М.П.Сингх: Газрын тос боловсруулах үйлдвэр цар тахлыг үл харгалзан амжилттай урагшилж буй цор ганц мега төсөл

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингхтэй ярилцлаа


-Энэтхэгт “Ковид-19”-ийн нөхцөл байдал хүндрээд байна. “Ковид-19” дэлхийн улс орнуудад тархаж эхлэх үед  Энэтхэг хатуу хөл хорио тогтоосноос гадна, 21 хоногийн дотор таван сая иргэнээ вакцинжуулж цар тахлын эсрэг үр дүнтэй тэмцэж байсан. Гэтэл одоо халдварын болон нас баралтын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэх боллоо. Таны бодлоор яг юунаас болоод нөхцөл байдал ингэж хүндрэх болов?

-Долоо хоногийн өмнө оргилдоо хүрээд байсан “Ковид-19”-ийн халдварын тохиолдол одоо харьцангуй хяналтад ороод байна. Энэ долоо хоногт (өнгөрсөн долоо хоногт) нийт батлагдсан тохиолдлын тоо 40 орчим хувиар, нэг сая тутам дахь нас баралтын тоо ч буурсан. Энэтхэг Улс коронавирусийн нэгдүгээр давлагааг амжилттай давсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сараас хоёр дахь давлагаа дэгдэж, нөхцөл байдал хүндэрсэн учраас манай улсын эмнэлгийн нөөц хомсдож, эрүүл мэндийн салбар бусад өндөр хөгжилтэй орнуудын нэгэн адил цар тахлын өмнө хүчин мөхөсдсөн. Хэдийгээр “Ковид-19”-ийн эсрэг олон төрлийн вакцин үйлдвэрлэж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч вирус мутацид орон хувирч байгаа тул үүсэх эрсдлийг урьдчилан таамаглах ямар ч боломжгүй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч цар тахлын эрсдэлийг бүрэн тооцоолж чадахгүй байна. Энэ мэт шалтгаан Энэтхэгт нөхцөл байдал хүндрэхэд нөлөөлсөн гэж хэлж болно. Өнгөрсөн хоёрдугаар сард батлагдсан халдварын тохиолдол 10 мянга болтлоо буурч, нас баралтын тоо хоёр оронтой тоо руу орж эхэлсэн учраас ард түмэн Засгийн газраас тогтоосон хөл хориог үл тоомсорлож,  эмнэлгийн хангамж тасалдаж, эрүүл мэндийн салбарын дэд бүтцийн бэлэн байдал суларч, мэргэжлийн ур чадвартай эмч нарын тоо цөөн байгаа нь нөхцөл байдал одоогийнх шиг болоход мөн нөлөөлсөн.

-Одоогоор Энэтхэгийн Засгийн газраас үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэхийн тулд ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа вэ?

