УИХ энэ долоо хоногт: Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулган энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэрээр өнөөдөр буюу даваа гарагт УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болох бол мягмар, лхагва гарагуудад ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг зарлан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх товтой байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд намын бүлгүүд болон Ерөнхийлөгчийн түвшинд ойлголцоод байгаа ба хуулийн төслийг зөвшилцлийн ажлын хэсэг болон холбогдох байнгын хорооны хуралдаануудаар хэлэлцээд байгаа юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх учиртай. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг тоймлон хүргэе. Баасан гарагийн 14.00 цагт зарласан хурал 16.30 цагт 62.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм.

УИХ-ын 2019 оны 72 дугаар тогтоолын дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж байгаа төсөлтэй уялдуулах, Зөвшилцлийн ажлын хэсгийн байгуулж, таван удаа хуралдаж, төслийн таван сэд­вийн хүрээнд улс төрийн намууд, иргэд, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг явуулаад байгаа. Эдгээр ажлын хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрөгч баасан гарагийн хуралдаанаар Зөвшилцлийн ажлын хэсэг, АН-ын зөвлөлийн санал болон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх 90 гаруй зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Тухайлбал, Парламентын ардчил­лыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийн хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу “Нам Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж, мөн төслийн “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж өөрчлөн найруулсан Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн эрх ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг гишүүдийн 91.7 хувь нь дэмжив. Харин төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу “Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах, бүрэн эрхтэй, түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн төслийн заалтыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй.

Байнгын хорооны хуралдаанаар төслийн 2 дугаар зүйл буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсгийн байгалийн баялгийг ашиглахдаа холбоотой асуудалд Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөл, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Даваасүрэн, Ч.Улаан, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нараас гаргасан зарчмын зөрүүтэй санал бүрийг нухацтай хэлэлцэж, гишүүд байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрд тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн. Гэхдээ уг асуудалд АН-ын зөвлөлийн саналыг тусгаж, “байгалийн баялгийн” гэснийг хасаж, “газрын хэвлийн баялгийн” гэж өөрчлөн Ажлын хэсгийн саналтай нэгтгэхийг дэмжээд байв. Гэсэн ч УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь төрийн нийтийн өмч мөн” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан хэдий ч УИХ-ын гишүүн Н.Энхболд,  уг асуудлыг “төрийн өмч” гэж томьёолохоор МАН-ын бүлгийн хуралдаанаар шийдсэн тул Байнгын хорооны хуралдаан дээр өөрчлөхөөр бусад гишүүдийн зүгээс асуудал гаргана. Иймд уг асуудлыг МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр түр хойшлуулах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжив.

Төслийн 2 дугаар зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 заалттай холбоотой Ажлын хэсэг, болон  УИХ-ын нэр бүхий гишүүдээс зарчмын зөрүүтэй  найман санал гаргасныг санал тус бүрээр нь хэлэлцсэн. Ингэхдээ “төрийн санхүү, зээл албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох бөгөөд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Төрийн санхүү,  төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн Ажлын хэсгийн саналыг  “Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр” гэснийг хасаж, “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох бөгөөд ингэхдээ төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэж АН-ын зөвлөлийн саналыг тусган өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн Ажлын хэсгийн саналаар төслийн 4 дүгээр зүйлд буюу Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаа” гэснийг “ерэн ес” гэж, төслийн мөн зүйлийн 21.2, 24.2, 40.1, 59.3, 60.2 дахь хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж, төслийн Хорин долоодугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тавиас доошгүй” гэснийг “далан таваас доошгүй” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйлийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс татах үндэслэл болно” гэж өөрчлөх Ажлын хэсэг болон АН-ын саналыг гишүүдийн олонх дэмжсэн юм.

Байнгын хорооны хуралдаан Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөл­тийн хүрээнд зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтаар үргэлжлэв. Тухайлбал, “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна” гэж өөрчлөн найруулахаар болсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 91,7 хувь нь  дэмжсэн бол Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн, “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг , нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн  зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр данган байгуулж болно. Дагнасан  шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж, мөн төслийн “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд  оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. 

Харин төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгоно; нэгийг Засгийн газар, хоёрыг Улсын Их Хурлын  холбогдох Байнгын хороо, хоёрыг мэргэжлийн холбооноос нээлттэйгээр нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилгооны сонсгол хийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, сонгох, томилох журмыг хуулиар тогтооно” гэж бүхэлд нь өөрчлөн найруулах асуудлыг Зөвшилцлийн ажлын хэсэг болон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх хүртэл түр хойшлуулахаар боллоо.

Түүнчлэн Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Үндсэн хуулийн Тавин долоодугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэж, төслийн 3 дугаар зүйлийг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэж, мөн төслийн 3 дугаар зүйлийн  “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэж тус тус өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top