NEW 76 | Бүдүүн бүлгийн "бөмбөг"

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

Яахав ээ, эрийн жудаг ховордож, ноён нуруу хотолзох болсон энэ үед байх ёстой эрчүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг гэдэг. Үүнийг би хэлж байгаа юм биш. Түүнтэй хамт ажиллаж байгаагүй учраас мэдэхгүй. Гагцхүү төрж өсөөд, ажиллаж амьдарсан Өвөрхангай аймгийнхан хэлдэг, парламент, намын бүлгийн хүрээнд ч ярьдаг юм билээ. Харин аливаа зүйлээс булзамтгай, бөөрөнхий байр суурьтай хүн гэдгийг бол ил цагаан хэлсэн. Шууд нэг талыг баримталдаггүй, илтэд нэг талд орчихдоггүй, дундын байрлалд зогсдог, алдаатай үг хэлэхээс зайлсхийдэг ийм хүмүүсийг нуруутай гэх цаг ирж дээ, хөөрхий.

Ёстой л бөмбөг шиг өнхөрч өгдөг учраас алдаа мадагтай харагддаггүй. Хүнд муу хэлүүлдэггүй нөхөр байж болох юм. Тиймдээ ч Бүдүүн бүлгийн "бөмбөг” хэмээн нэрийдсэн бололтой.

Магадгүй амьдрал дээр бүр мөнгөн ус шиг ч холбирч байдаг нөхөр байж болох. Гэхдээ л тэр МАН-ын бүлгийг 33:32-оор хуваагдан үзэж байхад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах ажиллагаанд оролцож, огцорсны дараа “У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэмжиж байна” хэмээн өөрийнхөө албан ёсны бланк дээр гарын үсэг цуглуулж явсан гэхээр мөнгөн ус шиг холбиромтгой гэж хэлэх аргагүй ч юм шиг. Бүр үүнийгээ тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдод өөрийн биеэр хүргэж явсан эр. Уг нь 2016 онд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнд М.Энхболд УИХ-д нэр дэвших эрхийн мандат өгч, өөд нь татаж байсан. Өвөрхангай аймагт Зам, тээврийн сайд асан Н.Төмөрхүүгээс эхлээд МАН-ын нэр дээрээс зодоглохоор зэхэж байсан хөрөнгөтнүүд цөөнгүй байсан ч түүнийг оруулж ирсэн нь М.Энхболдын татаас байсан. Гэтэл өөрийнх нь эсрэг өргөх бичигтэй зогсож байгааг аргагүй л улс төрийн амьдрал гэх байх даа. 

Улс төр бол улс төр. Хэрвээ чи “Би ноён нуруутай эр” хэмээн хэн нэгнийг дэмжихгүй байвал, эсвэл хэн нэгэнд тал засахгүй бол, бүлэг фракцид нэгдэхгүй бол хэн ч биш болно гэдгийг гадарласан л эр хүн. Тэр тендерээс хувь авч, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих гэх мэт санд хуруу дүрж гэх мэтээр янз бүрийн хэл аманд ороод байдаггүй. Гэхдээ тэрбум, тэрбумаар зардал гаргадаг сонгуульд хоёр удаа өрсөлдөөд ялчихсан гэхээр халаас хоосон хүн лав биш. Гэтэл энэ нөхөрт нэрлэж зүслээд байхаар тодорсон бизнес гэж байдаггүй.

Улсын сайн малчин аавынх нь буян байдаг л байх. Гэхдээ их улс төрийн гарын ая даах хөрөнгө гэдэг өөр хэрэг. Өвөрхангай нутагтаа, төрийн албанд 25 жил ажилласан хүн. Аанай л төрийн албанд 20, 30 жил ажиллаад ч их улс төрийн босго давчих хэмжээний мөнгө хуримтлуулахгүй. Тэгэхээр аймгийн засаг ноёноор ажиллаж байхдаа ямар нэгэн зүйл зохицуулж ирсэн хэрэг болов уу. Ил далд зохицуулж байсан учраас л өнөөдөр энд өдий зэрэгтэй сууж байгаа байх гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирнэ. Чухам юу байв гэдэг нь ихээхэн чухал.

