Т.Энхбат: Зорилгоо биелүүлчихээд Монголдоо харина  

2021 оны 04 сарын 29

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөж яваа монголчууд дунд дуурийн дуучид тэргүүнд бичигдэнэ. Олон улсын тэмцээн уралдаанд түрүүлэхээс гадна дэлхийн тэргүүн дуучны хэргэмийг ч тэд эх орондоо авчирч байсан. Одоо манай маш олон авьяаслаг дуучин гадаадын шилдэг театруудад ажиллаж байна. Тэдний нэг Т.Энхбаттай ОХУ-ын Пермь хотын Мэдээний агентлагийн сэтгүүлч уулзан ярилцжээ.

Түүний ярилцлагыг орчуулан хүргэе.
 

Хөршүүд минь намайг дуулахад дуртай

Түвшинжаргалын Энхбат Монголд төрсөн. Оросын Петербургт хөгжмийн боловсрол эзэмшиж, Марийнскийн театрт ажиллаж байгаад  хоёр жилийн өмнө Пермь хотод ирсэн. Пермийн Дуурийн театрт түүний анх бүтээсэн дүр нь Евгений Онегин. Дараа нь “Царская невеста”-д тоглосон. Энэ жилийн дөрөвдүгээр сард тус театр Кармен (18+) дуурь тавьсан нь маш их шуугиан тарьсан билээ. Т.Энхбат тус дуурьт Эскамильогийн дүрийг бүтээсэн юм. Манай сурвалжлагч түүнтэй Пермийн Дуурийн театрт уулзан ярилцжээ. Т.Энхбат оросоор сайн ярьдаг.

Жүдо тамирчин

-Бага насныхаа дурсамжаас хуваалцаач. Та Монголын нийслэлд төрсөн үү?

-Тиймээ, Улаанбаатарт төрсөн. Хүүхэд нас минь ч тэнд өнгөрсөн. Аав минь Монголын үндэсний театрт дуучин, ардын дуу дуулдаг байлаа. Би байнга театрт очдог, тэнд өссөн гэж хэлэхэд бараг болно. Би хөгжмийн сургуульд ороогүй. Их хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор ноотны хичээл хийж чадахгүй байсан байх. Тийм болохоор намайг спортын сургуульд оруулсан юм.

-Тэгэхээр та багадаа огт дуулж байгаагүй, дуучин болох ямар ч итгэл найдвар төрүүлж байгаагүй гэсэн үг үү?

-Бусад хүүхдүүдтэй л ижил дуулдаг байсан. Муугүй хоолойтой байсан ч нэг их тоодоггүй байлаа. Миний сонсгол, авьяас ээжийн өлгийнд байхаас эхэлсэн гэж боддог. Ээж дуучин биш жирийн оёдолчин хүн, олон жил Солонгост ажилласан.
 


-Ингэхэд тамирчин хүн яагаад дуучин болж орхив?

-16 настай байхдаа би Монголд болсон жүдогийн сонгон шалгаруултад түрүүлж, Өмнөд Солонгост суралцахаар явсан юм. Гэтэл жилийн дараа улсаас гэрээний мөнгө төлөхөө больсон. Харин би хувиараа төлөхийг хүсээгүй. Ингээд спортын замналаа үргэлжлүүлэх үү, яах вэ гэсэн асуулт гарч ирлээ. Аав “Чи сайн дуулдаг. Хөгжмийн сургуульд ор” гэснээр би  Урлагийн коллежид  элсэж байлаа. Намайг дуулуулж үзээд “Хоолой бол байна. Гэхдээ хичээллэх хэрэгтэй” гэж хэлж билээ. Ингээд л ноот, төгөлдөр хуурын хичээл эхэлсэн. Хэцүү байсан шүү. Сургуулиа төгсөөд ОХУ-д ирж, Санкт-Петербургийн консерваторт зургаан жил суралцсан. Дараа нь Марийнскийн театрт гурван жил гоцлол дуучнаар ажилласан.

-Пермийн Дуурийн театрт яагаад орох болов?

