Зэсийн үнэ олон улсын геополитикоос хамаарна

2019 оны 01 сарын 29

Манай экспортын үндсэн түүхий эд болох зэсийн ханшийн мэдээллийг хүргэе. Нэг тонн зэсийн үнэ 2018 оны нэгдүгээр улиралд дунджаар 7075 ам.доллар,  хоёрдугаар  улиралд 6747 ам.доллар байсан бол гуравдугаар улиралд 6151 ам.долларт хүрч буурав. Үнэ буурахад зарим судалгааны агентлагууд 2018 оны нийлүүлэлтийн төсөөллийг нэмэгдүүлсэн хэвээр, АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчилдөөн болон Хятадын эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэл бага гарч, эрчим хүч болон барилгын салбарт ашиглагддаг металлын орц он гараад 18 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Цаашид зэсийн эрэлт Хятадын өсөлт, макро бодлого, олон улсын геополитикоос хамаарна. Харин зэсийн нийлүүлэлтэд Чили дэх уурхайн ажилчдын хөдөлмөрийн гэрээ байгуулах хэлэлцээр эцэслэгдсэн, Перүд 2021 он гэхэд 18 шинэ уурхай үйл ажиллагаа явуулж эхлэх хүлээлт болон сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл ирэх хоёр жилд өсөх зэрэг хүчин зүйлс нөлөөлөхөөр байгаа аж.

 

Дэлхийн цэвэр зэсийн үйлдвэрлэлийн хэмжээ 2018 онд 21.5 сая тонноос 2020 онд 23.5 сая тонн хүрч нэмэгдэхээр байгаа нь дунд хугацаанд үнэ буурах хүлээлт бий болоход нөлөөлж байгаа ч,  агуулахууд дахь нөөцийн түвшин арванхоёрдугаар  сарын 18-ны байдлаар 122,000 тонн буюу 2008 оноос хойшхи хамгийн бага түвшинд хадгалагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top