
Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагаас зарласан “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс 2022” жагсаалтад Монгол Улс 90-рт бичигдэж, өмнөх оноос 22 байр ухарсан талаар мэдээлсэн билээ.
Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан, “Глоб Интернэшнл” төв ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулсан юм.
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч, ноён Тапан Мишра уг хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгнээс хүргэж байна.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар чөлөөт, хараат бус, олон талт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэний орон зайг хөхиүлэн дэмжихийн тулд бололцоотой бүхнийг хийх үүргээ биелүүлэхийг эрх баригчдад хандан дахин уриалж байна. Үүнд, цахим орчин дахь цагдан хяналт болон бусад төрлийн зүй бус дарамт, шийтгэл зэрэг аливаа аюул заналхийллээс сэтгүүлчдийг хамгаалах арга хэмжээ багтана. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг аливаа хор хөнөөл учруулахуйц, түүний дотор цахим орчинд мөрдөн тагнах, тэдний цахим нууцлалд халдах зэрэг үйлдлийг зогсоох нь зүйтэй.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэж байгааг энэ завшааныг ашиглан онцлон тэмдэглэхийг хүсэж байна. НҮБ-ын зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг ТХЗ-ыг хэрэгжүүлэх чиглэлээр тууштай ажиллахыг уриалж байна." гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )