NEW 76 | “Хуримын генерал”

2022 оны 04 сарын 22

Баянзүрх дүүрэгт гэрийн буурь засаж, гэрлийн шон босгосон ч очдог өгөөмөр хүн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг. Үүнээс үүдэж, баянзүрхчүүд түүнийг “Хуримын генерал”” хэмээн нэрлэх болжээ. Монгол Улсад анхны эмэгтэй генерал төрөөд хэдхэн хонож байгаа бол эрхэм гишүүн нэлээд эртнээс энэ нэрийг зүүсэн хүн.

Ард түмнийхээ дунд явж, энэ хэрийн нэр цол хүртэнэ гэдэг сайхан хэрэг. Тэр тусмаа олон нийтийн саналаар сонгогддог УИХ-ын гишүүнд бол аз завшаантай зүйл. Үнэхээр тэр тус дүүрэгт шав тавьж байгаа, үүдээ нээж байгаа байшин барилга хаана юу байна, тэнд зогсож л байдаг цор ганцхан түшээ бол тэр.

Ёстой л “Хуримын генерал” шиг явна. Түүний хамтрагч Б.Энхбаяр гишүүнийг парламентын болон бусад хурал цуглаан дээр үг санал хэлж, хууль санаачилж байгаагаар мэдэхээс баянзүрхчүүд төдийлөн таних ч үгүй байх. Харин Б.Саранчимэг гишүүнийг бол тойргийнх нь зуудаг нохой ч андахаа больсон, аргагүй л ард түмний хүн. Орчин цагийн УИХ-ын гишүүний мөн чанар үүнд л оршино биз дээ.

Айсуй 2024 оны сонгуулиар хэрвээ Б.Энхбаяртайгаа хөтлөлцөөд очих завшаан тохиовол сонгогч олон түүнд л хүндэтгэл үзүүлж танимхайрах байх. Түүний давуу тал нь энэ юм. Тэгээд ч өнгөрөгч 2020 оны сонгуулиар УИХ-ын 22 дугаар тойрогт нийт 28 нэр дэвшигч өрсөлдөхөд 25228 иргэний санал авч парламентад ирсэн хүн. Энэ хэрээр тууз хайчилж, хурим найрын хойморт залраад байвал энэ саналын тоо нэг бол нэмэгдэнэ, нөгөө бол ихээхэн уруудах л байх.

Жирийн нэг автоматжуулалтын инженер мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад нь УИХ-ын Тамгын газарт компьютер сүлжээ хариуцсан администратораар ажиллуулахаар болсон нь улс төрд хөл тавих бодлыг анх төрүүлсэн байж таарна. Түүний улсад мэргэжлээрээ ажилласан түүх гэвэл ердөө 1995-1999 оны хоорондох таван жил байсан болов уу. Мөнгөтэй хүний эгчид ажил хийх шаардлага ч юу байхав. Жинхэнэ утгаар нь улс төр хийж эхэлсэн байж таарна.

Тэгээд ч УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан жирийн нэг админ бүсгүйд үүдэндээ туслах суулган, цайгаа зөөлгөж, бөөрөндөө зөвлөх наачихсан Төрийн түшээдийн амьдрал гоё агаад тун сонирхолтой санагдаа биз. Мөнгөтэй бөгөөд өнгөтэй хүний сонирходог ажил бол яах аргагүй улс төр.

Уг нь тэр улс төрд гавьяа ч байгуулаагүй, гай ч болоогүй бодь нэгэн. Их улс төрд хөл тавихад нөлөөлсөн гол зүйл бол мэдээжийн хэрэг хөрөнгө байдгийг нуух юун. Тэр зүгт таргийн таван ямаатай нөхөр зүтгээд ямар ч нэмэргүйг хөгшин залуугүй мэдэх болсон цаг. Түүнээс тэр МАН-ын нүүр царай болж, гудамж талбайд жагсаад, Төрийн ордонд бужигнуулаад байх хүн биш. Ямартай ч Тусгаар тогтнолын ордонг барихад ихээхэн хэмжээний хандив өргөчихсөн гэх мэдээлэл байдаг.

