А.Амбасэлмаа: Нийт 32 хүнээс коронавирус илэрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 30

Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. (2021.01.30)

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 14495 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Эдгээр нь бүгд өмнөх болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.

"Интермэд" эмнэлэгт сайн дураар шинжилгээ өгсөн хүний түргэвчилсэн тест эерэг гарсан. Баталгаажуулах шинжилгээг ХӨСҮТ-д хийхэд эерэг гарч онош батлагдан ХӨСҮТ-д ирсэн ч биеийн байдал маш хүнд байна. Амьсгалын аппараттай байгаа. Гэртээ өвчнөө хүндрүүлсэн байна. 

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 908 боллоо. Дотоодын халдвар буюу голомтод 1234 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна.

Дорноговь аймагт замын ажил хийхээр явсан хүмүүсийн дундаас түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан. Баталгаажуулах шинжилгээг ХӨСҮТ-д хийж байна. 

Сүүлийн 24 цагт ХУД-ийн 300 ортой эмнэлгээс 18 хүн эдгэрч гэртээ гарсан. Мөн  ХӨСҮТ-өөс 24 хүн, цэргийн төв эмнэлгээс 10 хүн эмнэлзүйн хувь эдгэрч, ХУД-ийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн.

Монгол Улсын хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдол 1742, үүнээс эдгэрдсэн 1303 буюу 75,8 хувийг эмчлэн эдгэрүүлсэн байна. Одоогоор 408 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хүнд 1, хүндэвтэр 53, хөнгөн 353 хүн эмчлэгдэж байна.

Top