-Би энэ театрт орохыг маш их хүссэн. Энд Медея Ясониди гэдэг сайн багш байдаг, гайхамшигтай удирдаач Теодор Курентзис ажилладаг гэдгийг мэддэг байлаа. Тэдэнтэй хамт ажиллахыг маш их хүсэж байв. Марийнскийн театртай хийсэн гэрээ дууссаны дараа би бичлэгээ Медея Ясонидид илгээсэн. Тэр намайг ярилцлагад урьсан. Ингээд орсон доо.

-Манай хот ямар санагдаж байна?

-Сайхан, тайван хот. Их таалагдсан. Хүмүүс нь ч эелдэг, нөхөрсөг. Хэн ч намайг гадаад хүн гэж ялгаварлаагүй.
 


-Хамт олон ч гэсэн нөхөрсөг үү?

-Нөхөрсөг уур амьсгалтай байж л амжилт гаргана. Хамт олон минь намайг ямар ч үед дэмждэг. Нэг нэгэндээ туслана. Ялангуяа Медея Ясониди надад их тусладаг. Хоёр дахь ээж минь л гэсэн үг. Түүнийг байхгүй байсан бол би амжилтад хүрэхгүй байх байсан. Зарим дуучин нэр алдарт гарахаараа биеэ тоож эхэлдэг. Зарим нь мөнгөнд эвдэрнэ. Би тийм хүмүүсийг харж байсан. Ингэж болохгүй. Амжилтад хүрэхээсээ өмнө хэн байснаа мартаж болохгүй. Өвөө минь ч ингэж сургадаг байсан.

-Та бурхан шашинд итгэдэг үү?

-Бөө мөргөлд итгэдэг. Монголд олон янзын шашин бий. Бурхан ганц ч шүтлэг бишрэлд хүрэх зам хүн болгонд өөр байдаг. Аав ээж минь Буддын шашинтай. Би ч гэсэн Будда, Христосын шашинд итгэдэг байсан. Таван жилийн өмнө бөө мөргөлтэй болсон. Надад таарна гэдгийг мэдэрсэн юм. Би байгаль дэлхийд хайртай. Бөөд ч гэсэн эх байгаль чухал. Гэхдээ мэдээж би бүх шашныг хүндэлдэг, учир нь бүгдэд нь хайр гэдэг үг, сургаал байдаг.

Согтуу Эскамильо, тайзан дээрх дотуур өмд

-Кармен дуурьт тоглоход хэцүү байв уу? Франц хэл дээр  энэ их үгийг яаж цээжлэв?

-Франц хэл мэдэхгүй ч хэцүү байгаагүй. Манай театрын Анита Поликарпова багш франц хэлний дуудлагыг бидэнд зааж өгсөн. Манайхан ч хурдан сурсан. Миний хувьд хэл биш жүжиглэлт дээр хэцүү байлаа. Би Марийнск, Эрмитаж, Буриад, Хятадын театрт  таван удаа Карменд тоглож байсан. Дандаа л Эскамильогийн дүрийг бүтээдэг байсан. Театр болгонд Эскамильог өөр өөрөөр дүрсэлдэг ч хамгийн хэцүү нь энд Пермийн театрт байлаа. Яагаад гэвэл дүр минь жинхэнэ, амьдралд ойрхон байсан гэж хэлж болох юм. Жишээ нь, согтуугаар түүний дүрийг бүтээхэд хэцүү байлаа. Гэхдээ Константин Богомолов сэтгэл зүйн хувьд яаж тоглох хэрэгтэйг зааж өгсөн. Би чадсан гэж бодож байгаа. Хамт олон маань ч их дэмжсэн.

-Үзэгчид энэ жүжгийг их шүүмжилж байсан. Та шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?

