ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 06

Өнөөдөр 2020.11.06. Энэ оны 311 дэх өдөр. Он дуусахад 55 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 45 минутад мандлаа. 17 цаг 27 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 0 хэм, шөнөдөө -14 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дайн, зэвсэгт мөргөлдөөнд байгаль орчныг ашиглахыг эсэргүүцэх олон улсын өдөр. Мөн Хүний гарт үрэгдсэн ан амьтны дурсгалын өдөр юм. Доминикан, Тажикистанд Үндсэн хуулийн өдөр бол Узбекистанд Соёлын салбарын ажилтнуудын, АНУ-д Саксофон хөгжмийн өдөр тохиож байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Эмма Стоун, Сербийн теннисчин Ана Иванович, Германы хөл бөмбөгч Андре Шюррле, Австрийн дуучин Кончита Вурст, Америкийн сагсан бөмбөгч Ламар Одом, Английн жүжигчин Тэнди Ньютон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1925.11.06: БНМАУ-ын II Их хурал хуралджээ. 88 төлөөлөгч оролцсон тус Их хурлаар “Нутгийн захиргаа байгуулах тухай”, “Шүүх таслах байгууллагуудыг шинэчлэн батлах тухай”, “Мөнгөний гүйлгээг сайжруулах ба үндэсний мөнгөн тэмдэгт гаргах тухай”, “Сүм хийдийн малаас алба татварлах тухай” ардын эрүүлийг хамгаалах ба мал аж ахуйг хөгжүүлэх бодлого” зэрэг чухал асуудлыг хэлэлцэн баталжээ.

1985.11.06: БНМАУ Малдив улстай дипломат харилцаа тогтоов.

2012.11.06: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1923 оны энэ өдөр Польшид Краковын бослого эхэлжээ.

1986 оны энэ өдөр Алекс Фергюсон Английн “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагчаар томилогдов.

1995 оны энэ өдөр “Queen” хамтлагийн Фредди Меркьюритэй хамгийн сүүлийн цомог худалдаанд гарсан байна.

Өнөөдөр үс засуулвал өвчин ирнэ.

Энэ өдөр тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бар, туулай жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Энэ өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, газрын ам бооход сайн. Харин эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top