Лавтай түүнийг Засаг даргаар ажиллаж байх үед аймгийн АН-ын үүрээс мэдээлэл хийж хэд хэдэн баримт дэлгэж байсныг санаж байна.

Тэд Д.Тогтохсүрэн орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ умартан Өвөрхангай аймгийн “Баян тээг” төрийн өмчит компанийн захирал Н.Ганболдын хууль бус үйлдэлтэй хамтрагч болсон эсэхийг шалгаж өгөхийг хүсэхийн сацуу түүнийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргаар ажиллах хугацаандаа өөрийнхөө хүмүүсээр багаа бүрдүүлэн, их хэмжээний мөнгө завшсан. Түүний гэм буруутай үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулахаар аймгийн хэмжээнд удаа дараа хандаж байсан ч хэдэнтээ хэрэгсэхгүй болгосон.

Тэр үед нутгийн иргэд аймгийнхаа Нутгийн захиргааны ордонг Д.Тогтохсүрэнгийн “Өрхийн захиргааны  ордон” гэж нэрлэх болсон. Өвөрхангай аймгийн хөгжил, бүтээн байгуулалт, эдийн засгийн чадавх цаасан дээр 94 хувьтай гарч байгаа хэдий ч ард иргэдийн ядуурал 40 хувьтай байгааг шүүмжилж байлаа. Энэ бол баримт факт гэхээсээ илүүтэй улс төрийн зорилго бүхий мэдээлэл байж болох талтай.

Гэхдээ бас бус зүйл бий. Тухайлбал, энэ үеэр Д.Тогтохсүрэн улсын төсвөөс санхүүжүүлэн босгосон Өндөр Гэгээн Занабазарын сэрэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэнг барихад тэрбум гаруй төгрөгөөс хувьдаа завшсан, эрх мэдлээ ашиглаж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар н.Сумъяасүрэнг Төрийн албаны тухай хууль, Төрийн хяналт, шалгалтын тухай хууль болон Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаал түдгэлзүүлэх, бууруулах, цуцлах журмыг тус тус зөрчсөн, улмаар даргаар томилогдсон н.Сумъяасүрэн нь 10 орчим байцаагчийг ах дүү, танил талаа харж томилсон, Тарагт сумын Засаг даргын өрөөнөөс 1707-1923 он хүртэл өв уламжилж ирсэн Үйзэн вангийн хошуу ноёдын угсаа залгамжилдаг тамга алга болсон. Үүнийг Засаг даргын хүү өрөөнөөс нь авч, бусдад худалдсан гэх мэт зүйл байдаг.

Тамганы тухайд хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эцэст нь сумын үнэлгээний комисс тамгыг 40 мянган төгрөгөөр үнэлж, улмаар хяналтын прокурор П.Болормаа эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан ч гэдэг. Энэ мэт улс төрийн зорилгоор гаргаж ирсэн баримтууд нь түүнийг өнөөдөр энэ өндөрлөгт болоход өв хөрөнгө болсон байхыг үгүйсгэхгүй.

Түүнийг өөрийн баз хүргэн Л.Хосбаярыг “Эрдэнэс Монгол”-ын дэд захиралд нэр дэвшүүлж, хүргэн Б.Мөрөнгөө Монголбанкны хэлтсийн даргаар томилуулсан гэх мэт мэдээлэл бол байдаг. Хууль ёсны шаардлага хангаад тэр нь ажиллаж чадаж байвал энэ зэргийн дэмжлэгийг Бүдүүн бүлгийн дарга хүргэхээс яахав. Энэ бол хэнд ч байх л асуудал. Нутагтаа 25 жил болохдоо 1991 онд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газарт ажилтнаар гараагаа эхлүүлж улмаар Тамгын газрын дарга болж, 1996 он хүртэл ажилласан байна. Харин 1996-2000 онд Өвөрхангай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга болж, улс төрийнхөө карьерыг эхлүүлжээ. Ингэхдээ 2000 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдож, бүр 2008 он хүртэл ажилласан. Эндээс аймгийн Засаг дарга болж, 2016 он хүртэл найман жил засагласан. Тодотгож хэлбэл аймгийн хэмжээнд шийдвэр гаргах дээд түвшинд найм, гүйцэтгэх засаглалд найм гээд 16 жил ажилласан гэхээр нутгийн ард иргэд болон төрийн хэмжээнд ихээхэн таалагдаж байсныг илтгэнэ.