Үүнээс улбаалан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар 2010 онд томилогдож, 2015 он хүртэл ажилласан. Хуучин социалист нийгэмд сурч хүмүүжсэн хүн учраас хариуцлагатай ажилласан гэдэг. Өнөөдөр нийслэлийн ногоон байгууламжийн 20 гаруй хувийг эзэлдэг гэх Үндсэний цэцэрлэгт хүрээлэнг өдий зэрэгт хүргэсэн хүмүүсийн нэг бол яах аргагүй Б.Саранчимэг. Даанч түүний дүү Б.Наранхүү цэцэрлэгт хүрээлэнгийн хөрш зэргэлдээ ундны усны хагалбар дээр “Дүнжингарав” худалдааны төв байгуулчихсан нь эгчийнхээ үйлсийг харлуулдаг тал бий.

Хуучин нийгэмд сурсан гэс­нээс тэр 1987 онд ОХУ-ын Ново­сибирск хотын Цахилгаан Техникийн их сургуульд Удирдлагын автоматжуулалтын системийн инженерээр төгссөн. Өөрөөр хэлбэл цагийн зөөлөнд улсын зардлаар боловсорсон хүн. Сүүлд 1998 онд Гавайн Пасифик Их сургуульд Төрийн сангийн зээлээр суралцаад зээлээ төлөөгүй гэдэг. Сургалтын төрийн сангаар гадаадад сурахад нэг жилд 16 000 ам.доллар байдаг гэхээр чамгүй мөнгөөр сурсан нь харагдана.

МАН-ын эмэгтэйчүүдийг боловсролоор жагсаахад тэр энэ мэтээр дор орохгүй. Үүнээс гадна 2012 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд магистр, 2014 онд Харвардын их сургуулийн Удирдлагын хөтөлбөрийг, 2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Ийм хүнийг эрдэмтэй гэхээс ч өөр яахав. Даанч энэ их эрдмийн үр шимийг хаана, хэрхэн, юунд зарцуулж, гаргаж байгааг бодитоор харсангүй. Тэр­бээр нийслэлийн Иргэдийн төлөө­лөгчдийн хурлын төлөөлөгчөөр хоёр удаа, УИХ-ын гишүүнээр хоёр удаа тус тус сонгогдсон гэхэд нэрлэх бодит ажил, нэрлээд явах хууль алга.

Уг нь бүхэл бүтэн аймаг байгуулчих хэмжээний урт хугацааг тэр нийслэл, төрийн эрх барих байгууллагад өнгөрөөжээ. Тодотгож хэлэхэд 10 гаруй жил ажиллачихаад нэрлэх хууль ч байхгүй, бүтээн байгуулалт гээд нийгэмд нэрлээд үлдээчих зүйлгүй байна гэдэг харамсалтай. Магадгүй, хувь хүний суурь материал, байгалиас өгсөн хэм хэмжээ нь өөр өөр байдаг ч байж болох юм. Түүнээс бус ямар нэг зүйл хийж бүтээе гэвэл заавал дөрөв, таван сургуульд сурч, олон удаа парламентад сонгогдох хэрэггүй юм.

Ганц мэдэх зүйл гэвэл дээр дурдсанчлан Б.Саранчимэг гишүүн Баянзүрх дүүргийн сургууль цэцэрлэгийн нээлт, ойн баяр, шинэ жилийг бол алгасахгүй очно. Нэг цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нээсэн ч тууз хайчлаад зогсож байдаг идэвхтэй гишүүн. Ард түмнээс сонгогдсон түшээ тэднийхээ дунд очих нь ч зүйн хэрэг байх. Ингэхдээ бас ганзага хоосонгүй. Компьютер, хувилагч машин гэх мэт зүйлээр гар цайлгачихна.

Ийм л нэг гишүүн Баянзүрхчүүдийг төрд зургаа дахь жилдээ төлөөлж байна. Баянзүрх дүүрэгт өргөтгөлийн тууз хайчилж, хувилагч машин бэлэглэхээс өөр том асуудал олон бий. Нэрлэхээс залхамаар олон зүйл байгаа даа. Тэр асуудал руу ороход дэндүү жулдаад байх шиг байна. Ганц Б.Саранчимэг гишүүн ч бус парламентад ажиллаж байсан үе үеийн бүсгүйчүүд нэрлээд үлдээх юу ч хийгээгүй байдгийг он цагийн гэрч өөрөө хэлээд өгнө.