-Энэ бол жирийн зүйл. Харин ч шүүмжлэл байхгүй бол муу тогложээ гэсэн үг. Хүн болгон өөр, бүгд өөр өөрөөр хүлээж авна. Таалагдаагүй шүүмжилсэн хүнийг ч хүндлэх хэрэгтэй. Манай жүжигт амьдралыг л харуулсан. Жишээ нь, үзэгчид тампон харчихаад “ямар балиар юм” гээд л байсан. Үнэндээ тампон чинь эмэгтэй хүний амьдралын салшгүй хэсэг, хүн болгон л мэднэ. Эскамильо архи уулаа гээд шүүмжилсэн. Амьдралд согтуу хүн олон байдаг шүү дээ. Театрт ажиллаж байх хугацаандаа би тоглосон дуурь дээрээ үзэгчид инээж байхыг сонсоогүй. Харин Кармен дээр хүмүүс маш их инээн баясаж байхыг харлаа. Жинхэнэ кайф. Хүмүүсийг инээлгэх хамгийн хэцүү нь. Уйлуулах бол гайгүй, гунигтай хөгжмөөр ч уйлуулж болно. Хэсэг хугацааны дараа хүмүүс энэ жүжгийг ойлгох байх гэж бодож байна.  

-Кармен дээр та тайзан дээр дотуур хувцастай гарсан. Эвгүй байв уу?

-Үгүй, харин ч гэртээ байгаа юм шиг санагдаж байсан.


-Таны булчин сайхан харагдаж байлаа. Та одоо  ч спортоор хичээллэж байгаа юу?

-Үгүй, багш спортыг хориглосон. Хэт булчинтай байхад чөлөөтэй амьсгалахад төвөгтэй, хоолой өөрчлөгддөг. Гэхдээ манай дууны бэлтгэл, жүжиг бас л спорт гэсэн үг. Бид өдөр болгон 6-10 цаг ажилладаг. Тэгэхээр формтой байх нь аргагүй.

Сэтгэл дотроо ч үргэлж дуулж явдаг

-Энэ их текст, аяыг яаж цээжилдэг вэ?

-Энэ бол манай концертмейстерүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүн, ач тус. Энэ боломжийг ашиглаад тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Надад Ольга Бочкарева маш их тусладаг. Түүнтэй ажилласныхаа дараа Медея Ясониди дээр очно. Бас ажиллана.

-Танд гэрийн даалгавар өгдөг үү?

-Мэдээж өгнө. Бие даан ажиллах шаардлагатай. Би үргэлж, сэтгэл дотроо ч дуулж явдаг. Пермь хотод би жирийн орон сууц хөлсөлж амьдардаг. Намайг дуулахад хөршүүд минь дуртай. Заримдаа чимээгүй байхаар яасан, юу болов гээд асуудаг юм. Чимээ шуугиантай байна гээд үглэж, загнадаггүйд нь би тэдэнд баярлаж явдаг. Евгений Онегин жүжгийнхээ нээлтэд хөршүүдээ урьсан. Нэг байранд амьдардаг хүмүүс нэг нэгнээ хүндэлж, хайрлаж байх ёстой гэж би боддог.
 


-Онегин бол маш хурц, өвөрмөц баатар. Та түүнийг яаж мэдэрч, гаргадаг вэ?

-Онегин бол би. Энэ дүр миний мөрөөдөл байсан. Би хэзээ ч дуурийнхаа эх номыг уншдаггүй. Харин Евгений Онегинийг бол уншсан.

-Гэхдээ Онегин бол олон сөрөг талтай баатар. Танаас түүнтэй адилхан зүйл харахгүй байна.

-16 настайдаа би бүтэлгүй дурлаж, яг л Онегин шиг зовж явлаа. Энэ дүрийг дуулахад өөрийн тэр үеэ санаад харин ч илэрхийлэхэд илүү амар байсан. Харин түүн шиг хүйтэн, хөндий болоход хэцүү. Тиймээс дүрдээ орохын тулд өөртөө “Энхбат чи бол насанд хүрсэн, том эр хүн шүү” гэж хэлээд л байдаг. Манайхан тэр үед намайг хараад яав гэж гайхдаг юм.

-Яаж та дуулаад, хажуугаар нь инээмсэглэж чадаж байна вэ? Толины өмнө бэлтгэл хийдэг үү?

