Анх 1921 онд Ардын Засгийн газрын 6 дугаар хурлаар “Цагдаагийн тухай” хэлэлцээд, ард түмний амь бие, эд хөрөнгөд халдагсадтай тэмцэх, хэв журам, энх амгалан байдлыг сахиулах үүрэг бүхий “Сэргийлэх цэргийн салаа”-г байгуулсанаар үүсэл тавигджээ.
Цагдаагийн албан хаагчид аль ч нийгмийн үед төрийн чухал механизмыг бүрдүүлж, олон нийтийн хэв журам сахиулж, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэж, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх үүргийг гүйцэтгэж ирсэн.
Монгол төрийн цагдаагийн байгуулгын түүхийг судалсан эрдэмтэн, судлаачдын бүтээлд бичснээс үзвэл 4-5 түүхэн цаг үед ангилагдсан баялаг түүхтэй юм.

Зураг №1. Дотоод явдлын яамны харьяанд Цагдан сэргийлэх газрыг байгуулахаар тогтоосон Улсын анхдугаар Их хурлын 5 дугаар тогтоол. 1924.11.13
Эх орон, төр засаг, ард түмэндээ зүтгэхийг үлгэр жишээ болсон цагдаагийн албаны өдрийг тохиолдуулан Үндэсний төв архивын сан хөмрөгөөс нэгэн онцлог баримтыг худам монгол бичгээс шинэ кирилл үсэгт буулган танилцуулж байна.
БАРИМТ №1. Хөрвүүлсэн нь:
“Цэргийн яамны морьт, явган цагдаа нарыг Нийслэлийг сэргийлэх
цэргийн алба хаалгаж, цалин хэрэглэлийг хэлэлцэн тогтсон тухай
Олноо өргөгдсөний арван гуравдугаар он зургаан сарын шинийн таван бөгөөд европын долоон сарын арван наймны өдөр, Засгийн газар, хурлын олон гишүүд хуралдаж зөвлөлдөн тогтоосон хурлын тавдугаар хурлын бичиг.
Тавдугаар зүйл. Бүх цэргийн зөвлөлөөс, Засгийн газраас, Цэргийн яамны морьт, явган цагдаа нарыг тасгаар суулгахыг хэрэггүй болгон Нийслэлийн доторх сэргийлэх цэргийн тоонд оролцуулаар тогтоосон нь: угаас Нийслэл дотор эдний цагдаа нар цагдан байцаах зэрэг самууныг хянан сэргийлэхээр явган болох ба шинэ хүмүүсийг оруулахад давдув үгүй тул морьт цагдаа гучин хүмүүнийг захирал нэгтэй үлдээж, улсын сангаас цалин олговоос эсэхийг тогтоому хэмээсэн хэргийг хянан хэлэлцэж санал гаргаж ирүүлээр ирснийг тус зөвлөлийн хорьдугаар хурлын дөрөвдүгээр зүйлд хэлэлцээд энэ зүйлийн цагдаа нарыг харьяат Цэргийн яамны төлөвлөсөн ёсоор цөөтгөн татан буулгаж, улсын хүүг арвилан хэмнэхүй нь зүйтэй боловч Нийслэл хүрээний дөрвөн аймгийн жасаан татан буулгаж хүрээ, хотын дотоод дахь аливаа цагдан байцаах, сэргийлэх, арилгах, цэвэрлэх хэргийн үүрэг хүлээлгэсэн газар нь гагцхүү Цагдан сэргийлэх хороо, мөн уул тэр ч байтугай бага сага хэрэгтнийг дайчлан бариулах, сурвалжлах зэрэг чухал албан хэрэг тасралтгүй мэт бөгөөд уг морьт цагдаа гучийн дээр нэмэгдүүлэн бас эдний цалинг ямар зэрэг олгуулбаас зохихыг Засгийн газраас тогтоолговоос ямар хэмээн хойш явуулж гүйцэтгүүлэхээр хэлэлцэн тогтов хэмээн ирснийг харьяат Хянан байцаах хэлтэс, Сангийн яамнаа хамтаар явуулж хянуулсанд, Сангийн яамнаас явган цагдаа гучийг хэвээр нэмэгдүүлэхэд манай яам татгалзахгүйн дээр тэд нарт хорьдугаар зэргээр цалин олговоос ямар хэмээсэн ба Хянан байцаах хэлтсээс энэхүү цагдаа нарыг тасгаар суулгахыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийг сэргийлэх цэргийн тоонд оролцуулан алба хаалгах учир цагдаа нарт шинэ тогтоосон цэргийн дүрмээр мөн захиралд сумангийн даргын арван хоёрдугаар зэргээр бодож тус тус цалин олгох явдлыг удаа дараа хэлэлцэн тогтоож, дагаж шийтгүүлэн буй бөгөөд ер албан үүрэг хөнгөн үгүй хэмээн үлдэх, нэмэгдүүлэх зүйл үгүй тул хэрэгсэх үгүй болгож, хуучин хэвээр нь цэргийн тоонд оруулан явуулах ба бас ч уг албанд тогтож, түшиглэсэн хэмээвч шударга ариун, чадамгай сайныг сонгон хэрэглэх нь цэргийн яамны эрх хэмжээний доторх хэрэг хэмээх зэрэг учир гаргаж, эдний цагдаа нар арван тавны газар цагдан байцааж сэргийлэх нь уналга морьд үгүй болбоос осолдох хийдэх зүйл буй учир цагдаа гуч, захирал нэгд сар бүр хүн тутам морины хөлс арван таваад ланг Улсын сангаас тавин олгуулваас зүйтэй мэт тул тогтоому хэмээн ирсэн нь хэлэлцээд Цагдан сэргийлэх хорооны албан үүрэг нэн үлэмж, цагдах байцаах хэрэг чухал. Иймд хянан байцаах хэлтсийн төлөвлөсөн ёсоор явуулахад уг хэрэг зүйлийг огт хүрэлцүүлэн чадахгүй байтугай аливаа хулгай, худлын зэрэг муу самууныг цагдан байцаахад маш давдув үгүй болох тул Бүх цэргийн зөвлөлд төлөвлөсөн ёсоор явуулж морьт, явган цагдаа, цэрэг тус бүр гучуулд цэргийн адилаар хүн тутам сар бүр хоол, хувцасны хамт бүгд биеээр мөнгө 17 лангийн цалин олгуулж, мөн морьт цагдаа бүрт сар тутам морины хөлсөнд арван гурван лан нэмэн олгох ба захирлын цалинг сумын даргын адилаар явуулахаас гадна мөн цагдаа нарт шударга ариун хүнийг томилон суулгах зэргийг Цэргийн яамнаас эрхлэн гүйцэтгэхээр тогтов.

Зураг №2. Цэргийн яамны харьяаны гаалийн морьт цагдаа нар. /1920-иод оны эхэн/.
Жинхэний орлогч, Гадаад яамны сайд Цэрэндорж
Бүх цэргийн жанжин Данзан
Засгийн газрын зөвлөх түшмэл орлосон, Нарийн бичгийн дарга Навааннамжил
Цааз хууль эмхлэх хэлтсийн эрхэлсэн түшмэл Чимэддорж
Хянан байцаах хэлтсийн дарга орлосон Бүрэнбаатар
Гадаад яамны эрхэлсэн түшмэл Довчин
Дотоод яамны сайд Навааннэрэн
Дотоод яамны зөвлөх түшмэл Цогтбадамжав
Шүүх яамны эрхэлсэн түшмэл Дэндэв “ гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )