ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 26

Өнөөдөр 2021.05.26. Билгийн тооллын 15. Монгол эх оронд маань нар 05 цаг 02 минутад мандлаа, 20 цаг 37 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 12 хэм, шөнөдөө 3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дани улсад Угсаа залгамжлах хунтайжийн өдөр бол Гүржид Тусгаар тогтнолын, Польшид Ээжүүдийн өдөр.

Энэ өдөр Дани, Америкийн кино найруулагч Уле Борнедаль, Америкийн дуучин Ленни Кравиц, Лорин Хилл, Английн жүжигчин Хелена Бонэм Картер, Америкийн жүжигчин Мэтт Стоун, Италийн хөл бөмбөгч Лука Тони зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1981: МАХН-ын 18 дугаар Их хурал хуралджээ. Хурлаар БНМАУ-ын улс, ардын аж ахуй, соёлыг 1981-1985 онд хөгжүүлэх долоодугаар таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг батлав.

1998: Орхон аймгаас Завханы чиглэлд нислэг үйлдэхээр хөдөлсөн “МИАТ” компанийн “Ю-12” онгоц Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт оршдог Байшинт ууланд осолдож, 28 хүний амь нас үрэгджээ. Эдгээрийн долоо нь 0-4 насны хүүхдүүд байсан юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1947: ЗСБНХУ-д цаазаар авах ялыг цуцалжээ. Гэхдээ 1950 онд эргүүлэн сэргээсэн билээ.

1966: Гайана Их Британиас тусгаар тогтносон.

1980: Унгарын анхны сансрын нисэгч Берталан Фаркаш “Союз-36” хөлгөөр хөөрчээ.

1999: Энэтхэгийн арми Жамму болон Кашмир мужид “Вижай” ажиллагааг эхлүүлжээ. Ийнхүү Каргилийн дайн эхэлсэн байна.

Энэ өдөр үс засуулвал өлзийтэй сайн.

Эл өдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, угаал үйлдэх, хүүхэд үрчилж авах, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцох, хүүхэд хөлд оруулахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
batnay(66.181.184.53) 2025 оны 03 сарын 13

Чанцалдулам аа, өөр тавих зураг олдоогүй юу? мандах нарны наагуур өргөст тор! эсвэл зургаар юм хэлэх гээд байна уу?

1  |  0
Top