Энэ талаараа тэд намын бүлгийн нэг кноп бололтой юм. Гэхдээ тэр УИХ дахь Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн гишүүнээр ажиллаж, парламентын нэртэй шатарчидтай өгөө аваатай нүүдэг хүн. Тэр тусмаа шатрын өрөг, нүүдэл, түүний тухай “Шийдэмгий нүүдэл” ном бичсэн нь олонд эрэлттэй байсан гэдгийг дурдах хэрэгтэй.

Энэ хэсгээс Б.Саранчимэг гишүүн чухам ямар ажил хийдэг вэ гэдгийг харж болно

 

  • 2019.11.05-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.  

 

  • 2019.05.29-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тойргийнхоо хүүхэд багачуудыг Хүүхдийн ордонд хүлээн авч уулзлаа.

 

  • 2019.11.08-нд Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн 640 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны өргөтгөлийн нээлтэд тууз хайчлав.

 

  • 2019.09.31 “Шихихутаг” сургуулийн урилгаар 3, 4 курсийн оюутан залуучуудад “Ногоон хөгжил ба манлайлал” сэдвээр хүндэтгэлийн лекц уншиж, санал бодлоо солилцсон юм.

 

  • 2019.11.06-нд Шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клубийг нээлээ.

 

  • 2019.09.20-нд Тойргийнхоо 97 дугаар сургууль, “Шавь” цогцолбор сургууль болон 115, 128, 146, 191, 201, 213 дугаар цэцэрлэгүүдэд суурин болон зөөврийн компьютер, принтер, проектор, ширээ, сандал, хөгжмийн ком, ангийн самбар, зурагт, цэцэрлэгийн гал тогооны хэрэгсэл болон цэцэрлэгийн дотор, гадна талбайг камержуулж, бусад хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөв.

 

  • 2019.09.10-нд Баянзүрх дүүргийн 4,5,14 дүгээр хорооны Өрхийн эмнэлгүүдэд ЭХО аппарат, эмэгтэйчүүдийн ор, нярайн шарлагын аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, шээс цусны шинжилгээний аппарат зэрэг шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөв.

 

  • 2019.02.20-нд Шатрын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн болж, УИХ дахь Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн гишүүн Б.Саранчимэг болон Шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр нар нүүж тэмцээнийг эхлүүллээ.

 

  • 2019.10.01-нд Дэлхийн 43 дугаар Шатрын Олимпиадад Гүрж Улсын Батуми хотноо зохион байгуулагдаж, Монгол Улсыг төлөөлж УИХ дахь Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн гишүүн Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцож байна гэх мэт мэдээлэл дүүрэн бий. Энэ бүгд нь муу зүйл биш. Нэг ч атугай сургууль цэцэрлэгт дутмаг байгаа зүйлийг өөрийн биеэр дөхүүлж байна гэдэг сайн хэрэг. Түүнээс бус Б.Саранчимэг гишүүн нийгэм, эдийн засагт нөлөөлөх хэмжээний хууль санаачиллаа, баталлаа, эрхэм гишүүн бүтээн байгуулалтын чиглэлд ... гэх мэт мэдээ мэдээлэл шүүрдээд ч олохгүй. Уг нь УИХ-ын гишүүний үндсэн ажил бол ард түмний дунд явж, хаана ямар эрх зүйн орчин байгааг судалж, түүнд тулгуурлан, хууль санаачилж баталж байх учиртай л хүмүүс шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 Хуваалцах  Жиргэх

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шүгэл үлээгч(192.82.71.42) 2022 оны 04 сарын 25

Ийм балай юмнууд 76 д зөндөөн бузар авгай ... улс яаж хөгжихөв дэ

0  |  0
.(64.119.24.239) 2022 оны 04 сарын 22

Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн юмуу

1  |  0
кккккккккккккккккк(202.9.47.158) 2022 оны 04 сарын 22

ми наранхүү эд нарын газрын наймааг хамгаалж байх гал хамгаалагч маягаар л ойлгодог штээ

0  |  0
Зайл аа.(64.119.25.37) 2022 оны 04 сарын 22

ЖДҮ чин хулгайч. Намдаа мөнгө өгч суудал авсан юм.

1  |  0
Зайл зайл(192.82.78.95) 2022 оны 04 сарын 22

ЗАЙЛ

1  |  0
Top