-Хоёр дахь давлагаатай тэмцэхийн тулд Энэтхэгийн Засгийн газар шинжлэх ухаанд суурилсан урьдчилан сэргийлэх болон  эмчилгээний шинэ аргуудыг эхлүүлж, вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг эрмэлзэж байна. Өнөөдрийг хүртэл 185 сая хүн вакцинд хамрагдаад байгаа бөгөөд ирэх долоодугаар сар гэхэд  эхний тунг дор хаяж 300 сая хүнд тарихаар төлөвлөсөн. Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн “Covaxin”, “CoviShield AstraZeneca” вакцинаас гадна манай улсын Засгийн газар “Спутник-V”-ийг хэрэглэхийг зөвшөөрсөн. Одоогоор Энэтхэг улс дэлхийн хамгийн өргөн вакцинжуулалтын аяныг эхлүүлсэн бөгөөд вакциныхаа хангамжийг тасалдуулахгүйн тулд  “Pfizer”, “Johnson and Johnson”, “Zydus Cadilla” вакциныг дотооддоо үйлдвэрлэх талаар хэлэлцэж байгаа. Түүнчлэн “Ковид-19”-ийн вакцины экспортыг түр хугацаагаар зогсоогоод байна. Манай Засгийн газар долоодугаар  сарын эхэн үеэс эхлэн вакцины үйлдвэрлэлээ 80 саяас  90-100 сая тун болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Үүний зэрэгцээ зөвхөн Энэтхэгт төдийгүй бусад хөгжиж буй болон буурай орнуудад хүртээмжтэй, үнэ өртөг багатай  вакцин, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж буй Ремдесивир, Амфотерицин-Б зэрэг эм, бэлдмэлийн үйлдвэрлэл, хангамжийг эрчимжүүлэхийг эрмэлзэж оюуны өмчийн эрхээсээ татгалзаж байгаа. Мөн халдварын тохиолдлыг илрүүлэх хурдыг нэмэхийн тулд 2536 сорилын лаборатори, 7000 гаруй RT-PCR болон 21 COBAS төхөөрөмжүүдээр хүчин чадлаа нэмлээ. Өнгөрсөн пүрэв гарагт  Энэтхэг Улс нэг өдрийн дотор хоёр сая гаруй хүнээс коронавирусийн шинжилгээ авсан дэлхийн анхны улс болсон. Мөн “Liquid Medical” хүчилтөрөгчийн (LMO) үйлдвэрлэлийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, өдөрт 9500 метр.тонн үйлдвэрлэж, хүчилтөрөгчийн хангамж, эмийг нэмэгдүүлэх зорилгоор 40 орчим орноос  танкер, цилиндр зэрэг төхөөрөмж импортолж байна. Мөн цар тахлын гурав дахь давлагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Энэтхэгийн үндэсний томоохон 10 лабора­тори короновирусний геномын өөрчлөлтийг тасралтгүй судалж байгаа. Түүнчлэн халдварын тохиолдол ихтэй 21 муж тархалтыг бууруулахын тулд бүрэн болон хэсэгчлэн хөл хорио тогтоосон. Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээс гадна энэтхэгчүүдийн олон сая анд нөхдийн залбирал, тэр тундаа монголчуудын ерөөлийн ачаар ойрын хугацаанд нөхцөл байдал улам сайжирна гэж найдаж байна.

-Та Элчин сайдаар томилогдон ирээд хэдийнэ хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд чамлахааргүй олон ажил амжуулж, идэвхтэй ажиллаж байгаа тань олон зүйлээс харагддаг. Элчин сайдаар томилогдсоноос хойш хийсэн ажлаасаа хамгийн чухал гэж үзэж буйгаасаа онцолбол?

-Монголд хоёр жил гаруй хугацаанд ажиллаж амьдрахдаа надад нэг зүйл илт мэдрэгдсэн нь найрсаг, зочломтгой, сэтгэл сайтай монголчууд оюун санааны хөрш болох Энэтхэг Улсад элэгсэг дотно ханддаг хандлага нь байлаа. Түүнчлэн танай үзэсгэлэнт оронд би илүү их хайртай болсон. Миний бодлоор, оюун санааны холбоо нь манай хоёр гайхамшигт үндэстний харилцааг улам бүр эрчимжүүлж, бэхжүүлэх үйл хэргийн маань гол чиглүүлэгч болсоор байна. Монголд ирээд өгсөн анхны ярилцлагадаа хөгжлийн төслүүдийг цаг тухайд нь хэрэгжүүлж, нийтлэг өв уламжлалаа баяжуулж, Буддын шашны сүнслэг холбоог бэхжүүлж, цаашдын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх талаар би олонтаа дурдсан. Цар тахлын дэлхий дахинд үзүүлж буй нөлөөг үл харгалзан 1.236 тэрбум ам.долларын өртгөөр босох газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл төлөвлөсөн хугацааны дагуу урагшилж байна. Харин 20 сая ам.долларын өртөг бүхий мэдээллийн технологи, аутсорсинг сургалтын төвийг барьж байгуулах ажил хугацаанаасаа бага зэрэг хоцорч барилгын ажлыг энэ зун эхлүүлэхээр ажиллаж байна. “Бурхан Багш” Энэтхэгийн 55 ангит киног Монгол хэлнээ орчуулуулж дуу оруулан МҮОНТ-ээр гурван удаа цацаж олон нийтийн хүртээл болгосон билээ. Мөн Энэтхэг-Монголын найрамдлын сургуулийг Зайсанд байгуулахаар албан ёсоор тохиролцоонд хүрсэн. Миний хувьд дээр дурдсан дөрвөн төслийг Элчин сайдаар томилогдон ирснээсээ хойш  хоёр жилийн хугацаанд хийсэн хамгийн чухал ажлаар нэрлэхдээ сэтгэл хангалуун байна.

-Энэтхэгийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Монголд босох газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ямар шатандаа явж байгаа вэ. Энэ бүтээн байгуулалтын талаар сонирхохгүй монгол хүн гэж үгүй болов уу?

-Таны өмнөх асуултад хариулахдаа 1.236 тэрбум ам.долларын өртөгтэй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан амжилттай урагшилж буй Монгол дахь цорын ганц мега төсөл байж магадгүй талаар дурдсан шүү дээ. 2021 оны нэгдүгээр сард Монгол руу тусгай үүргийн нислэгээр 140 энэтхэг мэргэжилтэн ирж EPC-1 буюу Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажлыг эхлүүлээд явж байна. Одоогийн байдлаар усан сангийн газар, шорооны ажил дуусч, орон сууц,  авто зам, ус зайлуулах хоолой, суваг татах ажлууд үргэлжилж байгаа ба тэдгээрийн тоног төхөөрөмж, машин механизм, материал нь Монголын хил дээр ирээд байна. “EPC-2 (Анхдагч Процессийн болон дагалдах Байгууламж)”-ийн тендерт дөрвөн компани,  “EPC-3 (Үйлдвэрийн Цахилгаан Станц)”-т хоёр компани оролцож, шалгараад байгаа. Түүнчлэн Монгол Улсын Уул уурхайн яамнаас газрын тосны ордоос нефть боловсруулах үйлдвэр хүртэл түүхий эд тээвэрлэх 550 км хоолой барих ажилд 15 компаниас шалгаруулалт хийж байна. “Ковид-19”-ийн  цар тахлын нөхцөл байдал цаашид саад тотгор учруулахгүй тохиолдолд EPC-2 болон  EPC-3-ийн ажил төлөвлөсөн хугацааны дагуу эхэлнэ гэж найдаж байна.

-Энэтхэгийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар босож буй хоёр томоохон бүтээн байгуулалтын нэг нь газрын тос боловсруулах үйлдвэр бол нөгөөх нь Атал Бихари Важпайн нэрэмжит мэдээллийн технологи, хол­бооны төв билээ. Уг төвийн бүтээн байгуулалт бага зэрэг хойшилж магадгүй талаар та дээр дурдсан. Ямар шалтгааны улмаас хойшлох болов. Төлөвлөгөөний дагуу өнгөрсөн зунаас бүтээн байгуулалт нь эхлэх байсан шүү дээ?

-Бас нэг чухал төслийн нэг болох Атал Бихарийн нэрэмжит  Мэдээллийн технологи, Харилцаа холбоо, Аутсорсингийн төвийг байгуулснаар, жил бүр 5000 хүртэлх тооны мэдээлэл технологийн мэргэжилтэн бэлтгэх боломжтой юм. Анги танхим, сургалтын төвд хичээл­лэх хүний тоо, 650-аад бизнесийн процессын аутсорсингийн ажлын байрыг оролцуулаад уг төв нь 1100 хүний багтаамжтай юм. Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам өнгөрсөн оны гуравдугаар сард “ПК Саксена Контрасторс”-тай тус төвийн 10 давхар (B1 давхар орсон) барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсныг дуулгахад таатай байна. Үүнээс гадна “M / s Lovely International Trust” (LIT) нь Монголын  хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөр, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, техник, програм хангамж, сургалтын материалыг эцэслэн боловсруулсан. Тус төвийн барилгын ажлыг гүйцэтгэх эхний баг Улаанбаатар хотод хэдийнээ ирсэн бөгөөд барилгын ажлын эхний үе шатыг ойрын 2-3 сардаа эхлүүлнэ гэж найдаж байна. Барилгын ажил дуустал сургалтыг өөр төвд буюу түр байранд эхлүүлэх боломжийг Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яамтай хамтран судалж байгаа.

-Энэтхэг, Монголын дип­ломат харилцаа тогтоосны 65 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Ойн хүрээнд “Бур­хан Багш” хэмээх 55 ангитай цуврал Монгол хэлээр үзэгчдийн хүртээл болсон нь олон хүнд хүрсэн. Дахин иймэрхүү кино гаргах төлөвлөгөө байгаа юу. Хоёр улс ирэх жилүүдэд соёлын салбарт хийхээр төлөвлөж буй ажлууд бий юү?

