Эдийн засаг, хөгжлийн яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал багатай урт хугацааны хөгжлийн стратеги (LT-LEDS)-ийг боловсруулах үйл явцыг дэмжих, мөн үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй уялдуулах зорилготой сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.03.13/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Мөнгөнсүх нээж үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг системтэйгээр тусгах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт уялдуулахын ач холбогдлыг онцоллоо.
Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын Салбар дундын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Райымбек “Хөгжлийн бодлого төлөвлөлт ба хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлого”, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Уур амьсгалын амлалт төслийн зохицуулагч Д.Саруул “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны хөгжлийн стратеги (LT-LEDS)-ийг улсын дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэлд тусгах хэрэгцээ, шаардлага”, төслийн зөвлөх багийн ахлагч Б.Ууганбаяр “Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал багатай урт хугацааны хөгжлийн стратеги (LT-LEDS) боловсруулах системийн динамик загварчлал” сэдвээр тус тус танилцуулга хийлээ.
Дэлхийн улс орнууд Парисын хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, эдийн засгийг хүлэмжийн хийн ялгарал багатай, ногоон хөгжлийн загварт үе шаттайгаар шилжүүлэх, эдийн засгийн голлох салбаруудын тогтвортой өсөлтийг хангах зорилгоор урт хугацааны хөгжлийн стратеги боловсруулахыг зорьж байна.
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон шинэчлэн баталсан Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC 3.0)-ийн хүрээнд Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 30.3 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байгаа билээ.
Хэлэлцүүлэгт холбогдох төрийн захиргааны байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, Монгол Улсын хөгжлийн зорилттой нийцсэн хүлэмжийн хийн бага ялгарлын урт хугацааны хөгжлийн стратегийг боловсруулах арга зүй, бодлогын уялдаа, хэрэгжилтийн асуудлаар санал солилцов.

Сэтгэгдэл ( 0 )