Бөмбөг шиг өнхөрч, мөнгөн ус шиг урсаад байхаар хэнд ч таалагдана л даа. Одоо ч тэр хоёр парламент дамжин, МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа нь ч бөмбөг шиг өнхөрч, мөнгөн ус шиг урсаж байгааг л илтгэсэн хэрэг. УИХ дахь Бүдүүн бүлэг тэргүүлнэ гэдэг нэг муу сайдаас ч том хэрэг байх шүү. Дотоод зарчмаас харж байхад МАН-ын дарга, Ерөнхий сайд, генсек гээд Бүлгийн дарга хэмээн нэрлэдгээс харахад дээрээсээ гуравт эрэмблэгдэж байгаа том амьтан. Яахав, УИХ-ын даргын хувьд Г.Занданшатар урьдуур нь чихэлдэж болох юм. Хүргэн хүүгээ, баз хүргэнээ томилуулах энэ тэр бол бага асуудал. Ухаж төнхөөд байвал Д.Тогтохсүрэнгээс “юм” “юм” л гарах байх. Тэгэхдээ ингэхийг хүссэнгүй. Ийм том орон зайд бөмбөг шиг өнхөрч явахад хэнд нүд үзүүрлэгдэж, хэнээс тааламжтай үг сонсох билээ. Мөнгөн ус шиг гэснээс тэр Цагдаагийн дээд сургуульд хуульчаар суралцсан. Тэгэхээр унаган мэргэжил нь ч түүний зан төлөв, мөнгөн ус шиг занг нь баталгаажуулах нэгэн шалтгаан болдог байх.

Боловсролын хувьд аймгийнхаа Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургууль, 1997 онд аймгийн МАН-ын дэд дарга байхдаа Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр төгссөн нь ч түүний зан байдалд нөлөөлөл үзүүлж таарна. Мөн 2002 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа Удирдлагын академид Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан хүн. Гадаадад их дээд сургууль төгсөөгүй. Гэхдээ хилийн чанад хөл тавьж, галуу шувууны мах идэх зуурт төгсгөсөн түр курсын гэрчилгээ бол байж л байгаа.

Даанч тэр бусад ойворгон түшээд шиг гадаадад пиводож, казинодож явахдаа авсан түр курсынхээ гэрчилгээг их, дээд сургууль хэмээн намтартаа тэмдэглэдэггүй байх. Түүнд байгаа давуу тал бол энэ. Өдий зэргийн амьдрал бүтээж яваа хүнд сайн, муу зүйл байлгүй яахав. Өвөрхангай аймаг 2002, 2006, 2007, 2008, 2010, 2014 онд улсын хэмжээнд ажлаараа тэргүүлсэн амжилтыг үзүүлснийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргаар 16 жил ажилласан Д.Тогтохсүрэнтэй холбохоос өөр аргагүй. Өнөөдөр МАН-ын бүлэг бүү хэл улс орон даяар олон асуудал дэгдэж байхад өнөөх л зангаараа чив чимээгүй сууна. Үүний цанаа юу байна вэ гэхээр ахиц дэвшилгүй санаа, өөрийнхөө амийг хоохойлж үлдэх гэсэн өчүүхэн санаа л явж байгаа хэрэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хамхуул(139.5.219.187) 2022 оны 05 сарын 04

Ийм нөхдүүд парламентад өдөр хоног өнгөрөөж хувиа борлуулан өнхөрч байх нь эмгэнэл юм.

1  |  0
БӨӨРӨНХИЙ(192.82.76.69) 2022 оны 05 сарын 04

БӨӨРӨНХИЙ ХУМСАА НУУСАН МУУР ШИГ Л АМЬТАН

1  |  0
Top