-Цар тахал дэгдэж, хөл хорио, хязгаарлалт тогтоогоод байсан ч  Энэтхэг, Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан томоохон  есөн арга хэмжээг (төлөвлөсөн 25 арга хэмжээнээс) зохион байгуулж чадсандаа сэтгэл хангалуун байна. Үүнээс Монгол, Энэтхэгийн найрамдлын төгөл байгуулсан, Монгол банкнаас Махатма Гандид зориулан алт, мөнгөн зоос гаргасан, Монгол шуудангаас дурсгалын марк хэвлүүлсэн зэргийг дурдаж болох юм. Түүнчлэн  сургуулийн хүүхдүүдийн дунд урьд өмнө зохион байгуулагдаж байгаагүй зургийн уралдааныг улс даяар зохион байгуулсан бөгөөд уралдаанд 976 бүтээл ирсэн.  Үүнээс гадна МҮОНТ-ээр гурван удаа цацагдсан Энэтхэгийн 55 ангит кино олон хүнд хүрч, нийгмийн бүх давхаргынхны талархлыг хүлээсэн билээ. Мөн Буддын шашны нийтлэг өв уламжлалаа бэхжүүлэхийн тулд гурван тусгай төсөл санаачлан хэрэгжүүлж байна.

Нэгдүгээрт, Энэтхэгт хадга­лагдаж буй 108 боть бүхий Монгол Ганжуурын эх хувилбараас 100 багцыг нэмж хэвлэнэ.

Хоёрдугаарт, Гандан­тэгчин­лэн хийд дэх эртний Буддын шашны нэг сая гаруй гар бич­мэлийг дижитал хэлбэрт оруулна. 

Гуравдугаарт, хийдийн цогцолбор дотор Музей-номын сан байгуулах зэрэг багтсан юм. Мөн хүүхэд, залуучууд өөрсдийн оюун санааны өвөрмөц өвийг таньж, түүнээсээ суралцахад нь зориулж Бурхан багшийн амьдрал, тухайн цаг үеийн тухай интерактив номыг Монгол хэл дээр хэвлүүлэх ажлыг судалж байна. Нэмж дурдахад манай хоёр улсын Засгийн газар хоорондын “Соёлын солилцооны хөтөлбөр-2023”-ийн хүрээнд бид Энэтхэг дэх Рампур Резагийн нэрэмжит номын санд хадгалагдаж буй Чингис хаан болон түүний ач хүүтэй холбоотой, мөн тухайн үед хамаарах ховор нандин зүйлсээр үзэсгэлэн гаргах,  Соёлын сайдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Богд хааны музейн Буддын шашны өвийг хадгалдаг хэсгийг шинэчлэх,  монгол уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлэх тухай мөн судалж байна. Мэдээжийн хэрэг, соёл иргэншлийн холбоог харуулах Энэтхэг-Монголын хамтарсан кино бүтээх талаар ярилцаж байгаа.

-Өнгөрсөн онд та хоёр орны хооронд шууд нислэг үйлдэх талаар судалж байгаа талаараа нэгэн ярилцлагадаа дурдсан. Энэ асуудлаар тодорхой шийдэлд хүрсэн болов уу?

-Монголын эрх баригчидтай сүүлийн хоёр жил гаруй  хугацаанд Улаанбаатар-Шинэ Дели хооронд шууд нислэг эхлүүлэх талаар тууштай хэлэлцсэн нь эцэстээ үр дүнгээ өглөө. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдөр гаргасан "Хүннү эйр" компанийг Энэтхэг рүү шууд нислэг үйлдэхийг зөвшөөрсөн тухай тогтоолыг үндэслэн Монгол Улсын Зам Тээвэр Хөгжлийн яамнаас ирүүлсэн албан ёсны саналыг манай Элчин сайдын яам Энэтхэгийн Иргэний Нисэхийн Төв газарт 2021 оны дөрөвдүгээр сард уламжилсныг нааштайгаар хүлээн авч шаардлагатай зөвшөөрөл авах процессыг эхлүүлсэн болохыг дуулгахад таатай байна. Энэ жилийн сүүлчээр цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа Энэтхэг рүү шууд нислэг үйлдэж эхэлнэ гэж найдаж байна.

-Коронавирусээс үүдэл­тэйгээр манай улс хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоосон. Хатуу хөл хорионы өдрүүдийг хэрхэн өнгөрүүлсэн бэ?

-Монголд төдийгүй дэлхий дахин  цар тахалтай нүүр тулгарч, хатуу хөл хорио тогтоож байгаа ч би Монголд ажиллаж амьдарч байгаадаа өөрийгөө азтай, хувь тохиолтой гэж боддог. Ялангуяа 10 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Элчин сайдын яамны өргөөндөө сууж байгаагаа азтай гэж бодож байна. Хэдийгээр төлөвлөсөн олон арга хэмжээ, хөдөө орон нутаг болон  олон улсын аялал гэх мэт ажлууд цуцлагдсан ч ихэнх цагаа газрын тос боловсруулах үйлдвэр болон  мэдээллийн технологийн төвийн төслүүдэд зарцууллаа. Түүнчлэн хоёр улсын  Гадаад хэргийн сайд нарын цахим уулзалт, Батлан хамгаалах яамдын хамтарсан ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулж, Гандантэгчинлэн хийдийн музей, номын сангийн зураг төсөл, нэг сая Буддын гар бичмэлийг дижитал болгох саналыг  хэлэлцсэн. Хувь хүнийхээ хувьд, би Жек Уэтерфордын Монголын тухай бичсэн бүх номыг уншиж дуусгалаа. Мөн Элчин сайдын яамны хүлэмжийг сэргээн засварлаж өөрсдөө хүнсний ногоогоо тарьж ургуулж байгаа. Тиймээс цар тахлын улмаас удаан хугацаанд гэрээсээ ажилласандаа гомдоллох  шалтгаан надад алга.

-Элчин сайдуудын нэг улсад томилогдон ажиллах хугацаа дунджаар 2-3 жил байдаг. Таны хувьд Монголд үргэлжлүүлэн ажиллах бодол байгаа юу?

- Миний Монгол Улсад ажиллах хугацаа 2022 оны гуравдугаар сард дуусна. Гэхдээ би энэ сайхан оронд байх хугацаагаа цаашид ч үргэлжлүүлэхийг хүсэж байна. Хэрэгжүүлж буй төслүүдийнхээ үр дүнг харахаас гадна хоёр оронд найрамдлын шинэ хэлхээ холбоог бий болгож, эдийн засгийн түншлэлээ улам өргөжүүлэхийг хүсэж байна. Гэхдээ ямар ч үед сайхан сэтгэлт монголчуудын тухай олон нандин дурсамж хэдийнэ үлдсэн гэдгийг хэлэх нь зөв болов уу.

-Монголын талаар анх томилог­дон ирэхэд төрж байсан сэт­гэгдэл тань энэ хоёр жил гаруйн хугацаанд өөрчлөгдсөн үү?

-Мэдээж, өөрчлөгдсөн. Энд ирэхээсээ өмнө би Монгол Улсад дуртай байсан. Харин одоо би энэ гайхалтай оронд хайртай болсон. Морин хуур сонсож, биелгээг хэдэн цагийн турш үзсэн ч огт ядралгүй харин ч эсрэгээрээ таалагддаг болсон. Надад болон миний гэр бүлийнхэнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн нэг зүйл бол монголчуудын энэтхэгчүүдэд сэтгэлээсээ хандаж буй хандлага юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд монголчууд аливаа бэрхшээлийг инээмсэглэл, шинэлэг шийдлээр сэтгэлийн түгшүүрт авталгүйгээр даван туулах чадвартай гэдгээ харуул­лаа. Цар тахлын үед монгол үндэстний авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, сахилга баттай байдал үнэхээр бахад­маар байна. Тэдний гэр бүл, үндэс угсаа, эрх чөлөөгөө хайрлах хайр нь ямар гайхалтай гэдэг нь олон нийтийн мэдээл­лийн хэрэгсэл төдийгүй  бусад зүйлээс ч харагдаж байна. Энэтхэг, Монголын харилцаа цаашид ч өргөжинө гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ бидний түншлэлийн оргил үе удахгүй ирнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж(66.181.161.103) 2021 оны 06 сарын 01

Ок

5  |  1
Top