-Толины өмнө бэлтгэл хийдэггүй. Миний хувьд үзэгчид бол хамгийн сайн толь.

-Тайзан дээрээс үзэгчдээ хардаг уу?

-Үгүй.

-Тэгвэл яаж тэднийг сонсдог гэж? Дуурь дээр бүгд л чимээгүй байдаг шүү дээ.

-Энэ чимээгүй байдалд асар их эрч хүч агуулагдаж байдаг. Би үзэгчдээ мэдэрдэг.

-Дуучид мөхөөлдөс идэж болохгүй гэдэг үнэн үү?

-Хүнээсээ л болно. Хэрэв та манай гэрийн хөргөгчийг онгойлгож үзвэл маш их мөхөөлдөс байгааг харах болно. Би амттанд дуртай.

-Тэгвэл түүхий өндөг хоолойнд сайн гэдэг?

-Үнэхээр сайн. Хоолой зөөлөлдөг юм.

-Танд мөрөөдөл бий юу?

-Би нохойнд дуртай. Багадаа урт чихтэй спаниель нохойтой байсан ч үхчихсэн. Одоохондоо дахин тийм хагацлыг туулахад бэлэн биш байгаа ч өөрийн гэсэн байшин бариад хоёр спаниель нохойтой болох сон гэж боддог.
 


-Байшингаа хаана барих вэ?

-Монголдоо барина. Уран бүтээлийн бүх зорилгоо биелүүлснийхээ дараа эх орондоо хариад байшингаа барина даа.

-Гэр бүл тань энд Пермьд байхгүй юм байна гэж ойлголоо.

-Гэргий минь дуучин хүн, Улаан-Үдийн театрт ажилладаг. Одоохондоо хамт нэг газар ажиллах боломж байхгүй байна. Бид өөр өөрийн театртаа хэрэгтэй. Одоо интернэтээр харилцаад хааяа нэг нэгнийдээ зочилно. Бид хоёр долоон настай Сувд гэдэг охин, хоёр настай Аминтэнгэр гэдэг хүүтэй. Аав ээж минь намайг тайзан дээр дуулж байхыг огт хараагүй. Өнгөрсөн жил ааваа Пермьд урьтал онгоц нь саатаад ирж чадаагүй. Магадгүй энэ хувь заяа, аав минь хүүгийнхээ тоглолтыг үзэх бэлтгэлгүй байсан байх. Одоо цар тахлаас болоод хил хаалттай байгаа. Гэхдээ ирэх улирлаас өмнө коронавирус устаж, гэрийнхэнтэйгээ уулзана гэж найдаж байна. Мэргэжилдээ хэр өссөнөө аав ээждээ харуулахыг маш их хүсдэг. Эцэст нь би үзэгч, уншигчид, Пермь хотынхондоо хандаж болох уу?

-Бололгүй яах вэ.

-Бүгд эрүүл энх байж, гэрбүлээрээ цуг байхыг хүсэн ерөөе. Нэг ч хүүхэд өвдөхгүй, уйлахгүй, хаа сайгүй хүүхдийн инээх дуу цангинаж байгаасай гэж хүсэж байна.

-Баярлалаа. Манай редакциас танд эрүүл мэнд, уран бүтээлийн амжилт, шинэ дүрүүд, гэр бүлтэйгээ байнга уулзаж байхыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амжилт(66.181.161.110) 2021 оны 04 сарын 30

Яаяа мундаг юмаа! Манай 13-ын бор өндөрт өссөн, багын жаахан хульгандуу үеийн гар байсан. Даан ч дуучин болох гээд байсан байна шүү дээ. Мундаг, амжилт!

3  |  0
1(192.82.91.38) 2021 оны 04 сарын 30

Амжилт хүсье. Дүү минь

2  |  0
zochin(202.179.27.101) 2021 оны 04 сарын 30

urlsgiin ondor amjilt chusei

2  |  0
lol(103.229.122.123) 2021 оны 04 сарын 30

haha

2  |  1
Top