Монгол улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ойн ажлын хүрээнд Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хэвлэлийн хурал хийлээ.
Ойн ажлын хүрээнд, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо, ХҮИС-тай хамтран арванхоёдугаар сарын 6-7-ны ѳдрүүдэд “ИХ ХҮРЭЭ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулахаар болжээ.
Хэвлэлийн хуралд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Байгальмаа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны зөвлөх, ХҮИС зөвлөх багш Д.Нарантуяа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Чулуунбаатар, Монголын Хүнсчдийн холбооны ахмадын зөвлөл Д.Вандан-Очир, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны хүндэт гишүүн Д.Лхагважав нар оролцлоо.
Хурал зохион байгуулагчдын зүгээс, худалдаа эрхлэгчдэд төрөөс хууль эрхзүйн тодорхой зохицуулалт хэрэгтэй байгааг дуулгаад, баяр ёслолын үеэр ам.долларын ханш өсөж байгаа нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд хүнд ачаа болдог талаар ярьж байв. Түүнчлэн жижиглэн худалдаа эрхлэгчдийн зүгээс санхүүгийн зээл тусламж хэрэгтэй байдаг боловч хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах боломж нөхцөл бага байдгаас үүдээд үйл ажиллагаагаа өргөжүүлж чаддаггүй байна. Хэрэв хөнгөлөлттэй зээлд хамрагдах эрхзүйн боломж нээгдвэл хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
“Их хүрээ” чуулган маргааш буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдөр МЖХЭХ-ны их хурлаар эхэлж, үдээс хойш 14:00 цагт Сүхбаатарын талбайд ойн баярт зориулсан Монгол Улсын есѳн дүүрэг хорин нэгэн аймгийн жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдийн төлөөлөл оролцсон баярын цуглаанаар үргэлжилнэ. Түүнчлэн энэ сарын 7-ны баасан гарагт үндэсний худалдаа эрхлэгчдийн “ИХ ХҮРЭЭ-2018” чуулганыг зохион байгуулахаар болжээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )