжмийн болон Бизнесийн томьёоллын зарчмуудыг Сэтгэлгээний тэмдэгтээр, Бэлгэдлийн тэмдэгтээр Урлагийн хэллэгээр, Оюун санааны тохиргоогоор хэрхэн ойлгож хүртэх тухай судлаачийн байр сууриа уншигч, сонсогч тантай хуваалцлаа.

Өнөөгийн бидний гол үүрэг бол оюун санаа, авьяас билгийн тохиргоог хийхдээ хөгжмийн тэр л нууцлаг долгионыг хүмүүст хүртээхийн зэрэгцээ Монгол үндэстний оюуны дархлааг монгол хөгжимчний үнэ цэнээр дамжуулан дэлхийн үнэлэмжид хүргэхэд орших билээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С. Бадрал(192.82.88.6) 2024 оны 03 сарын 10

Гайхалтай сайхан , мэргэн цэцэн ухаан, ер бусын үнэн мэдрэмж, ойлголт!

1  |  0
С.Оюунсүрэн(192.82.77.244) 2022 оны 07 сарын 21

Гайхалтай!!! Хөгжмийн урлагийн тухай ойлголтыг маш яруу сайханаар хэлжээ. Өнөөдөр хөгжим бидний алхам тутамд цуг байж оршиж байдгыг Улаан малгайтаар зүйрлүүлэн хэлсэн нь маш сонирхолтой байлаа. Хөгжим судлаачдаа улам сайхан амжилтыг хүсье!!!

1  |  0
Аагий(174.194.198.124) 2022 оны 07 сарын 20

Урлаг соёл , дуу хөгжим гэж бхйгаагүйсэн бол эгэ ертөнц маш уйтгартай байх байсан байхаа. Уйтгарласан үедээ намуухан хөгжим сонсож дотоод сэтгэлээ сонсох гэдэг бас нэгэн амьдралаас авах таашаал юм шиг санагддаг. Хөгжмийн хэл иыг ойлгож түүнээсээ таашаал авч чадах нь бас нэг хүний чадвар байх гэж боддог. . Хийлч Дээгийгийн тоглосон Өвөл гэдэг аялгууг анх. сонсоод их олон зүйл бодогдож бараг л тэр аялгуутай анх удаа ярилцаж билээ сэтггэл дотроо. \nXөгжмийн тухай олон зүйл сайн мэдэхгүй ч хэд дахин уншиж ойлгохийг хичээлээ. Мөнгөө эгчдээ амжилт хүсье!

1  |  0
Баяр хүргэе(202.126.93.243) 2022 оны 07 сарын 20

Сонгодог хөгжим буюу энэ зэрэглэлийн классик хөгжмийн урлагыг бол ойлгодог давхарга байдаг харин нийт масс ойлгох шаардлага байхгүй бөгөөд Баруунд бас яг тийм байгаад ирсэн дээ.

1  |  0
Tsag bish(202.126.89.164) 2022 оны 07 сарын 20

Зохиолын дуучдаа шүтэж сонсдог аод түмэн сонгодог хөгжим оылгох ч үнэоэх ч болоогүй. Эрчмээ гхмна судлаач аа

0  |  0
ҮНЭН(103.212.119.15) 2022 оны 07 сарын 21

За даа жаран жил сонгодогийг тулгалаа сурталчиллаа .. гэвч явсангүй явдаггүй юм байна. АРД түмэн өөрсдийн ардын нийтийн аялгуугаа залуус орчин цагаа л дагадаг юм байна. Хөгжим судлаач гуай Сэр бос төөрөгдлөөсөө гар. Hip hop R and B Trance dance alternative ... гээд өөр шинэ өнцөгт ханд!

1  |  0
Top